Г.Солтан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв
5 сарын өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын гишүүн Г.Солтаныг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан гэх үндэслэлээр прокурорын байгууллагаас бүрэн эрхийн түдгэлзүүлэх санал оруулж ирснийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

"Анхнаасаа л зорилготойгоор ЖДҮ-г бий болгож. 200 саяын хязгаартай байсан сангийн мөнгөн дүнг хязгааргүй болгоод, жилийн 9 хувиар олгодог байсныг 3 хувь болгож бууруулаад, арилжааны банкаар өгдөг байсан зээлийг яам руу татаж авч ирээд бүгдийг нь хулгайлжээ. Аль намаас хэн ямар хэрэгт холбогдох нь асуудал биш л дээ. Өнөөдөр нэгэнт л хууль зөрчсөн нь тодорхой байгаа нөхцөлд хуулийн байгууллагад нь шалгаадах гээд явуулах хэрэгтэй. Өнөөдөр энд шударга ёсоо тогтоож чадахгүй, энд шударга ёсыг тогтоож чадахгүй гэдгийг өөрсдөө та нар баталчихлаа. Битгий талбай дээр хүн амьтанд худлаа яриад хүйтэнд дааруулж, хөөрүүлээд хэрэггүй ээ. УИХ тараад ард түмнээрээ дүнгээ тавиулъя аа" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 

"Үүр шөнөөр эхэлсэн ЖДҮ-гийн хэрэг одоог хүртэл үргэлжилж байна. Өнөөдөр бид ЖДҮ-г хэрэг мөн биш гэж яриад дуусахгүй. Энэ ард түмэн чинь нүдтэй чихтэй шүү. Тун удахгүй ганцхан жилийн дараа сонгуулиар бид бүгдээрээ дүнгээ тавиулна. Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж гарч ирчихээд шударга бус болчихлоо. Одоо Л.Болд мэтийн өвчтэй балай хүмүүсийг дагаж явдагаа болъё. Өөрөө энэ бүгдийг хийчихээд цуст мөргөлдөөнд мөрөөрөө явж байгаа залуусыг худлаа гүтгэ. Одоо энэ хүн чинь картаа сугалаад зугтчихлаа шүү дээ. Л.Болдыг дагаад гүйгээд байвал эцэстээ та бүхэн ард түмэндээ юу хэлэхээ мэдэхгүй үлдэнэ шүү. Ард түмэн бол энэ УИХ-ын гишүүдийн аав, ээж нь шүү. Бид аав ээждаа алгадуулах цаг болсон бололтой" гэв.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараагаар УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны санал дүгнэлтээр цахимаар нууц санал хураалт явуулахад хуралд оролцсон гишүүдийн 71.4 хувь байнгын хорооны санал дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Улс төр
5 сарын өмнө
Нийтлэлч:
Х.Маргад
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ