МАН хотод лидергүй болжээ
2019/01/16
Ангилал: Улс төр

УИХ-д 65-уулаа болсон МАН-ынхан төрийн ажлыг гацааж эрх мэдэл албан тушаалын төлөө өөр хоорондоо “алалцсаар” хоёр сарын нүүрийг үзэж байна. Тэгвэл дээдсүүдийнх нь энэхүү халдвар нийслэл гэх том айл руу халдварлаж бас л сандал суудлын тохироогоо хийж чадалгүй байсаар хотыг нэг сар эзэнгүй байлгасан. Уг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж хотын даргад С.Амарсайханыг дэмжиж залгуулаад түүнийг батамжлах НИТХ-ын хурал болох ёстой байсан ч 15 төлөөлөгч хуралдаа ирж ирц бүрдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хойшилсон нь энэ юм.

Уг хурал удаа дараа хойшлох болсон шалтгаан нь С.Амарсайхантай тухайн үед хотын даргад өрсөлдсөн НИТХ-ын төлөөлөгч Р.Дагваас үүдэлтэй гэж тус намынхан ил цагаан ярьж эхэлсэн явдал юм. Тэгвэл өнөөдөр НИТХ-ынхан ирцээ бүрдүүлж С.Амарсайхан хотын дарга болж чадах уу гэсэн хүлээлт МАН-ын Удирдах зөвлөлийнхөнд байна. Учир нь С.Амарсайхантай тухайн үед хотын даргад өрсөлдсөн НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва Удирдах зөвлөлийнхөө босгыг ч давж чадалгүй бүдэрсэн.

Энэ бүхнээс үүдэж зарим нэг хүний гомдлыг тайлж удаа дараа хойшилсон хотын даргын асуудлыг нэг мөр цэгцлэхийн тулд МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргын албан тушаалыг Р.Дагвад өгөх тохироо хийгджээ. Анх хотын дарга асан С.Батболдыг ажлаа өгсний дараахан нь Нийслэлийн намын хорооны дарга Д.Сумьяабазар, Р.Дагвыг хотын даргад санал болгохоор зэхэж байхад нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, С.Амарсайханыг зүтгүүлснээр Р.Дагвын хотын дарга болох мөрөөдлийг салхинд хийсгэж хотын даргыг хэлэлцэх асуудал гацаанд орж байсан юм. Хэрвээ уншигчид санаж буй бол МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан өдөр буюу өнгөрсөн сарын 28-ны өдөр Р.Дагва дараах тайлбарыг хэвлэлийнхэнд өгч байсан юм . Тэрбээр “Бүлэг байр сууриа нэгтгээгүй байгаа. Тиймээс манай намын бүлэг энэ асуудалд завсарлага авна. Нийслэлийн намын хорооны дарга улс төрийн шийдвэр гаргаж, өөр хүний нэр оруулж ирсэн. Тийм учраас бүлгээ нэгтгэсэн байр суурьтай болгож байж энэ асуудлыг ярина. Хүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодолтой байна. Нийгэм зөрчилдөөнтэй үед хүмүүсийн үзэл бодлыг нэгтгэхэд ярвигтай байгаа” гэх тайлбарыг өгсөн юм.

Ямартай ч МАН-ын бүдүүн дарга нар С.Амарсайханыг хотын захирагч болгохын тулд өрсөлдөгчдийг нь хүртэл албан тушаалд томилох хэлбэрээр замыг нь засаж өгч буй нь хачирхалтай юм.

Хамгийн гол нь МАН-ынхан олуулаа болсноос хойш улстөрийн шийдвэр гэдэг нэрийн дор төрд ажиллаж үзээгүй хөрөнгө мөнгөтэй эрхмүүдэд чухал гэсэн албан тушаалыг атгуулж өөрсдийнхөө хүслийг гүйцээж буй нь Р.Дагвад өгч буй албан тушаал гэрчилж байна. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын даргын албан тушаалыг өмнө нь төрийн албанд бэлтгэгдсэн мундаг хүмүүс хашиж байсан удаатай. Эцэст нь хэлэхэд МАН-ынхан энэ удаа хэн нэгнийг албан тушаалд нь үтэр түргэн томилуулахын тулд чухал албан тушаалаар тохироо хийж буйн
лай ланчигийг Нийслэлийн 1.5 сая гаруй иргэн үүрэх бололтой.

Улс төр
2019/01/16
Үзсэн: 92
Нийтлэлч:
Р.Саруул
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ