Албан тушаалд донтогч залуусын цаад зорилго юу вэ?
4 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

Улс төрийн бүхий л нам дотроо фракцлан, хөнжилдөө хөлөө жийлцдэг хэдий ч энэ удаа хөнжил дотрох зодоон нь савнаасаа халчихлаа. Аль ч нам, аль ч бүлэглэлийн улстөрчдөөс асуухаар “манайд тийм бүлэг фракц гэж байхгүй. Бүх зүйл дотоод ардчиллын хүрээнд шийдэгддэг. Гол нь бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ” хэмээн тодотгох нь бий. Тэр ч бүү хэл хамгийн олон бүлэг фракцид хуваагдах АН-ын үе үеийн дарга нар “Манайх одоо фракцигүй нам болсон” хэмээн ярьдаг ч бодит байдал дээр худлаа гэдгийг бид харсан. Улс төрчид бүхий л зүйл дээр худлаа хэлж, үлгэрт итгүүлэхийг оролддог болохыг өнөөдөрийн улс төрийн үйл явдал, өнгө аяс бэлхэнээ харуулаад өглөө.

Хамгийн сүүлийн жишээ л гэхэд өнгөрсөн долоо хоногт АН-ын дарга С.Эрдэнэ "Манай намын гишүүд нэгдсэн нэг байр суурьтай байгаа" хэмээн ярьж байсан ч нэр бүхий гишүүд намын эсрэг байр сууринд зогсож фракцаа илчлэв. Мөн тэрбээр АН-ын даргаар сонгогдсон даруйдаа "Манай нам фракцгүй нам боллоо" хэмээн зарлаж байв. АН бол бизнесмэн ихтэй нам тиймээс С.Эрдэнийн гарыг харж сууна гэдэг ёстой "лөөлэй" байлгүй дээ. Яг үнэндээ нам бүлэг фракцгүй байж яаж ардчилсан байх юм бэ.

Улс төрийн хүчин бүлэг фракцийн зөрчил маргаан, өрсөлдөөн дээр тогтдог бичигдээгүй хуультай. Оршин тогтнох цор ганцхан үндэс нь энэ гээд хэлчихэд хэтийдсэн хэрэг болохгүй. Ямар социализмын үед үйл ажиллагаа явуулж байгаа ганц намын системтэй улс орон биш, юу гэж бүлэг фракцгүй нам байхав дээ. Гэтэл “Бид ардчилсан хүрээнд асуудлаа шийддэг. Хамгийн гол нь ардчилсан нийгэмд амьдарч байна шүү” хэмээн тодотгох нь бүр ч утгагүй. Эндээс утгын том алдаа харагдана. Үнэхээр л нам нь бүлэг фракцгүй юм бол яагаад ч ардчилал гэж байхгүй гэсэн үг. Хэрвээ энэ нам дотоод ардчилал, ардчилсан нийгмийн зарчмаар асуудлаа шийддэг бол энэ намд бүлэг фракц байна гэсэн үг.

МАХН ч гэсэн фракцтай болоод л О.Баасанхүү намыг хоёр хуваан Их хурал хийлгэж байна, эргээд О.Баасанхүүгээ намаас хөөж байгаа нь бүлэг фракц хоорондын л мөргөлдөөн биз дээ. Гуравдагчдын орон зайд тодроод буй энэ улс төрийн хүчинд ямартай ч хоёр бүлэглэл байгааг зөвхөн үүнээс харж болно. Үүнээс гадна МАН-д гомдогсодын, анхнаасаа Н.Энхбаярыг дагагсадын гээд бүлэглэл ч дотроо хоёр хуваагдана. Сонгууль дөхөхөөр дөрөв, тав ч болохыг үгүйсгэхгүй. Мөн МАН фракцтай болоод л 33, 32-оороо хуваагдаад өдгөө ч галаа намдааж чадаагүй байгаа биз дээ. Сайдын суудал амсуулсан учраа мэдэхгүй залуусынх нь уур бухимдал өнөөдрийг хүртэл гараагүй, өөрсдийнхөө ч, намынхаа ч нэр нүүрийг сонгогчдын дунд барсаар явааг нуух юун.

Энэ улс төрийн хүчинд эртнээс л “Хотын”, “Элсний 13” гэх мэт бүлэглэлүүд байсаар ирсэн түүхтэй. Энэ олон бүлэг, фракцууд албан тушаал эрх мэдэл нь таалагдахгүй учраас ямар нэгэн акц зохион байгуулж Шударга ёс нэрийн дор төрийн ажлыг олон удаа гацааж бокойтлож байгааг бид харсан. Тэгвэл энэхүү хийрхүү залуус үнэхээр улс эх орныхоо төлөө юу гэвэл үгүй шүү дээ. Өнөөдөр хийрхээд байгаа, бокойтлоод байгаа залуусын ах дүү, амраг садан, найз нөхөд, нууц амрагууд нь гээд бүгд төрийн өндөр албан тушаал хийгээд газар хэлтсийн дарга нар болсон гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы танхимаас мэдэгдсэн. Иймийн учраас л албан тушаалд донтогч залуусын бүлэглэл илүү их том эрх мэдлийг гартаа оруулах гэж улайрч буй учраас энэ улсад шударга ёс үнэт зүйл гэж байхгүй болсон нь гарцаагүй үнэн.

Улс төр
4 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ