Хонгилд хаягдсан үрсүүд
2 сарын өмнө
Ангилал: Нийгэм

Улс орны ирээдүй болсон нэгэн үеийн төлөөлөл эмнэлэгээс эмнэлэг дамжин цутарч байна. Энэ асуудал биш үү?

Эрх мэдэл албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэсэн улс төржилт цаана ард түмний амь насыг дээсэн дөрөөн дээр үлдэж байна. УИХ-ын даргыг огцортол жагсахаа мэдэгдсэн хууль тогтоогчид өчигдөр Сүхбаатарын талбайд хоёр дахь акциа зохион байгууллаа. Уг нь тэнд зөвхөн МАНАН, шударга бусын хонгил гэж яриахаас гадна ЖДҮ-ын хулгайчид болон нийслэлийнхээ 1.4 сая иргэний төлөө утаатай байлдах ёстойг У.Хүрэлсүхэд сануулж, жагссан жинхэнэ утгаа олох байлаа. Гэвч сандал ширээтэй зууралдаж нэг хүнийг суудлаас нь аваад хаячих юм бол ард түмний амьдрал сайхан болох мэтээр тархи угаалт хийв.

Хүйтний эрч чангарахын эрхээр нийслэлчүүд улам л хүчтэй хордож байна. Гэр хороололд очоод үз, үүдэн хоймрын зайтай газар харагдахгүй байна. Нэгдсэн эмнэлгээр дүүрэн уушгины хатгалгаа нь хүндэрсэн хүүхдүүд эмчлүүлж, эцэг эхчүүд бяцхан зүрх бүхнийхээ төлөө санаа зовинон тэмцсээр л байна. Хоёр, гуравхан минут гараад ороод ирэхэд хоолой амаар дүүрэн тортог амтагдаж байна. Үндэстний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихсэн хорт үзүүлэлттэй утааг үл анзааран өөрсдийнхөө эрх ашиг, албан тушаалын төлөө өдөр шөнөгүй тэмцэж байгаа чинь хэр ёс зүйтэй үйлдэл вэ гишүүдээ? 

Сандал ширээний төлөө үхэн хатан зүтгэдэг шигээ яагаад агаарын бохирдлын эсрэг тэмцэж, жагсахгүй байгаа юм бэ? гэж асуумаар байна.

Насанд хүрсэн хүн бүү хэл дөнгөж төрсөн нярай ийнхүү Улаанбаатарын утааны хор уршгийг амсч байна. Цаашилбал хүүхэд багачуудын дундах өвчлөлд агаарын бохирдол хамгийн том шалтгаан болж буй. Үүнийг олон улсын судалгаа, статистик дээр тулгуурлан хэлж байгаа юм.

Хүүхэд хөгжлийнхөө эмзэг үед агаарын бохирдолд өртөх нь эрүүл мэндэд нь урт удаан хугацааны нөлөө үзүүлдгийг нотолсон байдаг аж. Монгол Улсын хувьд уушигны хатгалгаа өвчний улмаас үүдэх нялх, балчир насны хүүхдийн эндэгдэлд агаарын бохирдол шууд нөлөөлж байгаа юм. Түүнчлэн агаарын бохирдлоос үүдсэн уушигны гэмтэл нь хүүхдийн эрүүл мэндэд цаашид олон сөрөг нөлөө үзүүлдэг. Улаанбаатар хотын хүүхдүүдийн дундах агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний дийлэнх нь уушигны доод замын цочмог халдвар буюу хатгаа байгаа ажээ. Хатгаа болон амьсгалын замын өвчлөлөөс үүссэн уушигны бүтцийн өөрчлөлт хүүхдийн биеийн хөгжилд сөргөөр нөлөөлж эдгэрэшгүй өөрчлөлтөд хүргэдэг.

Бид бие сайтай, итгэл сайтай ард түмэн юм. Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснээс хойш 20 гаруй жилийг ардаа үдчихсэн. Өдөр ирэх тусам эрүүл мэндээ алдаж байгаа хэдий ч улс төрийнхөн угаалгаад хэзээ ч бидний төлөө тэмцээгүй нөхдийг шагшин магтаж, даган дуурайгаад, эрх мэдэлд хүрэгхийн төлөө ханцуй шамлан, хамт жагсаад л.

Тэд бидний төлөө юу хийв. Утааг арилгана гэхээр салбарынхаа сайдаас эхлээд боловсруулсан түлш, утаагүй зуух ярьсан хэвээр байгаа. Тэрхүү урагшгүй бодлого үргэлжилсээр л байгаа. Өнгөрсөн жил зуух зарчихсан юм чинь энэ жил утаагүй, шахмал түлш зарна гэх дараалалтайгаар утааг далимдуулсан бизнес өнгөрсөн жилүүдэд үргэлжилсэн гэхэд хэлсдэхгүй биз. Ийнхүү үе үеийн төрийн түшээд утаатай эрэлхэгээр тэмцэж, тэмцлийнхээ үр ашгийг тухай бүрт нь хүртэж, амьдрал ахуй, эд хөрөнгө арвижсаар ирснийг сүүлийн 10 гаруй жилийн түүх бахархалтайгаар гэрчилээд өгчихнө. Тэрбум, тэрбумаар тоологдох мөнгийг утаанд зарцуулсан. Үр дүн гарсан уу. Үүний төлөө жагсаал зохион байгуулж тэмцэх ёстой юм биш үү...

 

Нийгэм
2 сарын өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ