“Адуу үргэхээр илжиг дагаж тожигноно” гэдэг шиг АН бүлэггүй болж бэрх байдал үүслээ
3 сарын өмнө
Ангилал: Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр өглөө. Тэрээр Ерөнхийлөгчид өргөдлөө өгч гарч ирээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Та Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа хүлээлгэж өгөх болсон шалтгаанаа дэлгэрүүлэн тайлбарлаж болох уу?

Монголын нийгэмд шударга ёс тогтоох чиглэлд сүүлийн хоёр жил буюу шинэ Ерөнхийлөгч гарч ирснээс хойш цочоо үүсэж, олон зүйл болохгүй байсан нь тогтоогдлоо. Одоо нийгэм зөв чиглэл рүүгээ явах нь гэсэн горьдлого бага хэмжээгээр үүсэж байна. Би Ерөнхийлөгчтэй жил найман сарын хугацаанд хамтарч ажиллалаа. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд надад цаашид хийх, хэлж ярих олон ажил байна. Улсын Ерөнхийлөгчийн ярьж хэлж байгаа зүйл Ерөнхийлөгч дээр хаяглагдаад байдаг юм байна. Х.Баттулга нь Н.Алтанхуягаараа үг хэлүүлээд байгаа юм шиг ойлгогддог бололтой. Зарим тохиолдолд бүр санаатайгаар мушгиж гуйвуулан ингэж ойлгуулаад байх юм. Тиймээс Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгөөд улс орондоо шударга ёсыг сэргээн тогтоох, иргэдийн амьдралыг сайжруулах чиглэлд хувь хүнийхээ хувьд бодсон зүйлээ чөлөөтэй хийх боломжийг олж авахаар өргөдлөө өглөө.

Сүүлийн үед манай намын гишүүд над руу их хандаж байна. Ингэхдээ “Та амиа бодоод яваад байна. Таны ярьж байгаа шударга бус зүйл чинь ардчилсан намд нүүрлэчихлээ. Одоо сүүлдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хамтран идэгчдийн тоонд орлоо. АН-ын дарга С.Эрдэнэ УИХ дээр шударга бус зүйл их хийлээ. Гэтэл та ямар юмаа хийгээд суугаад байгаа юм бэ” гэх юм. Би өөдөөс нь “Би улстөржиж болохгүй Ерөнхийлөгчийн институцийн хүн” гэж амиа аргалж явлаа. Одоо ингэж болохгүй юм байна. АН гэдэг чинь ямар хоёр, гуравхан хүний нам биш. Ардчиллын төлөө 30 жил явсан манай гишүүдийн хичээл зүтгэлийг хэдхэн хүн, МАНАН-гийн тоглоом болгоод хаячихаж болохгүй юм байна. Тиймээс би хариуцлагаа ухамсарлаж намынхаа мянга мянган гишүүдтэй хамтраад намаа цэвэрлэхээр шийдлээ. Төрийн эрхэнд хүрч болох институц ингэж ялзарч болохгүй. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад намаа шүүмжлээд яривал ямар аймаар юм болно гэж бодож байна. Тиймээс Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өглөө. Ярих, хийх, босгох, тэмцэх ажил их байна. Энэ ажлууд руугаа шуударлаа.

-Ерөнхийлөгч яаж хүлээж авсан бэ?

-Ерөнхийлөгч өргөдлийг минь аваад, уншаад үлдсэн.

-Таныг АН-ын даргад өрсөлдөнө гэж ойлгож болох уу?

-Хүнийг юм хийх гэхээр заавал дарга, цэрэг болох нь гэж яриад байх юм. Би дарга болохгүйгээр амьдраад явах боломжтой хүн. Надад өнөөдөр намынхаа олон гишүүдийн итгэл сэтгэлийг үрэхгүй байх нь чухал байна. Би 30 жилийн өмнө их сургуулийн багшийн ажлыг орхиж ирж байхдаа “АН маань мундаг нам болно. Монголчуудыг боломжийн хэмжээнд амьдруулж чадна. Дундаж давхаргыг босгоно” гэсэн гээн бодолтой ирсэн болохоос биш 60 тэрбум, “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэргийг цээжээрээ хамгаална гэж бодоогүй“Адуу үргэхээр илжиг дагаж тожигноно” гэдэг шиг МАН-ын доторх зөрчилдөөн дунд АН УИХ-д үгээ хэлэх бүлэггүй болно гэдэг тэсвэрлэхэд бэрх нөхцөл байдал үүссэн гэсэн үг.

-Намынхаа удирдлагын түвшинд ажиллаж чадахгүйгээр намаа шинэчлэх боломжтой юу. Та намаа шинэчлэх ажлаа юунаас эхлэх вэ?

-Гишүүдээсээ эхэлнэ. “Гишүүд минь та нар юу гэж бодож байна. Энэ зөв зүйл үү, буруу зүйл үү” гэдгийг сонсно. Ер нь нэг дарга гарч ирээд гишүүдээсээ тусгаарлахаар л асуудал үүсдэг. Ийм л зүй тогтолтой зүйл болж байна.

Улс төр
3 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ