Ц.Алтантуул: "Монкорд" ХЗХ-ны удирдлагууд хуурамч тайлан ирүүлж байсныг урьдчилан тогтоосон
7 өдрийн өмнө
Ангилал: Ярилцлагын булан

Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-д дотроо томоохонд тооцогдох "Монкорд” ХЗХ-ны үйлажиллагаа доголдож, гишүүдийнхээ хадгаламжийг өгч чадахгүй байна гэх мэдээлэл олны анхаарлыг татах болсон. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны Хадгаламж зээлийн хоршооны газар (ХЗХГ)-ын дарга Ц.Алтантуулаас тодруулж, ярилцлаа.

-Сүүлийн үед хэвлэл, олон нийтийн сүлжээгээр "Монкорд” ХЗХ-ны талаар таагүй мэдээлэл дуулдах боллоо. Яг юу болоод байгаа талаарх мэдээллээс ярилцлагаа эхлэх үү?

-Тэгэлгүй яах вэ, гол асуудлаа шуудхан л ярьсан нь дээр. "Монкорд” ХЗХ-ны санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгө зохих хэмжээнд хүрэхгүй болж эрсдэлд орсон байдалтай байгаа.СЗХ-ноос гишүүн шинээр элсүүлэх, зээл олгох, хадгаламж татан төвлөрүүлэхийг нь зогсоон, зарим асуудлыг хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байгаа. СЗХ-ны дэд дарга Д.Баярсайханаар ахлуулсан "Монкорд” ХЗХ-нд үүссэн нөхцөл байдлыг судалж шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг томилоод ажиллаж байна. Мөн тус хоршоонд газар дээрх шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, өнгөрөгч оны 11,12 дугаар сард бүтэн ажиллалаа. Шалгалтын дүгнэлт хараахан эцэслэж гараагүй байна. Урьдчилсан байдлаар санхүүгийн бүртгэл, тайлан хөтлөлт, мэдээллийн ил тод болон үнэн зөв байдлын хувьд нэлээд тооны зөрчил дутагдал илэрч байна. Ер нь тус ХЗХ-нд дутагдал, доголдол гарах болсныг бүр 2016, 2017 оноос СЗХ эрх, үүргийнхээ хүрээнд шалгаж, нягталж, анхааруулж, үүрэг даалгавар өгч, торгох зэргээр хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авч байсан. Харамсалтай нь, үйл ажиллагаагаа сайжруулж чадахгүй явсаар ийм байдалд хүрээд байна.

-Санхүүгийн зохицуулах хороо тус ХЗХ-нд 2016, 2017 оноос л арга хэмжээ авч байсан гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч? 

-СЗХ зохицуулалтын байгууллагууддаа байнгын хяналт тавьж, ажилладаг. Санхүүгийн тайланг нь улирал тутам хянах замаар зайны хяналтыг хийж, шаардлагатай бол газар дээр нь очиж шалгадаг. "Монкорд” ХЗХ ирүүлбэл зохих улирлын санхүүгийн болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлан мэдээ, тайлант жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан, дүгнэлт болон бүх гишүүдийн ээлжит хурлыг хуулийн хугацаанд зарлан хуралдуулж, хурлаас гарсан шийдвэрийг тухай бүр хууль, журмаар тогтоосон хугацаанд ирүүлж байсан. Ирүүлсэн тайланг СЗХ хянаж, илэрсэн дутагдалд нь тухай бүр дүгнэлт өгч ажилласан. Тухайлбал, тус хоршоо 2015 оны дөрөв, 2016 оны нэг, хоёр, гуравдугаар улиралд зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүй талаар 2016 оны есдүгээр сард анхааруулж, үйл ажиллагаагаа сайжруулах үүрэг, даалгавар өгч байсан. Ер нь "Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагаанд 2007, 2009, 2012, 2014, 2015, 2017 онд газар дээрх хяналт шалгалт хийж байсан. 2017 оны шалгалтаар илэрсэн зөрчлүүдэд нь дүгнэлт өгч, тухайн үеийн хоршооны дарга, гүйцэтгэх захирал нарт нийт есөн төрлийн үүрэг даалгавар өгч байсан. Үүрэг даалгаврыг биелүүлэх талаар "Монкорд” ХЗХ ажилласан ч СЗХ хангалтгүй гэж үзсэн. Хамгийн гол нь санхүү, төлбөрийн чадвараа сайжруулах талаар үр дүнтэй ажил хийж чадахгүй байсан.

-ХЗХ санхүү, төлбөрийн чадвараа сайжруулж чадахгүй тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-СЗХ үүрэг даалгавраа биелүүлэхийг хүлээгээд зүгээр суугаад байхгүй л дээ. ХЗХ-ны сонгуульт гишүүд болон гүйцэтгэх удирдлагатай нийт таван удаагийн уулзалт зохион байгуулж, удаа дараа үүрэг даалгавар, мэдэгдэл, анхааруулга өгч байсан. Ингээд тус ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа өнгөрөгч 2018 оны зургаадугаар сарын 30-наар дуусгавар болсон тул тэд сунгуулах хүсэлтээ ирүүлсэн. Гэвч хоршооны хадгаламж эзэмшигч гишүүдээс гомдол ирсэн байсан, өмнөх хяналт шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй зэрэг дутагдал байсаар байсан тул тус ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг сунгах эсэхийг газар дээрх шалгалтын дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд долоодугаар сард очиж шалгасан. Шалгалтаар хоршооны санхүүгийн анхан шатны болон ерөнхий дэвтрийн үлдэгдэл, нягтлан бодох бүртгэл хөтлөлт хангалтгүйн улмаас шалгалтын ажлын хэсэг тохируулсан тайлан бэлтгэж, шалгах өдрийн байдлаар зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бодитоор тооцож, дүгнэлт өгөх боломжгүй байдал үүссэн.

-Миний сонссоноор "Монкорд” ХЗХ анхны хоршоодын нэг юм байна. Санхүүгийн үзүүлэлтүүд нь хамгийн сүүлчийн байдлаар ямар байв?

-"Монкорд” ХЗХ нь 1996 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, манай анхны хоршоодын нэг. Өмнө нь 2005-2006 оны уеийн ХЗХ-дын хямралыг ч даван туулж чадсан хоршоодын нэг. Хороонд ирүүлж байсан тайлангийн мэдээллүүд ихээхэн эргэлзээтэй тул тодорхой тоо хэлэх боломжгүй байна. Учир нь, газар дээрх шалгалтаар бид хоршооны гүйцэтгэх удирдлагууд санхүүгийн тайлангаа үнэн бодитой гаргадаггүй байсныг урьдчилан тогтоогоод байгаа. Энэ бол маш ноцтой асуудал. Бид Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд тус ХЗХ-ны эрх бүхий албан тушаалтнууд бичиг баримт хуурамчаар уйлдэж, нотариатаар баталгаажуулсан байх магадлалтай зээлийн гэрээнүүд, эрх бүхий албан тушаалтан буюу тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал нь санхүүгийн баримт, материалыг хуурамчаар үйлдэж, төрийн байгууллагаас зөрчлийг нуун дарагдуулж байсан эсэхийг шалгуулахаар хандаад байна.

-"Монкорд” ХЗХ-ны гүйцэтгэх  удирдлагууд Санхүүгийн зохицуулах хороог төдийгүй гишүүдээ хүртэл хуурч байсан байх нь уу?

-ХЗХ бол зөвхөн гишүүддээ үйлчилдэг, ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн бус байгууллага шүү дээ. Бүтэц, зохион байгуулалтыг нь нарийвчлан хуульчилж, тусгай зөвшөөрлийг нь гурван жилээр олгохоор зохицуулсан. Бүх гишүүдийн хурлаараа хэлэлцэж сонгосон тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хороо болон гүйцэтгэх удирдлагатай. "Монкорд” ХЗХ ч хуулийн дагуу яг л энэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж ирсэн. Өнгөрөгч оны долоодугаар сард хийсэн газар дээрх шалгалтаар тус хоршооны гүйцэтгэх удирдлага нь тэргүүлэгчдийн зөвлөл болон гишүүддээ үйл ажиллагаа хэвийн явж буй мэтээр харагдуулж ирснийг илрүүлж, үүссэн нөхцөл байдлын талаар гишүүдээрээ хэлэлцүүлэхийг СЗХ-ноос үүрэг болгосон. Үүний дагуу бүх гишүүдийн хурлаа хийж, энэ хуралд хоршооны гүйцэтгэх удирдлагууд 2012 оноос хойш санхүүгийн хоёр тайлан хөтөлж ирсэн гэдгээ хүлээсэн нь хурлын тэмдэглэлд тусгасан байна. Ер нь "Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагаа доголдоод байна. Удирдлагын буруу бодлогоос хүндрэлд орох аюул ойрхон гэдгийг зарим гишүүн нь бүр 2012, 2013 оны хурал дээрээ ярьж, анхааруулж байсан нь одоо ил гарч байна. Тухайн үед эдгээр мэдээллийг СЗХ-нд ирүүлдэг хурлын тэмдэглэл зэргээс хасчихдаг байсан байгаа юм.

-Гишүүд нь Санхүүгийн зохицуулах хороонд хэзээнээс хандаж эхэлсэн бэ?

-"Монкорд” ХЗХ гишүүдийнхээ хадгаламжийг анхны шаардлагаар буцаан олгоогүй гэх гомдол СЗХ-нд 2016 онд нэг, 2017 онд гурав ирсэн. 2018 онд энэ тоо 43 болсон. СЗХ өргөдөл, гомдлын дагуу сүүлийн гурван жилд "Монкорд” ХЗХ-нд нийт долоон удаагийн зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдагдсан шалтгааныг тогтоох явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрснийг би дээр хэлсэн. СЗХ хүчний байгууллага биш тул гэмт хэргийн шинжтэй асуудал илэрсэн тохиолдолд холбогдох баримтыг хуулийн байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлдэг. "Монкорд” ХЗХ-ны зарим баримтыг бид харьяаллын дагуу Ерөнхий прокурорын газарт шилжүүлэн шалгуулж байна.

-Санхүүгийн байгууллагуудын тайлан тэнцлийг хөндлөнгийн аудитын байгууллагууд хянаж баталгаажуулдаг биз дээ?

-Тус ХЗХ-ны ирүүлж байсан тайланг бүгдийг л аудитаар хянуулж, "зөрчилгүй” гэж дүгнэсэн байдаг. Ийм тайланг гишүүддээ танилцуулж, Хороонд ч мөн ирүүлдэг байсан байгаа юм. Энэ талаар бид Сангийн яаманд мөн хандаж, "Монкорд” ХЗХ-ны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын байгууллага үнэн бодитой дүгнэлт өгсөн эсэхийг шалгуулж, дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна.

-"Монкорд” ХЗХ-ны хуурамч тайланг аудитын ямар компани хянаж, баталгаажуулж байсныг нэр заан хэлж болох уу?

-2014, 2015 оны тайланг нь "Алтан жолоо аудит” компани, 2016, 2017 оныхыг нь "Мишээл од аудит” компани хянасан байдаг. Эдгээр компанийн асуудлыг бид Сангийн яаманд тавиад байна.

-СЗХ-ны дарга С.Даваасүрэн "Монкорд” ХЗХ-ны удирдлагуудыг хаацайлаад байна гэх хардлага олон нийтийн дунд байх шиг байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-СЗХ-ны дарга энэ талаар хувийн твиттертээ тайлбар өгснийг хүмүүс харсан байх. С.Даваасүрэн даргад "Монкорд” ХЗХ-г хаацайлах ямар ч шалтгаан, үндэслэл байхгүй. Тус ХЗХ-ны гишүүд, хадгаламж мөнгөө авч чадахгүй яваа хүмүүс янз бүрийн сэжиг, хардлага дэвшүүлж байгаа нь тэр байх. "Монкорд” ХЗХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Дэлгэрмааг СЗХ-ны даргын төгссөн дунд сургуулийг дүүргэсэн, түүгээрээ холбоотой байж магад гэсэн яриаг тус ХЗХ-ны зарим гишүүн ярьсан байна билээ. СЗХ-ны дарга С.Даваасүрэн түүнээс цөөнгүй насаар эгч, нэг дунд сургуульд сурч байсан ч гэлээ олон оны зөрүүтэй төгссөн байж таарна. Иймэрхүү зүйлийг үндэслэл болгон хардаж, сэрдвэл одоо энэ асуудлыг хариуцаж байгаа СЗХ-ны дэд дарга тэр хүнтэй нэг их сургууль төгссөн гээд туйлшрах уу. Ингэж болохгүй ээ. СЗХ болон удирдлагууд "Монкорд” ХЗХ-ны асуудлыг хаацайлж, хамгаалсан зүйл огт байхгүй. Энэ асуудалд СЗХ анхнаас нь эрх хэмжээнийхээ хүрээнд зохих арга хэмжээг авч ирсэн. Цаашдаа ч авна.

-Үйл ажиллагаа нь доголдолтойг мэдсээр байж СЗХ тусгай зөвшөөрлийг нь сунгах гэж байсан гэсэн мэдээлэл бий?

-СЗХ-ны үйл ажиллагааг гутаах, харлуулах зорилготой матаас маягийн бичгийг зарим хүн УИХ-д явуулсан юм билээ. Тэр бичигт 2017 онд тусгай зөвшөөрлийг нь сунгах гэж оролдсон гэсэн утгатай өгүүлбэр байна билээ. Би өмнө хэллээ шүү дээ, "Монкорд” .ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон гэж. Дуусгавар болоогүй тусгай зөвшөөрлийг сунгах тухай асуудлыг ярихгүй нь ойлгомжтой биз дээ. Тэгэхээр энэ зүгээр л ор үндэсгүй гүжирдлэг болох нь тодорхой байгаа биз.

-СЗХ-ны болон хууль, хяналтын байгууллагаар "Монкорд” ХЗХ-ны удирдлага гэмт хэрэг хийснийг нь хууль, хяналтын байгууллага тогтоовол гишүүдэд нийт хэчнээн хэмжээний бодит хохирол учруулах вэ?

-Хяналт шалгалтын ажил бүрэн дуусаагүй, шалгалтын дүгнэлт эцэслэн гараагүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Тэр байтугай бид гишүүдийн тоо, актив, пассивийн хэмжээ зэргийг нэг бүрчлэн дахин нягталж байна. ХЗХ-ны удирдлагын хууль бус үйлдлийн улмаас ийм нөхцөл үүссэн нь урьдчилсан байдлаар тодорхой болж байна. Санхүүгийн салбар итгэлцэл дээр тулгуурладаг. Өндөр өгөөжийн амлалт өндөр эрсдэлийг дагуулдаг гэдгийг гишүүд мэдэж хоршооноос үйлчилгээ авдаг байсан байх л даа. "Монкорд” ХЗХ-ны захирлуудын үйлдлийг гэмт хэрэг гэж тогтоогоод хоршооны гишүүдэд хохирол учирлаа гэхэд буруутай этгээдээр хохирлыг барагдуулах арга хэмжээ авч таарна. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-т ХЗХ нь бусдын өмнө хүлээх төрийн үүргийг хариуцахгүй бөгөөд төр нь хадгаламж, зээлийн хоршооны бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй гэж зохицуулсан байдаг.

-Гишүүдийг хохироохгүй хоршоог сэргээн сайжруулж, үйл ажиллагааг нь тогтворжуулаад цаашаа явах боломж хэр байгаа вэ? 

-Шалгалтын дүн эцэслэн гарахаар өмнө хэлсэн дэд даргаар ахлуулсан ажпын хэсэг саналаа боловсруулж, СЗХ-нд асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлнэ. Үүний дараа хоршооны гишүүдэд ч мэдээллийг өгнө. Ийм л зарчмаар явдаг. ХЗХ-ны салбар хамтын удирдлага, хяналттай, ихээхэн "ардчилсан” засаглал бүхий санхүүгийн тогтолцоо болохоор сайдах, муудах асуудал байнга л гарч байдаг. ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ, хүчингүй болголоо, сунгалаа, сэргээлээ гэсэн мэдээ, мэдээлэл манайхаас байнга л гарч байдаг шүү дээ. Тэр бүхний цаана өнөөдөр "Монкорд” ХЗХ дээрх шиг олон асуудлыг ярьж, маш их ажил хийж байдаг юм.

-Эцэст нь ХЗХ-ны зах зээлийн өнөөгийн төлөв байдал, энэ зах зээлийг хөгжүүлэх талаар СЗХ-ноос ямар бодлого, зохицуулалт явуулж байгаа талаараа товч танилцуулахгүй юу?

-2018 оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд нийт 288 ХЗХ үйл ажиллагаа явуулж байна. Нийт актив 192.3 тэрбум төгрөг. ХЗХ- дын 62 000 гишүүн манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 3.2 хувийг эзэлж байна. Салбарын хэмжээний үзүүлэлтийг авч үзвэл 1 тэрбумаас дээш хөрөнгөтэй 21 ХЗХ нийт хөрөнгийн хэмжээ, гишүүдийн тоо, татсан хадгаламж, олгосон зээлийн хэмжээгээрээ салбарын 80 хувийг бүрдүүлдэг. Өнгөрөгч онд эдгээрээс хамгийн томд тооцогдох найман ХЗХ-ны үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалт хийхэд "Монкорд" ХЗХ дээр илэрсэн шиг нөхцөл байдал ажиглагдаагүй. Гэхдээ бид хяналт шалгалтаа цаашид улам гүнзгийрүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Ер нь СЗХ энэ салбарын эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхийн тулд чадавхжуулах, мэргэжлийн санхүүгийн байгууллага болгоход анхаарч, дунд хугацааны зорилтоо гаргаад, хэрэгжүүлж эхэлсэн.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

Ярилцлагын булан
7 өдрийн өмнө
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ