Монголдоо үйлдвэрлэсэн төрийн далбаатай байж л эх оронч үзэл илрэх биш үү
2 сарын өмнө
Ангилал: Нийгэм

Жил бүрийн 07 дугаар сарын 10 буюу өнөөдөр Төрийн далбааны өдөр тохиодог. Төрийн бэлгэдлийн нэг, тусгаар тогтнолын баталгаа болсон төрийн далбаагаа зөвхөн энэ өдөр дээдлээд орхих учиргүй. Харин эх орноо гэх сэтгэлтэй хүн бүр төрийн далбаагаа дээдэлж, зөв зохистой хэрэглэх, хамгийн гол нь эх орныхоо үйлдвэрийн далбааг худалдан авах ёстой юм.

Өнгөрсөн жилийн яг өдийд санагдана. АНУ-д Тусгаар тогтнолын өдрийнх нь өмнөхөн зөвхөн америк материалаар хийсэн төрийн далбааг худалдан авах шийдвэрийг Засгийн газраас гаргах санаачилга өрнөж байв. АНУ-ын хуулиар бол далбааны материалыг гадаадын орнууд, тэр дотроо Хятадаас худалдан авч болдог юм байна. Гэтэл татвар төлөгчдийн мөнгө энэ мэт асуудлаас бол Хятад руу урсаж  байгаад Америкийн ахмад дайчид дургүйцлээ илэрхийлжээ.

Америкийн Худалдааны яам, Хүн амын бүртгэлийн товчооны мэдээлснээр зөвхөн 2015 онд л гэхэд АНУ-ын төрийн далбааны импорт 4,4 сая ам.доллар болсон байна. Үүнээс 4 саяар нь Хятадаас далбаа авчээ.

АНУ Хятадад үйлдвэрлэсэн далбаа худалдан авч байгаад Америкийн төдийгүй Канадын хэвлэлүүд ч анхаарсан байна.  2016 оны 03 дугаар сард Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Цагаан ордонд албан ёсны хүлээн авалтад оролцох үед АНУ-ын төрийн далбааны ишин дээр “Хятадад үйлдвэрлэв” гэсэн тэмдэг харагдаж, улс орноор нь нүүрийг нь түлсэн гэдэг.

Харин Монгол Улсад энэ асуудал ямар байна вэ. АНУ-ынхаас нэг их дээрдэхгүй л болов уу гэж хардаж байна. Манай улс төрийн далбааны үйлдвэрлэл, худалдаагаар жилд хэдий хэмжээний мөнгө урсгадаг тухай тодорхой тоо баримт алга. Түүнчлэн хаана үйлдвэрлэдэг, аль орны ямар даавуугаар хийдэг гээд мэдээлэл ч тун цөөн.

Хэдэн жилийн өмнө соёмбо, бэлгэдлийг нь буруу хэвлэсэн, алдаатай төрийн далбаа энд тэндгүй худалдаалдаг байлаа. Үүнийг ч анзааралгүй, наадамчид зүүж, зоож болох бүхий л газартаа зүүж, автомашинаа гангараан давхидаг байв. 2013 оны наадмын үеэр цагдаагийн байгууллага стандартын шаардлага хангаагүй, хуурамч төрийн далбаа 4000 гаруй ширхгийг хураасан гэдэг. Тэр дунд төрийн далбааны соёмбыг буруу харуулж зурсан, галын дөлийг нь өөрчилсөн, оронд нь цэцэг зурсан зэрэг дутагдлууд илэрсэн. Энэ нь өнөөх л ганзагын наймаачдын Эрээн хотоос бөөндөж авчирдаг далбаа болж таарсан.

Тэр үеийг бодвол далбаа энд тэндгүй зарж, хүмүүс машиндаа зоогоод дэрвүүлэн явах нь харьцангуй цөөрсөн үү гэмээр харагдаж байна. Гэхдээ аливааг хэтрүүлэн хэд гурваар нь машиндаа зүүгээд салхи татуулан хотын гудамжаар давхих унаанууд байсаар л байна.

Далбааны ханшаас сонирхуулбал том жижгээсээ хамаараад 1000-25000 төгрөгийн ханштай байна. Гэхдээ хаанахын даавуугаар, аль улсад үйлдвэрлэсэн далбаа хэрэглэж байгаа вэ гээд судлаад үзвэл бас л урд хөршөөс импортолсон хэвээр байна.

Уг эх оронч, үндэсний үзлийг илэрхийлэх төрийн далбаагаа урд хөршөөс авч ирж, Хятадад хөрөнгө оруулалгүй, өөрсдийнхөө даавуугаар монгол үйлчид урласан төрийн далбаагаараа гангарах юм сан даа. Эндээс л жинхэнэ эх оронч, үндэсний үзэл илэрдэг билээ.

Нийгэм
2 сарын өмнө
Нийтлэлч:
Д.Мөнх
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ