Хэнтийн аймагт хурдан морь унасан хүүхэд хоёр гараа хөлдөөжээ
2019/02/11
Ангилал: Эрэн сурвалжлах

Цагаан сараар орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулагдаж, уралдаанч хүүхэд хоёр гараа хөлдөөсөн гэх мэдээлэл сошиалоор цацагдаж иргэдийг бухимдуулсан. Тэгвэл энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "Хэнтий аймгийн Биндэр суманд хурдан морины сунгаа зохион байгуулагдаж, хүүхэд хоёр гараа хөлдөөсөн хэрэг гарсан эсэх талаар бид орон нутаг дахь мэргэжилтнүүдтэйгээ холбогдож тодрууллаа.  Хэнтий аймгийн Засаг даргаас ямар нэгэн уралдаан болоогүй талаар албан тоотыг өнөөдөр манайд ирүүлсэн.

Техник технологийн хөгжиж байгаатай холбоотойгоор сүүлийн үед хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бодит цаг хугацаанд нь мэдээлдэг давуу талууд бий болсон. Нөгөө талаас мэдээллийн давуу талыг зөв зүйтэй ашиглахгүй бол нийгмийг цочроосон, бусдыг буруутгасан үйлдэл мэтээр харагдуулдаг байдал ажиглагдах боллоо. Үүний нэг жишээ нь олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа өнөөдрийн мэдээлэл юм. 

Шинийн 1-нд айлд золгуутаар очсон хүүхэд ахынх нь мотоциклын шатахуун дууссан тул тусалж, гар чийдэн бариад саахалт айл руугаа явсан байна. Энэ үеэр гар нь жаахан хайрагдан маргааш нь сумын эмчид хандахад анхан шатны үйлчилгээ үзүүлээд шаардлагатай бол Улаанбаатар хот руу нэмж үзүүлээрэй гэж ээжид нь хэлсэн.

Ингээд хүү ээжийнхээ хамт галт тэргээр зорчиж явахад нь түүний зургийг зөвшөөрөлгүйгээр авч, сошиалд ташаа мэдээлэл тараасан байна. 

Хүүгийн ээжтэй холбогдож тодруулахад, одоо Сэлэнгэ аймагт золголтоор явж байгаагаа хэлээд зөвшөөрөлгүй зураг авч олон нийтийн сүлжээгээр мэдээлэл тараасанд гомдолтой байгаагаа хэлсэн. Хүүгийн биеийн байдал зүгээр. Маргааш ээжийнхээ хамт Сэлэнгэ аймгийн төвд ирэхэд нь ГБХЗХГ-ийнхан хүлээн авч уулзан шаардлагатай арга хэмжээг авна.

Хүүхэд зургаан настай, У.А гэдэг. Хэнтий аймгийн төвийн ойролцоо сумын сургуулийн нэгдүгээр ангид суралцдаг" гэв.

 
 
 
 
Эрэн сурвалжлах
2019/02/11
Үзсэн: 150
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ