Дуучин Леди Гагагийн нохой асрагчийг буудаж, нохдыг нь хулгайлжээ
Америкийн алдарт дуучин Леди Гагагийн нохой асрагчийг нь автомат гар буугаар буудаж гэмтээгээд, нохдыг нь хулгайлсан аймшигт хэрэг өнгөрсөн лхагва гарагт гарчээ.

Тодруулбал, Лос Анжелес хотод нэгэн этгээд нохой салхилуулан алхаж явсан хүнийг буудаж, франц бульдог үүлдрийн хоёр нохойг авч зугтаасан хэргийн талаарх дуудлага цагдаагийн газарт ирсэн бөгөөд хэргийг шалгахад нохдын эзэн нь алдартай дуучин бүсгүй байжээ.

Буудуулсан хохирогч эмнэлэгт хүргэгдэн, биеийн байдлын талаарх мэдээлэл нь одоогоор тодорхойгүй байгаа ба сэжигтнийг хайж байна гэж Лос Анжелесийн цагдаагийн газраас мэдээлэв. Азаар гурав дахь нохой Мисс Ази нь зугтаж яваад удалгүй цагдаа нарт олдсон байна.

Харин Кожи, Густав гэх нохдыг нь буцааж өгвөл 500.000 ам.долларын өндөр шагнал амлах болохыг Леди Гагагийн зүгээс мэдэгдсэн байна. Мөн энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл өгсөн хүн ч шагналтай бөгөөд [email protected] хаягаар мэдээлэл ирүүлж болох гэнэ.

Төстэй мэдээ