Э.Гэрэлт-Од: Намууд үзэл сурталд тулгуурласан үнэт зүйл олборлох үүргээ хэрэгжүүлсэнгүй
7 өдрийн өмнө
Ангилал: Ярилцлагын булан

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор МУБИС-ийн багш, судлаач, доктор /Ph.D/  Э.Гэрэлт-Одыг  урилаа.

 

ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХҮЙЦ  УЛС ТӨРИЙН ИНСТИТУЦИ БОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

-Өнгөрсөн 28 жилийн хугацаанд улс төрийн намыг засгийн эрхийн төлөө эвлэлдэн нэгдсэн бүлэг хүмүүс гэж ойлгож байснаас нийгмийн өмнө хариуцлага хүлээж, нийтийн өмнөөс шийд­вэр гаргадаг дотоод ардчилал­тай институци байх ёстой гэж боддоггүй байсан. 

БЛИЦ 

Эрдэнэбилэгийн ГЭРЭЛТ-ОД 

-Улс төрийн ухааны доктор 

-2000-2010 МУБИС Нийгмийн ухааны тэнхим багш ö2010-2013 Монгол дахь НҮБХХ-ийн Сонгуулийн төслийн менежер

-2013 оноос МУБИС Нийгмийн ухааны тэнхимийн багш 

Тэр ч утгаараа өнөөдөр  намууд улс орны хөгжлийг дэмжихүйц  улс төрийн институци болж төлөвшиж чадахгүй байна. Дотоод ардчилалгүй намууд төрд гарч иргэдийн өмнөөс шийдвэр гаргахдаа  эрүүл, шударга, үнэ цэнэтэй байж чадахгүй байгаагаас “дотроо” зодолдож байна. Хүмүүс улс төрийн намуудаас залхаж байна. Хууль эрхзүйн дорвитой шинэчлэл хийхгүй, энэ янзаараа 2020 оны сонгуульд орвол сайн үр дагавар гарахгүй. Үнэ цэнэ, бодлого, гишүүдийн оролцоогүй намуудын зодоон л үргэлжилнэ.

Сүүлийн арваад жилд намуудын дотоод ардчилал, санхүүжилт эрхзүйн орчны талаар нэлээдгүй судалгаа хийсэн ч энэ чиглэлийн дорвитой өөрчлөлт хийхгүй бол хөгжлийн том саад болж байгаа нь харагдаж байна.  Өөрөөр хэлбэл,  намуудыг илүү нээлттэй, хариуцлагатай, дотоод ардчилалтай байхыг шаардаж байна. Хэдийгээр нам олон нийтийн байгууллага ч гэсэн нөгөө талдаа иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж төрд очиж баялаг хуваарилдаг өвөрмөц институци учраас дотоод ардчилалтай, хариуцлагатай байх нь гишүүдийн гэхээс гадна иргэн болгоны анхаарах ёстой  зүйл юм.

Одоогийн улс төрийн нөхцөл байдал тулгамдаж буй асуудлыг зөвөөр харж залруулаад явах боломжийг олгож магадгүй. Улс төрчид, намууд гоё бодлого ярьж ирсэн ч түүнийгээ хэрэгжүүлэх санаачлага гаргах, манлайлах ямар ч идэвх оролцоогүй явж ирлээ. Иргэд ч асууж тодруулдаггүй байлаа. Өнгөрсөн хугацаанд улс төрийн нам гэдэг байгууллага үзэл суртал дээрээ тулгуурлаад үнэт зүйлийг олборлодог уурхай байх үүрэг, зарчмаа хэрэгжүүлж чадсангүй. Аль ч улс төрийн нам, хэн ч хийсэнгүй. Өөрсдийгөө баруун, зүүн төвийнх гэж нэрлэдэг ч бодлогын концепциос эхлээд улс төрчид нь Их хуралд сонгогдоод намын бодлогоос эсрэг ярих юм бол мандатаа хэрхэн хадгалж үлдэх, хариуцлагагүй дураараа “тоглогчдыг” хэрхэн чөдөрлөх ёстойг бодох ёстой. Дэлхийн улс орнуудад улс төрийн намууд нэр дэвших мандат өгөхдөө “Хэрэв чи ялалт байгуулах юм бол зөвхөн энэ бодлогыг л ярина. Өөр бодлого ярих юм бол мандатаа хураана, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, намаас хөөнө, шийдвэр гаргах төвшинд оролцуулахгүй, сахилга хариуцлага тооцож сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэх эрх нь хадгалагдаж байдаг. Гэтэл манайд ийм эрх үүргийг өнгөрсөн хугацаанд бодож, хэрэгжүүлсэнгүй.

1990 оноос өмнө нам төвтэй төр байгаад түүнээс хойш төр төвтэй төр болж намыг төрийн дээрээс авч хаялаа гэж ярьж байсан. Бодит амьдрал дээр бидний сонгосон Бүгд найрамдах засаглал улс төрийн намуудаар дамжиж явдгийг  төдийлөн ойшоож үзэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Улс төрийн намууд бодлого импортолж чадахгүй, үнэт зүйлгүй байгаагаас өнөөдөр яаж хагарч байгааг харж байна. Намд хувь хүн, бүлэг хоорондын талцал явагдаж байгаагаас биш ямар ч үнэ цэнэтэй маргаан алга. Тиймээс өнөөгийнх шиг үеэ өнгөрөөсөн улс төрийн намуудтай цааш явахгүй. Намуудыг шинэч­лэхгүйгээр ирээдүйгээ тодорхойлох тун хэцүү.

 

ЧАДАВХИГҮЙ НАМУУДААС БҮРДСЭН ПАРЛАМЕНТ ЗАСАГЛАЛЫГ ХӨНДӨХ ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙНА

 

-Намуудыг хариуцлагатай, дотоод ардчилалтай, үнэт зүйлтэй, Үндсэн хуулийн эсрэг үзэл санаа ярьдаггүй, Үндсэн хуулиа сахин хамгаалдаг, ялгаатай байдлаар өрсөлддөг болгохын тулд Улс төрийн намын тухай хуулийг яаралтай өөрчлөх ёстой. 1990 оны Улс төрийн намын тухай хууль бол шилжилтийн үеийн, 2005 онд шинэчлэн найруулсан хууль ч орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг бүхэлд нь хангаж чадахгүй байна. 2010 оноос хойш Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх ёстой гэж ярьж байна. Харамсалтай нь ямар ч ахиц алга. Хууль муу байж болно. Хамгийн гол нь намууд хуулиа дагаж мөрддөг байх ёстой. Гэтэл  хуулиа дагаж мөрддөг соёл намуудад алга.

Улс төрийн намууд төлөвшөөгүй, чадавхигүй, мөнгөтэй нэгний карьер хөөдөг хэрэгсэл болсон учраас олон нийт дургүйцэх нь ойлгомжтой. Үүний үр дүнд парламент ямар ч чадавхигүй болж харагдаж байна. Чадавхигүй намуудаас бүрдсэн парламент засаглалыг хөндөх эрсдэлд оруулж байгаа нь үнэндээ улс төрийн намууд арчаагүй байгаагийн шинж. Бодлогогүй намуудын бодлогогүй улс төрчдөөс болж засаглалын асуудал хөндөгдөж, парламентын засаглалаас татгалзах санал гарч байгаа нь харамсалтай. Зарчмын хувьд парламентын засаглалаас татгалзах ойлголт байхгүй. Ийм зүйл ярьж байгаа улс төрийн намууд, улс төрчид Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа мэдэхгүй байна, мэдсээр атал зөрчиж байна. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтаж байгаа гурван гишүүний нэг нь  аюулгүй байдлын үзэл баримтлалд багтдаг парламентын засаглалыг бэхжүүлж, цаашид хөгжүүлэх тухай л ярих үүрэгтэй.

Намын санхүүжилтийн эрхзүйн орчныг сайжруулья гэж олон жил ярьж байгаа ч  намууд өөрсдөө хүсэл зориг гаргадаггүй. Хамгийн сүүлд буюу харьцангуй сайн боловсруулсан хуулийн төсөл 2016 онд өргөн баригдсан ч  сөхөж ч харахгүйгээр буцаасан. Одоогийн УИХ дахь улс төрийн намын хуулийг шинэчлэх ажлын хэсэг  үзэл баримтлалаа ч батлаагүй байгаа. Хаврын чуулганаас хойш намын тухай хуулийг хэлэлцэх талаар ярьсан ч гарт баригдах хуулийн төсөл алга. Судлаачдын хувьд саналуудаа цэгцлээд ажиллаж байна. Концепци нь батлагдаагүй байхад цааш явах эсэх нь эргэлзээтэй.

 

ХЭДЭН ХҮН НАМ БОЛЖ ЖҮЖИГЛЭЖ БАЙГААГААС БИШ БОДЛОГЫГ НЬ БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛ ТОДОРХОЙЛЖ БАЙНА

 

-Улс төрийн намууд үүргээ гүйцэтгэхгүй байна. Хамгийн нэгдүгээрт төр иргэн хоёрыг зуучлах, иргэдийн хүсэл зоригийг төрд дамжуулах, төрийн бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх үүрэгтэй. Дараа нь ирээдүйн улстөрчдийг бэлтгэх, сургаж боловсруулах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр энэ үүргийг аль ч нам гүйцэтгэсэнгүй. Ирээдүйн боловсон хүчин, улс төрийн карьер, мандат, нэр дэвшүүлэх болон томилж буй бүх суудлаа мөнгөөр шийдвэрлэж байна.

Мөн иргэний улс төрийн боловсролыг дэмжсэн олон тал үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл төрийн шийдвэр гаргах түвшинд хэрхэн очих вэ гэж бодож байгаагаас биш сонгодог утгаараа байдаг намын үүргүүдийг гүйцэтгэхгүй байна. Улс төрийн намуудад легитим шинж байхгүй байгаа учраас улс төрийн намын нэр хүнд шалдаа унахаас яахав.

Мөн намууд шинэчлэгдэж чадаагүй. Сонгуульд ялсан, ялагдсан намууд дотоод зовлонгоо шийдэх арга нь шинэчлэл боллоо. Тэд хувийн эрх ашиг, бүлэглэлийн сонирхлын төлөө шинэчлэл гэдэг үгийг ашиглаж байгаагаас биш институцийн хөгжлийг хэрхэн хангах, эрх үүргээ хэрэгжүүлэх, улс орны хөгжилд яаж хувь нэмрээ оруулах вэ гэдэгт санаа зовохгүй, оролцохгүй байна. Уг нь улс төрийн намд шинэчлэл тасралтгүй үргэлжилж байх ёстой. Нийгмийн эрэлт хэрэгцээ, хүсэл зорилго, үнэт зүйлийг байнга үйлдвэрлэж чиглүүлж, төлөвшүүлж байх үүрэгтэй учраас улс төрийн намууд “амьд” байх ёстой юм.

Намуудын зардлыг паразитууд өсгөж байна. Бэлэн мөнгө горьдсон иргэд, намын гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллага, парламентын дотор болон гадна байгаа жижиг намуудаас болж зардал өсч байна. Намуудад ямар нэг аргаар ялалт байгуулах нь чухал байгаагаас биш ил тод, хариуцлагатай байдал хөрсөн дээр бууж өгөхгүй байна. Судалгааны байгууллагууд намуудын санхүүжилтийн ил тод байдлыг судлахаар бүгд л ил тод байх, дотоод ардчилал, шилэн байх ёстой гэдэг ч үнэндээ ялалт байгуулахыг чухалчилж байна. Ийм дүгнэлттэй байгаа намуудын өрсөлдөөнийг эрүүл болно гэж төсөөлөх аргагүй. Улс төрийн намууд бүгд бизнесийн байгууллагыг халаасалчихсан. Мөнгөтэй хүнд үйлчилж байна.

Улс төр бол нийгмийн сайн сайхны төлөө бодлого, үнэт зүйл, үзэл баримтлалаараа өрсөлдөж байх учиртай маргаан, мэтгэлцээн юм. Үүний төлөө тийм их мөнгө зарцуулах шаардлагагүй. Тиймээс хамгийн эхэнд зардал өсгөөд байгаад паразитуудыг цэвэрлэх ёстой. Санал худалдаж авдаг ил, далд тогтолцоог цэвэрлэх хэрэгтэй. Улс төрийн намууд бизнесийн бүлэглэлд эзлэгдчихсэн. Наана нь хэдэн хүн нам болж жүжиг тоглож байгаагаас биш  бодлогыг нь бизнесийн бүлэглэл  л тодорхойлж байна. Ийм маягаар цааш явахгүй.

Намууд сонгуулиар жирийн сонгогчоос гадна гишүүдийнхээ саналыг хүртэл худалдаж авч байна. Санал худалдаж авсныг нь мэдээлээд шүүх цагдаагаар нотлогдох юм бол 10-20 дахин нэмэгдүүлж өгөх хуультай. Гэтэл 2016, 2017 оны сонгууль хавтгай мөнгөн тараалт явагдсан ч хэн ч шүүх цагдаад гомдол гаргаагүй. Энэ талаар шийдвэрлэгдсэн кэйс алга. Нийтээрээ яаж мөнгө олох вэ гэхээс эрүүл болгоё гэж бодохгүй байна.

 

НАМУУДЫН ИХ МӨНГӨНИЙ ӨРСӨЛДӨӨН ДУНД ЗАЛУУЧУУД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ХҮСЭЛ ЗОРИГ, ИДЭВХИ АРЧИГДАЖ БАЙНА

 

– Дэнчин гэдэг түрүүлж байршуулсан урьдчилгаа мөнгө шүү дээ. Тиймээс намд  дэнчин гэсэн ойлголт байх ёсгүй. Харин сонгуульд нэр дэвшигчээс дэнчин авдаг тогтолцоо зарим улс оронд бий. Сонгогчийн дэмжлэгийг авч чадахгүй бол дэнчинг нь буцааж олгодоггүй.

Намуудын мөнгөтэй хүнд суудал зардаг тогтолцооноос болж шударга өрсөлдөөн гэж байхгүй боллоо. Улс төрийн намуудын их мөнгөний өрсөлдөөн дунд залуучууд, эмэгтэйчүүд үрэгдэж, тэдний улс төрийн хүсэл зориг, идэвхи арчигдаж байна. Үндсэн хуульд эвлэлдэн нэгдэж нам байгуулж болно гэж зааснаас биш намын үүргийг нь заагаагүй. Одоо бол намуудыг үүрэгжүүлэх асуудал Үндсэн хуулийн өөрчлөлтөд  орж байгаа нь сайн зүйл. Үүний дараа Сонгууль, Улс төрийн намын хуулийг өөрчлөхдөө намын бүртгэл, санхүүжилт, хариуцлагыг хөндөх ёстой. Нам байгуулах нь хүний эрх ч дуртай нь сонгуульд өрсөлддөг байж болохгүй. Бодлогоо энэ чиглэл рүү өөрчлөх ёстой.

Мөн сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой. Өнөөдрийн олигархиудад базагдаад байгаа нь улс төр мажоритор тогтолцооны сул тал. Мажоритор тогтолцоо улс орнуудыг тарамдуулдаг, төсвийн нэгдсэн бодлогыг үгүй хийж улс орны хөгжлийг хойш нь татдагийг хангалттай мэддэг, ойлгодог хэрнээ шинэчлэл хийж чадахгүй байна. Улстөрчид нь дунджаар 15 мянган сонгогчийн санал аваад л ялчихна гэж тооцож байна. Намын жагсаалтад пропорцианаль элементийг бий болгож жагсаалтаар гарч ирнэ гэдэг ойлголт улс төрийн намуудад их хүнд байна. Цэвэр бодлого, үндэсний хэмжээний лидерүүдийг төлөвшүүлэх тухай асуудал алга.

Цаашид намын хандивын асуудлыг ярих цаг нь болсон. Хандивыг зөвшөөрөх үү, хагас зөвшөөрөх үү, эсвэл хориглох уу гэдэг асуудал. Өнөөдөр бид хандивын хязгаар байгаа болохоос хэн өгч болох, болохгүй тухай ярьж чадахгүй байна. Зарим улс орнууд уул уурхай юмуу, эсвэл монополь компаниудаас хандив авахыг хориглодог. Хориглоогүй ч ил тод байдлыг шаардаж байгаа улс орнууд ч байна. Аль нь манайд тохиромжтой эсэхийг судалж шийдвэрлэх ёстой.

Манай улс төрийн намууд их хэмжээний хандив авч далд хэлбэрийн санхүүжилтийг хүсээд байгаа болохоос иргэдтэй ажиллаж, гишүүдээс татвар цуглуулж, ил тод шударгаар зарцуулах гэж оролдохыг хүсдэггүй. Намууд дээр очоод судалгаа авахад хандивлагчид нэрээ зарлуулахгүй байхыг хүсдэг тухай ярьж байна.

Мөн намуудад төсвөөс олгох хэсэгчилсэн санхүүжилтийг яаж өгөх вэ, яаж хянах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Одоо бол сонгуулийн хүчинтэй санал тутмыг 1000 төгрөгөөр, парламентад суудал авах юм бол жилдээ 10 сая төгрөгөөр тооцож санхүүжүүлж байна. Цаашид улс төрийн намын санхүүжилтийг илүү сонгуулийн дэмжлэгт нь тулгуурлаад, сонгуулиар авсан саналд 1 эсхүл 1.5 хувийн квот тавих, санал бүрийг тооцож, жил бүр санхүүжүүлэх нь оновчтой байх. Гэтэл одоогийн суудлаар олгодог мөнгө намуудад улам давуу байдлыг үүсгэж байна.

Намуудыг төсвөөс дэмжсэнийхээ төлөө татвар төлөгчдийн болон хандивлагчдын мөнгийг сохор зоос ч үлдээхгүйгээр орлого, зарлагыг тайлаг­надаг “шилэн” тогтолцоог бий болгох хэрэгтэй.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Ярилцлагын булан
7 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ