Р.Улам-Оргих: Иргэнийхээ үг хэлэх эрх чөлөөг хамгаалсан шүүхэд баярлалаа
2019/01/24
Ангилал: Ярилцлагын булан

Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулсан иргэн Р.Улам-Оргихтой ярилцлаа.

-Сайн байна уу. Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар хэргийн улмаас шүүх хуралдаанд оролцов. Энэ тухай мэдээллээсээ хуваалцахгүй юу?

-Намайг Р.Улам-Оргих гэдэг. Би сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. Миний тухайд 2018 оны наймдугаар сард өөрийн фэйсбүүк хуудастаа У.Хүрэлсүх, Б.Жаргалсайхан, Н.Энхбаяр гэх мэт улстөрийн намуудын дарга нарын зурагтай постерыг сошиал орчноос татаж аван, “Хэнтийн нөхөн сонгуульд намуудын дарга нар өрсөлдөхөөр болжээ” гэсэн тайлбар бүхий постыг бичиж оруулсан байдаг. Гэтэл тэр дунд “Үнэн ба зөв намын дарга Ш.Сайхансамбуу” гэсэн бичиглэл явж байсан. Үүнээс улбаалж, Үнэн ба зөв намын зүгээс намайг намын нэр төрд санаатайгаар халдаж, худал ташаа мэдээлэл нийтэд тараалаа гэдэг үндэслэлээр цагдаад өгч шалгуулсан. Өөрөөр хэлбэл, Үнэн ба зөв намын дарга нь Отгонбаатар гэдэг хүн байтал Ш.Сайхансамбуу мэтээр худал мэдээлж олон нийтийг төөрөгдөлд оруулсан, Ш.Сайхансамбуу нь Үнэн ба зөв намтай ямар ч холбоогүй атал холбоотой мэт ойлголтыг нийтэд өгсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар гомдол гаргаж, намайг цагдаад өгсөн.

Улмаар Цагдаагийн зүгээс мөрдөн байцаах ажиллагаа явуулаад “иргэн Р.Улам-Оргих нь Үнэн ба зөв намтай холбоотой худал мэдээ нийгмийн сүлжээгээр тараасан” гэх дүгнэлт гарган, Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгийн торгууль тавьсан. Харин би эрх бүхий албан тушаалтны гаргасан энэхүү шийтгэвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас Д.Оросоо, Оюунбаатар нарын өмгөөлөгчдөөрөө дамжуулан шүүхэд гомдол гарсан. Энэ дагуу шүүх хуралдаан болсон.

-Шүүххуралдаанаас ямар шийдвэр гарав.Таны хувьд шүүх хэр шударга шийдвэр гаргасан хэмээн бодож байна?

-Энэ хэргийг шүүх авч хэлэлцээд намайг гэм буруугүй гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтны зүгээс иргэн Р.Улам-Оргих миний нэр дээр бичсэн хоёр сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгох шийдвэрийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Оюунчимэг гаргасан.

Миний хувьд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх иргэний эрхээ эдэлснийхээ төлөө торгууль тавиулсан  учир эрх бүхий албан тушаалтны шийдвэртэй анхнаасаа эвлэрээгүй. Харин шүүх энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэсэндээ шүүхэд гомдол гаргасан. Энэ итгэл маань ч талаар болоогүй. Шүүх хууль дээдлэх зарчмаа баримтлаж, иргэнийхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан шийдвэр гаргасанд баяртай байна. 

 

Ярилцлагын булан
2019/01/24
Үзсэн: 99
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ