Санхүүгийн зохицуулах хороо нийт 31 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит долдугаар хуралдаан өнөөдөр болж нийт 31 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Коронавирус /Covid-19-/ын халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж хөл хорио тогтоосон ч салбартай холбоотой бодлого шийдвэрийг шуурхай тасалдалгүй гаргах, хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх зорилгоор Хороо ээлжит хуралдаануудыг цахим хэлбэрээр тогтмол хуралдуулж ажиллаж байна.   

Өнөөдрийн хуралдаанаар хоёр компанид хаалттай хүрээнд нэмж гаргаж буй энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр мөн үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. Түүнчлэн хоёр хуулийн этгээдэд банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн зээл болон гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор боллоо.  

Мөн найман хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар, таван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нэр бүхий нэг компани, дөрвөн иргэнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Үүний зэрэгцээ хоёр хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болон үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь сэргээхээр тус тус шийдвэрлэлээ.

Хуралдаанаар мөн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлох журам”-ыг хэлэлцэн баталлаа.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын мэргэжлийн нэгдсэн холбоо салбараа хөгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах саналыг Хороонд гаргасан. Үүний дагуу дээрх журмыг боловсруулсан бөгөөд ийнхүү батлагдсанаар нэгдсэн холбоо үйл ажиллагаагаа шуурхай явуулах, Хороотой холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлээр хамтран ажиллаж, зуучлалын байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах боломж бүрдэж байна.

Төстэй мэдээ