Н.Хүдэрчулуун: Шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө 4.2 хувь байсан хүүгийн түвшин өнөөдөр 3.3 хувь болж буурсан
2 сарын өмнө
Ангилал: Ярилцлагын булан

2016 онд Санхүүгийн зохицуулах хороо (СЗХБанк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хэрэгжилтийн байдал, үр дүнгийн талаар тус Хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуунтай ярилцлаа. 

-Сүүлийн үед ББСБ-уудын талаарх сэдэв олон нийтийн сонирхлыг ихээхэн татах болсон байна. Энэ салбарын өнөөгийн байдал, зах зээлд эзлэх хувь хэмжээ ямар байгаа тухай яриагаар ярилцлагаа эхэлье.

-Санхүүгийн зах зээл дээр нийт 540 банк бус санхүүгийн байгууллага Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.Банк бус санхүүгийн байгууллагууд нь хуулийн дагуу нийт 10 төрлийн үйл ажиллагааг эрхлэх боломжтой ба нийт байгууллагуудын 90 гаруй хувь нь зээлийн үйлчилгээг дагнан болон бусад үйлчилгээтэй хавсран эрхэлж байна.  Банкны салбартай харьцуулахад ББСБ-уудын эдийн засагт эзлэх хувь хэмжээ бага байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд салбарын хэмжээ болон зах зээлд нийлүүлж буй зээлийн бүтээгдэхүүний хэмжээ тасралтгүй өсөж байна. Тухайлбал, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өсөж 1.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өөрөө ДНБ-ий 4.2 хувь, банкны салбарын нийт хөрөнгийн 3.9 хувьтай тэнцэж байгаа юм. Харин салбарын нийт зээлийн үлдэгдэл 37 хувиар өсөж, 811.6 тэрбум төгрөгт хүрсэн нь банкны салбартай харьцуулахад 4.8 хувь байна. ББСБ-уудын олгож буй зээлийн хэмжээ нь банкны салбартай харьцуулахад маш бага байгаа ч банкны үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй иргэдэд бага дүнтэй зээлийг богино хугацаатайгаар олгодгоороо онцлогтой. 2018 оны 3 дугаар улирлын байдлаар нийт зээлийн үлдэгдлийн 70 гаруй хувийг нэг жилээс бага хугацаатай олгосон зээл, 84 хувийг иргэдэд олгосон зээл бүрдүүлж байна.

-СЗХ-ноос ББСБ-уудын дүрмийн санг нэмэгдүүлэхээр шийдвэрлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ шийдвэрийг гаргах шаардлага, үндэслэл юу байсан бэ?

-СЗХ олон талын судалгаа болон баримтан дээр үндэслэн энэ шийдвэрийг гаргасан. Тухайн үед эдийн засгийн өсөлт удааширсан, түүнийгээ дагаад арилжааны банкуудын зээлийн нийлүүлэлт хумигдсан шинжтэй байсан. 2011-2013 онуудад 50 орчим хувийн өсөлттэй байсан банкны салбарын зээлийн нийлүүлэлт 2015 оны хоёрдугаар улирлаас эхлэн буурч эхэлсэн. Тухайлбал, банкны салбарын нийт зээлийн хэмжээ 2015 онд дунджаар -1.8 хувь, 2016 онд 1.9 хувийн өсөлттэй байсан. Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн энэ нөхцөл байдлаас шалтгаалан иргэд, аж ахуй нэгжийн зээлийн эрэлт өсөж эхэлсэн. Үүнийг дагаад зээлийн хүү өссөн, улмаар салбарын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн зэрэг сөрөг үр дагаврууд зах зээлд бий болоод байсан. Мөн тухайн үед банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой этгээдүүдийн тоо хурдацтай нэмэгдэж байсан. 2014-2016 оны хооронд ББСБ-уудын тоо хоёр дахин огцом нэмэгдсэн. Ингэснээр зээлийн зах зээлийн тэлэлт тодорхой хэмжээнд явагдсан боловч салбарт өргөжилтийн үр өгөөж төдийлөн бий болоогүй. Түүнчлэн санхүүгийн зах зээлд оролцогчдын үйл ажиллагаа өөрөө хэрэглэгчдийн итгэл дээр суурилан явагддаг учраас салбарын мэргэжлийн оролцогчид болох ББСБ-ууд нь хариуцлага даах чадвартай, үйл ажиллагаа нь тогтвортой, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байх зайлшгүй шаардлагатай байдаг.

Мөн сүүлийн жилүүдэд санхүүгийн зах зээлд технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд хурдацтай нэвтэрч, уламжлалт зах зээлийг нэлээд эвдэж байна.  Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нь санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ үзүүлэх хугацааг бууруулах зэрэг олон давуу тал, үр ашгийг бий болгож байна. Одоогийн байдлаар СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд хоёр ч ББСБ технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байгаа бөгөөд салбарын нийт зээлдэгчдийн 40 гаруй хувь нь гар утсанд суурилсан зээлийн үйлчилгээг ашиглаж байна. Цаашид ч санхүүгийн зах зээлд финтекийн үйлчилгээнүүд улам хурдтай нэвтрэх, зах зээл өөрөө технологид суурилан ажиллах хандлагатай байна. Ер нь энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нь ББСБ-уудад харилцагчид болон өөрсөддөө бага зардлаар, үр ашигтайгаар бүтээгдэхүүн хүргэх, цаашлаад арилжааны банкуудтай өрсөлдөхүйц хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг том боломжуудыг олгож байна. Мэдээж эдгээр технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэхэд нөгөө л хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь том хөшүүрэг болж байдаг.

-Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх нь ББСБ-даа ямар ач холбогдолтой байдаг вэ? Үүнийг хэрхэн тооцоолсон бэ?

-Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх нь зөвхөн байгууллагын үйл ажиллагааг тэлэхээс гадна үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник хэрэгсэл, програм хангамжийг сайжруулах, мөн шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зэрэг давуу талыг олгох ба байгууллагын хүний нөөц, засаглал, комплаенс, эрсдэлийн удирдлага, менежментийн үйл ажиллагаа зэрэг олон зүйлд эерэгээр нөлөөлдөг. Жишээлбэл, Санхүүгийн зохицуулах хороо Монгол улсад ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу зохицуулалтын байгууллагуудын мөнгө угаах эрсдэлийн түвшинг үнэлсэн бөгөөд банк бус санхүүгийн байгууллагуудын мөнгө угаах эрсдэлийн түвшин бага байсан хэдий ч эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээ хангалтгүй түвшинд байсан нь үнэлгээний үр дүнд сөргөөр нөлөөлж байсан. Уг үнэлгээ нь байгууллагуудын засаглал, сургалт, хүний нөөц, комплаенсын хэрэгжилт, эрсдэлийн үнэлгээ, удирдлага, хяналтын тогтолцоо, менежментийн үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлүүдийг багтаасан ба хөрөнгийн хэмжээ ихтэй, том байгууллагуудын хувьд үнэлгээний үр дүн харьцангуй сайн байсан.

-Гадны орнуудын туршлага ч юм уу, жишээ, алдаа, оноог нь судалж үзсэн үү?

-Судлалгүй яахав. Сая дурдсан салбарын нөхцөл байдал, чиг хандлагаас гадна ББСБ-ууд хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх чадамжтай эсэх, мөн олон улсад энэ төрлийн бодлогыг ямар үндэслэлтэйгээр гаргадаг талаарх судалгаануудыг хийсэн. Ингэхдээ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх нь зээлийн түвшинд хэрхэн нөлөөлдөг талаарх төсөөллийг эконометриксийн дөрвөн аргачлалыг ашиглан гурван хувилбараар тооцож гаргасан. Эдгээр төсөөллийн үр дүнгээс харахад уг бодлогын шийдвэр бүрэн хэрэгжиж дууссаны дараагаар салбарын нийт хөрөнгө дунджаар 2.6 их наяд төгрөгт, зээлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэн 1.7 их наяд төгрөгт хүрэх ба зээлийн хүүгийн түвшин 2018 он гэхэд 3.4 хувь, 2019 он гэхэд 2.6 хувь, 2020 он гэхэд 2.1 хувь хүртлээ буурах бүрэн боломжтой гэсэн үр дүн гарсан. Тиймээс эдгээр судалгаа, нөхцөл байдалд үндэслэн чадавхтай, хариуцлагатай мэргэжлийн оролцогчдоор салбарыг бүрдүүлэх, иргэдэд хямд үнээр санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хялбар хүргэх, иргэд, аж ахуй нэгжүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг үндэслэлүүдээр Хороо ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байсан.

-Та нарын хийсэн олон улсын судалгаанаас өөр онцлох дүр зургууд ажиглагдсан уу? Жишээ нь, санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх шалтгаан нь голчлон юу байдаг, эсвэл манай ББСБ-уудтай ижил байгууллагуудын хувьд хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлага хэр хэмжээнд байдаг гэх зэргээр?

-Улс орнуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөсөн туршлагаас үзэхэд бичил санхүүгийн зах зээлийг бэхжүүлэх, чадавхжуулах, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зах зээл дэх мэргэжлийн оролцогчдыг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, үр ашигт байдлыг өсгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэдэг болох нь харагдсан. Харин хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөсөн байдал нь улс орнуудын хувьд харилцан адилгүй бөгөөд манай улстай ижил хөгжиж буй санхүүгийн зах зээлтэй улсуудад 1.5 саяас 12.6 сая ам.долларын интервалд багтаж байна. Камбож улс ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг хамгийн их буюу 24 дахин өсгөж, 1.5 сая ам.долларт хүргэсэн бол Пакистан, Бангладеш, Гана зэрэг улсууд 2 дахин өсгөж харгалзан 9.2 сая, 12.6 сая, 3.5 сая ам.доллар болгож байсан. Түүнчлэн Камбож, Энэтхэг, Вьетнам зэрэг улс орнуудад жижиг ББСБ-уудаа дэмжиж, боломж олгох үүднээс тодорхой хугацаанд үе шаттайгаар хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх бодлого баримталж байна. Манай улсын бичил санхүүгийн байгууллагуудын ам.доллараар илэрхийлсэн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг бусад улс орнуудынхтай харьцуулахад бага түвшинд байна.

-Түрүүн та судалгааны дүнд хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлснээр зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэсэн дүн гарсан гэлээ. Тэгвэл уг шийдвэрийг хэрэгжүүлснээр зах зээлд ямар эерэг өөрчлөлтүүд гараад байна вэ?

-Аливаа бодлого, шийдвэрийг гаргахдаа судалгаа, шинжилгээнд суурилдаг боловч, үр нөлөөг нь тухай бүр үнэлэхэд хэцүү байдаг. Гэхдээ статистик мэдээллээс харахад зах зээлд хэд хэдэн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхлээд байна. Тухайлбал, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2016 оны гуравдугаар улиралд салбарын нийт хөрөнгө 724.2 тэрбум төгрөг байсан бол 2018 оны гуравдугаар улиралд 1.2 их наяд төгрөгт хүрч 66 хувиар өссөн. Харин нийт зээлийн хэмжээ 81.3 хувиар нэмэгдэж 811.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Активын бүтцээс харвал нийт хөрөнгийн өсөлтийн 76.2 хувийг нийт зээлийн өсөлт бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл салбарын эх үүсвэрийн хэмжээ нэмэгдсэнээр зээлийн нийлүүлэлт нэмэгдэж байна гэсэн үг.Харин сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө 4.2 хувь байсан бол 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 3.3 хувь буюу 0.9 пунктаар буурсан дүнтэй байна. Зээлийн хүүгийн бууралтад эдийн засгийн таатай нөхцөл байдал нөлөөлсөн байж болох ч зээлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдсэн нь үнийн түвшинг бууруулах гол нөлөөг үзүүлсэн гэж харж байна. Мөн зээлийн хүүг бууруулах зорилгоор Хорооноос энэхүү шийдвэрийг гаргасны дараагаар Голомт банкнаас “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги”, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөс “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулан баталсан нь СЗХ-ны бодлогын санаачилга санхүүгийн зах зээлд оролцогчдод бага ч болов дохио үзүүлсэн болов уу гэж бодож байна. Мөн зөвхөн зээлийн хүүгийн бууралт зэргээс гадна салбарт ажиллагсдын тоо 30.8 хувиар өсч, ББСБ-ууд нь нийт 2600 гаруй ажлын байрыг бий болгосон зэрэг бусад эерэг үзүүлэлт ч гарсан байна.

-Зээлийн нийлүүлэлт нэмэгдсэн гэхээр нэг талаас иргэд, байгууллагууд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хүртээд, зах зээлийн оролцоо нь нэмэгдээд ирж байна гэж  харж болох байх. Эргээд үүнд сөрөг тал нь юу байж болох вэ?

-ББСБ-уудын зээлдэгчдийн тоо 2016 оны гуравдугаар улиралд 64 мянга байсан бол 2018 оны гуравдугаар улиралд 3.4 дахин нэмэгдэж 217 мянгад хүрсэн байна. Зээлдэгчдийн тооны энэ өсөлт нь таны хэлснээр нэг талаасаа санхүүгийн үйлчилгээний хүртээмж өсөж байгааг илэрхийлэх боловч иргэдийн өрийн дарамт нэмэгдэх аюул бас байдаг. Тиймээс бид нэг зээлдэгчид ногдох зээлийн хэмжээг зайлшгүй харах шаардлагатай. 2016 оны гуравдугаар улиралд ББСБ-ын нэг зээлдэгч дунджаар 7.0 сая төгрөгийн зээлтэй байсан бол энэ улиралд уг үзүүлэлт 3.7 сая төгрөг буюу бараг 2 дахин буурсан байна.

-2016 онд чанаргүй зээлийн хэмжээ өссөн байсан гэсэн. Тэгвэл СЗХ-ны шийдвэрийн дараа ямар өөрчлөлт гарсан бэ?

-Ер нь сүүлийн хоёр жилийн хугацаанд банк бус санхүүгийн салбарын чанаргүй зээлийн хувь буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал 14.3 хувь хүртэл өсөөд байсан чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 10.6 хувь хүртэл буурсан дүнтэй байна.

-Банк бус санхүүгийн зах зээлд аль хэдийн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаад эхэлсэн байгаа нь харагдаж байна. Үе шаттайгаар хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх энэ шийдвэрийн хэрэгжилт өнөөдөр ямар үзүүлэлттэй байна вэ?

-Өмнө дурдсанчлан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр нь үе шаттайгаар хэрэгжинэ. Бас бүсийн ялгавартай. Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө 2018 онд 1 тэрбум, 2019 онд 1.4 тэрбум, 2020 онд 1.9 тэрбум, 2021 он гэхэд 2.5 тэрбум хүртэл нэмэгдүүлэхээр заасан байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанддавхардсан тоогоор нийт 429 ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 332.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар шийдвэрийн хэрэгжилт 95 хувьтай байна. Ер нь ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх шийдвэрийг зардал бус хөрөнгө оруулалт гэж үзэх нь зөв юм. Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсний дүнд байгууллагуудын чадавх сайжрахаас гадна ашигт ажиллагааны үзүүлэлтүүд мөн өссөн дүнтэй байна. Зээлийн хүүгийн түвшин буурсаны зэрэгцээ байгууллагуудын үр ашигт байдал сайжирч ашгийн түвшин нэмэгдсэн нь ББСБ-уудын зах зээлд зээлийн бүтээгдэхүүний эрэлт өндөр байгааг харуулж байна.

-Цаашид СЗХ санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллах вэ?

-СЗХ өнгөрсөн есдүгээр сард дунд хугацааны буюу 2018-2021 оны стратеги төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлээд явж байна. Энэхүү стратеги төлөвлөгөөнд нийт зургаан зорилтыг тусгасны стратегийн зорилт 3-д, “Санхүүгийн бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хямд, хялбар, түргэн шуурхай, чирэгдэлгүй хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх” гэж тусгасан байгаа. Бид энэ зорилтынхоо хүрээнд санхүүгийн хүртээмжийг сайжруулах бодлогын баримт бичиг боловсруулж хэрэгжүүлэх, зах зээлд оролцогчдын чадавхийг нэмэгдүүлэх, хямд эх үүсвэртэй, урт хугацаат зээл болон бусад санхүүгийн хэрэгслийг зах зээлд гаргахыг бодлогоор дэмжих, технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн болон эрсдэлийг хянах тогтолцоог бүрдүүлэх гэсэн дэд зорилтуудыг тавьж, үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөгөө гаргаад хэрэгжүүлж байна. Мөн Засгийн газраас баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан “Мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”, “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” зэрэг бодлогын баримт бичгүүдэд салбарын оролцогчдыг чадавхжуулж, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг бий болгох, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд, олон нийтэд хямд үнэтэй өргөн сонголт бүхий санхүүжилтийн арга хэрэгслийг санал болгоход чиглэгдсэн олон ажил тусгагдсаныг хэрэгжүүлж байна. Эдгээр бодлогын баримт бичгүүдийг 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө 90-100 хувийн биелэлттэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин. 

Ярилцлагын булан
2 сарын өмнө
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ