Бондын мөнгөнөөс хумсалсан нөхдүүдийг хэзээ ил болгох вэ
2 сарын өмнө
Ангилал: Улс төр

Өнгөрсөн баасан гарагт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудад “Чингис”, “Самурай” бондуудын эргэн төлөлтөд ажлын хэсэг гаргаж, шалгалт оруулахаар зэхэж буйгаа дуулгасан. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд олон нийтийн зүгээс “элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээхийн тулд бондын мөнгөнөөс завшсан эрхмүүдийг яаралтай баривчилж, улсыг хохиролгүй болго, MAH, АН гэж алагчлалгүй цагаан, захтнуудын хэргийг илрүүлэх хэрэгтэй” хэмээж байв. Тэгвэл шинэхэн дарга маань ажлаа авсан даруйдаа олон жил яригдсан бондын мөнгийг эцэслэж буруутай этгээдүүдийг зарлах бололтой.
Уг нь 2016 оны есдүгээр сарын сүүлээр Хууль зүйн дотоод хэргийн яамны дэд сайд асан Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн
шалгалт хийж, улмаар зарим нэг хүнийг энэхүү хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Тухайлбал, Түлш, эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэв БНХАУ-ын иргэн “Wang Lebao”гийн хамтран бизнес эрхэлдэг Хонг Конгийн “Shijia Co, Limited” компанийн захирал Jin Shihuгийн 500 мянган ам.долларыг 2013 онд өөрийн үүсгэн байгуулсан “Финсервис” ББСБ-ын дансаар шилжүүлэн авсан байдаг.
Түүнчлэн дээрх Хятад иргэний үүсгэн байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай “Хэй Лун Жан Хуа Нян Минерал” ХХК нь 2013 онд Д.Доржпүрэвийг дээрх яамны дэд сайдаар ажиллаж байхад нь 200 сая төгрөгийн авлига өгсөн тухай асуудал хөндөгдсөн ч өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй билээ.

Угтаа бол “Чингис” бондын таван жилийн хугацаатай гаргасан үндсэн төлбөрийг 2018 онд, 10 жилийн хугацаатай гаргасан үндсэн төлбөрийг 2023 онд хийж дуусгах ёстой бөгөөд эцсийн төлбөрийг хийж дуусгах хүртэл Монгол Улс таван жилийн хугацаатай бондын хүүнд жил бүр 20 сая 625 мянган ам.долларын хүү төлөх бол, 10 жилийн хугацаатай бондын хүүд жил бүр 51 сая 250 мянган ам.доллар төлөх ёстойг албаныхан дуулгаж байв.

Өөрөөр хэлбэл, “Чингис” бондын эцсийн төлбөрийг хийж дуустал тав болон 10 жилийн хугацаатай бондын хүүд нийтдээ 615 сая 625 мянган ам.доллар төлөх тооцоо гарч байгаа аж. Энэ бүх мөнгийг 10 жилийн хугацаанд, жилд хоёр удаа төлж барагдуулах ёстой. Ингэхдээ жил бүрийн зургаадугаар болон арванхоёрдугаар сард бондын төлбөрийг хөрөнгө оруулагчдад төлж байхаар болсон билээ.

Угтаа бол дээрх бондын мөнгийг Монгол Улсын хөгжлийг түргэтгэх, эдийн засгийн суурь болох том төслүүдэд зарцуулна гэсэн байгаа. Тухайлбал, “Чингис” бонд 1.5 тэрбум ам долларын санхүүжилттэй. Энэ мөнгийг 11 төсөлд зарцуулж, эдүгээ 520 тэрбум төгрөг үлдээд байгаа талаарх мэдээлэл бий.

Тэгвэл өнөөдрийн байдлаар “Чингис” бондын мөнгөөр дараах төслүүдийг санхүүжүүлжээ. Тодруулбал, “Гудамж” төсөлд 200 сая ам.доллар, “Авто зам”-ын төсөлд 570 тэрбум төгрөг, “Шинэ төмөр зам” төсөлд 200 сая ам.доллар, “Таван толгойн цахилгаан станц” барихад 50 сая ам.доллар, “Ноолуурын салбарт технологийн шинэчлэл” хийхэд 68.8 сая ам.доллар, ”Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлт”-д 200 тэрбум төгрөг, ”Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээхэд 14 сая ам.доллар, Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 27.7 сая ам.доллар, Хүлэмж байгуулахад 17.7 сая ам.доллар, Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар, Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая ам.долларын санхүүжилтийг олгосон юм.

Одоогоор ил болсон нь дээрх мэдээлэлүүд бөгөөд зарим нэг бондын мөнгөний зарцуулалт нууцлалын зэрэгт орсон байв. Тэгвэл маргаашнаас эхлэн ЗГХЭГ-ын Ажлын хэсгийнхэн УИХ, Засгийн газрын гишүүдээс хэн нь ямар зориулалтаар хэчнээн тэрбум төгрөгийг хэзээ, ямар төсөл хэрэгжүүлэхээр авсныг шалгаж бодит мэдээллийг олон нийтэд ил болгож Монгол Улс хэдэн төгрөгийн өртэй үлдэж байна вэ гэх асуултын хариулт тун удахгүй ил болох нээ.

Улс төр
2 сарын өмнө
Нийтлэлч:
Х.Маргад
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ