Шинэ жилийн баяр тэмдэглэж байгаад нэг нэгээрээ осгосоор байх уу
3 сарын өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Жавартай хүйтэн өвлийн энэ өдрүүдэд албан байгууллага, сургууль цэцэрлэггүй шинэ жилийн баяраа тэмдэглэж, орой бүр л энд тэндгүй шоу цэнгээн үргэлжилж байна. 

Улс орон нь ядуу зүдүү, утаа униартаа дийлдэн байж юундаа ч баясан цэнгэнэ вэ хэмээн баяр наадмыг шүүмжлэгчид олон бий. Дандаа л уруу доройгоо бодож, унжгар царайлан баяр наадамгүй саарал өдрүүдийг өнгөрөөнө ч гэж юу байх вэ. Хамгийн гол нь жавар тачигнасан энэ өдрүүдэд өөрсдийгөө мэдэж, биеэ хянах чадвартайгаар баярлан цэнгэх нь чухал юм. 

Хэдэн жилийн өмнөх шинэ жил. Байгууллагынхаа тэргүүний ажилтан болсон 34 настай нэгэн бүсгүй  шинэ жилийн үдэшлэгээ тараад харих замдаа осгож нас баржээ. Оны шилдэг ажилтан болсон учраас уух ёстой хэмээн хамт олон нь хөгжөөж, хүн бүр л архиар нэг л мэдэхэд гэртээ ч харих тэнхэлгүй болсон аж. Баярын арга хэмжээ дуусах үед түүнийг хүргэж өгөх тэнхэлтэй нөхөд тэр дунд байсангүй. Ингээд л өндөр өсгийтэй туфль, шилэн трико, үдэшлэгийн даашинзныхаа гадуур өвлийн куртикээ өмсөөд, цахилгааныг нь ч татаж чадалгүй, баярын бичиг, дурсгалын сувинерээ барин гадаа осгожээ. 

2013 онд ч Баянзүрх дүүргийн XII хороонд дээрхтэй адил харамсалтай хэрэг гарсан. Байгууллагын шилдгүүдийн нэг болсон бас нэгэн эрхэм эхнэр нь төрж, хүүтэй болсон, дээрээс нь байгууллагын шилдэг болсон тул баярлаад нэлээд татжээ. Ингээд согтсон ч ар гэр рүүгээ яарсан тэрбээр харамсалтай нь амьдардаг байрныхаа орцны хажууханд осгож амиа алдсан байсныг жижүүр нь олж, цагдаагийн байгууллагад хандсан байна. Тэрбээр Шилдэг ажилтны өргөмжлөлөө энгэртээ тэвэрсэн байсан бөгөөд дан өмд, зуны ботинктой байжээ.

Ийм явдал жил бүрийн шинэ жилээр ёс юм шиг гарсаар олон сайхан залуус маань биднийг орхисоор байна. 

Баярлаж цэнгэж бололгүй яах вэ. Гол нь ууж идэхээ зохицуулан, ухаантай үедээ гэртээ харих, болохгүй бол ууж тасрахаасаа өмнө өөрийгөө дотны анд найзууддаа даатгахгүй бол хөл, хуруу гараа хөлдөөх, цаашлаад амиа алдах гээд эрсдэл байгааг анзаарахгүй орхиж болохгүй.  

Эрэн сурвалжлах
3 сарын өмнө
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ