Нидерланд руу ачиж явсан 23 тонн кокаиныг илрүүлжээ

Герман, Бельгийн гаалийн байгууллагууд Нидерланд руу ачигдаж явсан 23 тонн гаруй кокаиныг илрүүлж, хураан авчээ. Ингэснээр хууль бусаар хил давуулан наймаалсан хамгийн их хэмжээний мансууруулах бодисыг илрүүлж буй хэрэг болж буй ажээ.

Германы албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ сарын эхээр Парагвайгаас Гамбург боомтод хүрч ирсэн таван ачааны чингэлгээс 16 тонныг илрүүлсэн гэжээ. Иймд Нидерландын цагдаагийн албанд мэдэгдэж, Бельгийн Антверпен боомтоос цааш хөдөлж явсан онгоцны чингэлгээс 7.2 тонныг нэмж хурааж авсан байна. Мансууруулах бодисыг ханын будгийн лаазанд хийж лацадсан байсан бөгөөд гадуур нь Панамын модон блокоор дүүргэсэн саванд нуусан байжээ.

Мөн ийм хэмжээний кокаин нь гудамжинд наймаалах үнээр тэрбум еврогийн үнэ хүрэх гэнэ. Түүнчлэн Нидерландын цагдаагийн газар хар тамхи зөөвөрлөсөн гэх хэрэгт сэжиглэж одоогоор 28 настай залууг баривчилж, хэргийг шалгаж байна гэв.

Парагвай бол олон жилийн турш хар тамхи дамжин өнгөрдөг гол улс юм. Хөрш Бразилаас хар тамхи, мансууруулах бодис наймаалдаг хүчирхэг бүлэглэлүүд, тухайлбал First Capital Command (PCC) нь Парагвайн хилээр тэлж, тэнд олон тооны хууль бус наймаа хийх үйл ажиллагаа явуулдаг байна. Ингэхдээ ихэвчлэн Европын боомт хотууд руу чингэлгээр ачдаг ба хууль бусаар нэвтрүүлж чадвал гудамжинд зарахдаа ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд янз бүрийн бодис нэмж, хувааж зардаг байна.

Гаалийн газраас гаргасан судалгаагаар өнгөрсөн жилийн хугацаанд Европ руу оруулхаар завдсан 102 орчим тонн кокаиныг хураан авсан байдаг байна.

Төстэй мэдээ