МАХН, МАН-тай нэгдвэл Н.Энхбаярын улстөрийн карьеар БАЯРТАЙ

МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын 100 жилийн ойгоор МАН-тай нэгдэх болсноо мэдэгдсэн. Тэрбээр нэгдэх болсон шалтгаанаа МАН-ын 100 жилийн ой МАХН-д ч хамаатай учраас энэ асуудал хөндөгдсөн  гэв. Хэрвээ үнэхээр МАХН, МАН-тай нийлбэл Н.Энхбаярын улстөрийн  карьер дуусна гэдгийг учир  мэдэх хүмүүс ч ярьж байгаа.

Үүнийг мань хүн өөрөө ч мэдэж байгаа. Гэвч өөрийнхөөс илүүтэй хүү Н.Батшугарынхаа улстөрд цааш явах зам мөрийг нь засах үүднээс МАН-тай нэгдэж байна гэж харвал илүү үнэнд ойрхон болно. Мэдээж Н.Энхбаяр МАН-тай яагаад нэгдэх болсон нарийн шалтгаанаа нэг бүрчлэн тайлбарлахгүй нь ойлгомжтой. Тэрбээр дотор хүнийнхээ бодлыг нуухын тулд МАН-ын 100 жилийн ойгоор халхавч хийж байгааг хашир улстөрчид андахгүй мэдэж буйг хэлэх нь илүүц биз.

Тэрбээр саяхан 25 дугаар телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо МАНАН-гийн эсрэг тэмцье, байгалийн баялгийг ард түмний өмч болгоё, Оюутолгойн гэрээг буруу байгууллаа гэдэг дээр бидний зам салсан. Гэтэл сүүлийн үед МАН-ын удирдлагууд Оюутолгойн гэрээ буруу байсан юм байна, Дубайн гэрээ бүр буруу, байгалийн баялаг чинь ард түмний өмч юм биш үү, МАНАН гэдэг үзэгдэл ямар аймаар үзэгдэл вэ гэж ярьж эхэлсэн. Ингэж бидний байр суурь, ярьдаг зүйл ойртож эхэлсэн. Дарга бол ирнэ, явна. Солигдоно. Тэгэхээр Н.Энхбаяр, У.Хүрэлсүх гэдэг хүмүүс намынхаа гишүүдээс асуух хэрэгтэй” гэх тайлбар өгсөн. Хэдийгээр Н.Энхбаяр МАН-тай нэгдэх эсэхийг өөрийн намын гишүүдээс асууна гэж гэсэн ч МАХН угаасаа нэг хүний мэдэлд бүрэн шилжсэн болохоор бүхнийг хүссэнээрээ хийнэ. Үүнийг  намынх нь гишүүд ч олонтаа мэдэгдэж байсан. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд маш олон хүн тус намаас гарч, гишүүнчлэлээ өөрчилсөн түүхтэй.

Ямартай ч МАН-ынхан Н.Энхбаяр гэдэг хүний нэгдэнэ гэсэн саналыг хүлээн авч МАХН-тай нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд орох нь бараг л тодорхой болчихсон гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, тэрбээр УИХ-ын Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуульд ямар ч өрсөлдөгчгүйгээр хүү Э.Батшугарыгаа нэр дэвшүүлэх тохироог аль хэдийн хийчихсэн. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хэд хэдэн хүнээ сайдын суудалд тухлуулахаар болсон гэх яриа ч газар авсан. МАХН анх удаа МАН-тай нэгдэх оролдлого хийгээгүй. Тухайлбал,  Н.Энхбаяр 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн МАН-тай нэгдэхээр болсон ч тэрбээр албан тушаалын квот дээрээ тохиролцож чадаагүйн улмаас нэгдээгүй. Тэгвэл энэ удаад сайтар ярьж тохиролцсоны эцэст хүү Э.Батшугарыгаа Сонгинохайханы нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, цаашлаад сайдын суудлын цөөнгүй квотыг авах тухайгаа амжилттай ярьж тохиролцсон учраас ийнхүү нэгдэх болжээ.

Эцэст нь МАХН, МАН-тай нэгдвэл Н.Энхбаярын улстөрийн карьер баяртай болно гэдэг нь гарцаагүй үнэн гэдгийг л хэлэх байна.

Төстэй мэдээ