Ард олон арай өөрийг хүсч байна

Төр засаг гавьяатай хүнээ алдаршуулж, гай тарьсан хүнээ шийтгэж байх учиртай. Энэ нь төрийн үүрэг хэмээн нэгэн залуу дориун дуугарч.

Тэгвэл өнөөгийн төр засаг  гавьяатайгаа ч гайтайгаа ч ялгаж салгаж чадахгүй  болчхоод байгаа нь нууц биш. Ялгаж салгаж чадахгүй болсон шалтгаан нь хэтэвч, хөнжил нэгтэй  байгаа явдал. Арай зөөлрүүлж  хэлбэл  ааш зан, арга барил нь ижил, мартаж санадаг, нөхдийн цугларал болчхоод байгаа юм.  Үүнтэй санал нийлэх нь хавьгүй олон байх биз.

Гэхдээ сүүлийн үед МАН тувт балбуулж байсан бол энэ удаа АН-ын дарга С.Эрдэнийг тус намын шинэчлэлийн  хөдөлгөөний тэргүүн болон үзэл санаа нэгддэг хэдэн залуус ёстой л үнэн төрхийг нь илчлэн шүүмжилж  шударгаар зэмлэж байна.

АН-ын дарга  ирэх сонгуульд өрсөлдөх гишүүдээ 100 сая төгрөг өгөхийг  нууж хаах юмгүйгээр зарласан. Харин МАН-ын дарга мөнгө авахгүй гэж хэлсэн. Гэхдээ жингийн туухай дээр тавиад үзвэл энэ хоёр үг нэг их ялгаатай биш.

“АН 100 сая төгрөг авна гэж байгаа нь  сонгуулийн дараа албан тушаал  наймаалах асуудалдаа анхаарч буй нь энэ” гэж харж байгаа бол  МАН-ыг “Сонгуульд оролцох мөнгөө  ЖДҮ-гээсээ босгочхоод додигор байна” гэж харж байгаа.

Гэтэл АН-ын  дарга С.Эрдэнийн 100 сая асуудал дагуулах бололтой. Тэрхүү 100 сая нь одоогийн улс төрийн намын тухай хуулийн тавдугаар зүйлийг 5.1.3-т  заасан “Улс төрийн нам өөрийн гишүүнээ төрийн сонгуульд нэр дэвшихэд нь үндэс угсаа, боловсрол, гарал үүсэл, хөрөнгө чинээгээр нь ялгаварлахгүйгээр тэгш боломж олгоно” гэснийг зөрчсөн үйлдэл аж.

Харин мань Эрдэнэ баавай   бантсан уу яасан “Улс төр бол мөнгө” гэх болов. Тэгээд түүнийгээ  машин техник, хүмүүсийн цалин энэ тэрд зарцуулдаг юм байгаа биз дээ” гэх зэргээр  тайлбарлаж байгаа. Бас нөгөөтэйгүүр хулгайч  “Хулгайчийг бариарай” гэдэг шиг  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийгээ “Сонгуульд оролцох мөнгөө аль хэдийн босгочхоод ЖДҮ-чиддээ  хариуцлага тооцож чадахгүй байгаа юм” гэх ухааны юм ярьж  анхаарлыг тийш нь төвлөрүүлэхийг хичээж байгаа нь илт гэхэд ч болно.

Нам ард түмнээсээ холдох тусмаа л дэмжлэггүй болж, улс төрийн тавцангаас арчигддаг нь бичигдээгүй хуль. Намд олон ургальч үзэл байж гэмээнэ хөгждөг нь ч жам. Гэтэл Монгол Улсад байгаа намууд тухайлбал, МАН, АН, МАХН бүгд л  нэг хүний эрхшээлд байгаа нь нууц биш.Тэгэхлээр нам нь өөрчлөгдөж шинэчлэгдээгүй цагт  сонгууль өгөх хэрэг байна уу, гэх эсэргэн бодол төрөөд байгаа юм. Ард  олон та нарыг сонгомооргүй,  арай өөрийг хүсч байна шүү дээ.

Төстэй мэдээ