ЮНЕСКО-гийн зөвлөлдөх уулзалт болж байна
3 сарын өмнө
Ангилал: Дэлхий

ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгын 16.10.2 шалгуур үзүүлэлтийг Үндэсний сайн дурын тайлан илтгэлд тусгах асуудлаар олон талт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус зөвлөлдөх уулзалтад ХЗДХЯ, БОАЖЯ, ГХЯ, БСШУСЯ, ЗГХЭГ, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, ҮХГ, ЦЕГ, ШЕЗ, ҮСХ, Харилцаа холбооны зохицуулах хороо, ХХМТГ зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож байгаа юм. Уулзалтын зорилго нь Үндэсний сайн дурын тайланд тусгах Тогтвортой хөгжлийн зорилтын 16.10.2-ын шалгуур үзүүлэлтийн хэрэгцээ, шаардлагын талаар мэдээлэл өгөх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, мөн хамтын хүчин чармайлтыг эрчимжүүлэх талбар бий болгох, цаашид ажлын хэсэг байгуулж ажиллах гэх мэт үндэсний механизмаар дамжуулан нутагшуулахад чиглэжээ. Уулзалтын дараа Тогтвортой хөгжлийн зорилтын 16.10.2-ын шалгуур үзүүлэлттэй холбоотой ахиц дэвшлийг үнэлэх, тайлагнах зорилгоор мониторинг, үнэлгээний тогтолцоог бий болгох чиглэлд сургалт явуулахад ЮНЕСКО-гоос дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.

Тогтвортой хөгжлийн зорилтын 16.10.2-т туссан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө нь "Төрийн мэдээллийн хүртээмжийг хангах, суурь эрх чөлөөг хамгаалах" гэсэн зорилгод багтдаг. НҮБ-ын гишүүн орнууд Үндэсний тайлангаа жил бүр тавих бөгөөд энэ нь Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд нягтлах хэлэлцүүлгийн суурь болох ажээ. 2019 оны Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтаар 51 улс Үндэсний тайлангаа тавих бөгөөд тэдний нэг нь Монгол Улс юм. 

Дэлхий
3 сарын өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ