О.Баасанхүү: УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан 40 гишүүн ухаантай л юм бол намайг дэмжих ёстой
2019/02/11
Ангилал: Ярилцлагын булан

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. 

-Ипотекийн зээлийн хүүг багасгах нь гэр хорооллын тэлэлтийг бууруулна гэж харах иргэд байна. Зээлийн хүүг бууруулах боломж өнөөгийн нөхцөлд бий болов уу. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-2010 оноос ипотек гэдэг асуудал нэлээд хүчтэй яригдаж, Монголбанк жилд 100 тэрбум төгрөгийг хэвлэлтэд оруулж, 95 мянган иргэнд орон ипотекийн зээл олгосон. Ажиглах нь ээ, ипотекийн зээл олгодог улс орнууд тодорхой эрсдэл үүрдэг юм байна. Учир нь нэг хувийн хүүтэйгээс гадна ямар нэг байдлаар санхүүгийн эрсдэлийг нь хөрөнгө оруулагч дангаараа хариуцдаг байж. Тэр ч утгаараа тухайн орны санхүүгийн эрсдэл нь ипотекийн зээлтэй холбоотой байсан. Харин манай орны хувьд санхүүгийн хямралаас нь сургамж авсан гэх юм уу ямар нэгэн эрсдэл гарах вий гэдгээс сэргийлж бүх эрсдэлийг зээлдэгчдэд үүрүүлчихсэн. Үүний тулд эхний ээлжинд 30 хувийн урьдчилгаа төл гэдэг. Хоёрдугаарт, та 15 жилээр зээл авбал эхний таван жилд нь 70 хувиар хүү төлнө. Дараагийн таван жилд 50 хувиар хүү төлнө. Үлдсэн таван жилд нь 30 хувийн хүү төлнө гэсэн маягаар явж байна. Өөрөөр хэлбэл, банк урьдчилаад хүүгийн ашгаа авдаг байдлаар энэ хөтөлбөр явсан байна.

Өнөөдөр 95 мянган иргэний 30 хувийн урьдчилгаа 100 хувь төлөгдсөн. Зээлдэгч хүү төлнө гэдэг чинь банкууд ашгаа 50-60 хувьтай буцаан авсан гэсэн үг шүү дээ. Төр мөнгөө банкинд өгөхдөө дөрвөн хувиар өгдөг. Харин арилжааны банкууд энэ хүү дээр дахиад дөрвөн хувийг нэмдэг. Үүнийг задалж тооцолбол үйлчилгээний хөлсний нэг хувь, хүүгийн ашиг хоёр хувь, эрсдэлийн санд нэг хувь төвлөрүүлдэг юм билээ. Ипотекийн зээлийн хүүг багасгах талаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр яригдаж, үүнээс нэг шийдвэр гарсан юм. Тодруулбал, төр нэг хувийн хүүтэйгээр Монголбанкинд зээлэхээр үүн дээр арилжааны банкууд өөрийн үйлчилгээний хөлс болох нэг хувь, хүүгийн ашгийн нэг хувиа нэмээд 3-5 хувиар ипотекийн зээлийг олгох боломжтой гэж тооцоолж байна. Зээлийн эргэн төлөлтийн санд өчнөөн мөнгө бий. Мөн банкууд өнөөдрийг хүртэл 95 мянган иргэнээс ашгаа авчихсан.

Түүнчлэн төрөөс 500 тэрбум төгрөг өгч байна. Тиймээс уг мөнгөөр банк дахин эргэлт хийгээд ипотекийн зээлийн хүүгээ бууруулж болно. Өөрөөр хэлбэл, банк үйлчилгээ үзүүлж байгаа юм чинь үйлчилгээнийхээ зардлыг ав. Хоёрдугаарт, ашгаа ав. Харин эрсдэл гэж байх ёсгүй. Учир нь тухайн хүн урьдчилгаагаа төлөөд авсан байрандаа амьдарч байхад ямар эрсдэл гарах юм бэ. Болохгүй бол байрыг нь хураагаад авч болно шүү дээ. Тиймээс эрсдэл гэдэг хүү нэмэхээ болъё гэж яриад байгаа юм. Энгийнээр хэлбэл үйлчилгээ нэг хувь, ашиг нэг хувь болно. Яахав арилжааны банкыг хүүгээ буулга гээд шахаад байгаа нь коммунист сэтгэлгээ шиг харагдаж байж болно. Тэгвэл арилжааны банк одоо байгаа шигээ дөрвөн хувийн ипотекийн зээл олгодог байг. Тэгвэл төр дөрвөн хувийн зээлээ нэг хувь болгох хэрэгтэй. Ингэснээр ипотекийн зээл хамгийн багадаа гурван хувь, ихдээ таван хувь байх боломжтой.

-Ипотекийн зээлийн хүү буурвал орон сууцны нийлүүлэлт өсөх нь гарцаагүй. Гэхдээ үүнийг дагаад барилгын материалын үнэ өсч магадгүй гэх болгоомжлол байна. Үүнийг хэрхэн зохицуулах боломжтой юм бэ?

-Үүнийг зохицуулж болно. Хувийн компани өөрийнхөө байшинг хэдэн төгрөгийн үнэтэй нийлүүлэх нь өөрсдийнх нь асуудал. Харин төрийн мөнгийг ашиглаж, ашиг олох гэж байгаа бол уучлаарай. Өгсөн журмын дагуу ашгаа ол гэж шаардах ёстой. Сая төгрөгөөр байшин барьлаа гэж бодоход нэг метр квадратын үнээ таван саяар үнэллээ гэж бодоход "Та таван саяар зараад байхдаа яадаг юм" гэж хэлж болохгүй. Учир нь зах зээлийнхээ хуулиар явах ёстой. Харин үүнийг ипотек болгоод бэлэн мөнгөний эргэлт хийгээд худалдан авагч авах гэж байгаа бол тухайн компанид зарагдаж эхлээгүй байхад нь бэлэн мөнгөний урьдчилгаа хийгээд өр гээд байшин дотор байгаа хүнд үүсгэчихэж байгаа юм. Компанид бэлэн мөнгөний эргэлтээрээ дахин байшин бариад ашиг байгаа учраас аль ч утгаараа магадгүй тендер ч байна уу хамаагүй худалдан авалтад 30 хуийн ашиг байвал болно гэж үздэг. Тиймээс хөндлөнгийн аудитаар анхны үнийг нь тогтоож, дээрээс нь 30 хувийн ашиг тооцоод үнэлгээг нь гаргачихъя гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, 10 хувь нь үйлчилгээ, 10 хувь нь ашиг, 10 хувь нь эрсдэл байх юм.

-Та ипотекийн зэлийн бууруулах тууштай тэмцэнэ гэж ярьж байсан. Энэ үгийн араас иргэдэд ипотекийн зээлийн хүү буурах болов уу гэсэн найдвар, хүлээлт бий болж байна?

-Тэмцэл гэхээрээ Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлах биш. Надад тийм мөнгө байхгүй, миний ард банк байхгүй. Сая М.Энхболдыг огцруулахаар тэмцэл хийгээд байсан нөхдүүдийн ард банк байсан юм билээ. Тиймээс миний тэмцэл гээд байгаа зүйл фэйсбүүк, твитрээр Ерөнхий сайд, Их Хурлын даргыг шахна, бодлогоо ярина.

-Ипотекийн зээлийн хүү буурснаар барилгажилт нэмэгдэнэ. Дагаад эрэлт нийлүүлэлт сайжирч утаа буурна гэж та үзэж байгаа. Нөгөө талаас утааг бууруулах нэг арга зам нь дагуул хот гэж ярьж байгаа шүү дээ?

-Бид утаанаас салах нэгэн арга нь дугуул хоттой болох зайлшгүй шаардлагатай. Гэхдээ Майдар биш. Харин  оронд нь хот гэж нэрлэгдээд байгаа Дархан, Эрдэнэт зэрэг хотуудаа бодлогоор дэмжих хэрэгтэй. Тодорхой сургууль, цэцэрлэг, үйлдвэрлэл, төрийн үйлчилгээг үзүүлж, хүмүүсийн амьдрах орон сууц зэргийг бэлдэх цогц хөтөлбөрийг дэмжих хэрэгтэй. Энэ талаар Ерөнхий сайдад ч хэлсэн.  

-Дараагийн сонгууль хаяанд ирлээ. Үлдсэн энэ хугацаанд ипотекийн зээлийн хүүг бууруулах энэ ажил амжих болов уу?

-Энэ 40 гишүүн ухаантай бол намайг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг огцруулахад кноп дарж, гарын үсэг зурсан хэдэн гишүүнийг хэлж байна. Тэдгээр гишүүд өөрсдөө хулгайч байж л авлига, шударга бусын хонгилтой тэмцэнэ гээд байх юм. Том хулгайч жижиг хулгайчаа л зодоод яваад байгаа шүү дээ. Том хулгайч гэдэг нь 30 жилийн өмнө хулгай хийсээр байгаад ханачихсан. Ханачихсан учраас одоо бүгдээрээ болъё гэхээр жижиг хулгайчууд нь та нөхдүүд 30 жилийн өмнөөс идэж уугаа биз дээ. Бид яагаад болдоггүй юм гээд байна.

Эх сурвалж: 24tsag.mn

Ярилцлагын булан
2019/02/11
Үзсэн: 243
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ