Ц.Оюунбаатар: “Хонгил”-ыг нураахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой
17 өдрийн өмнө
Ангилал: Ярилцлагын булан

МАХН-ын дэд дарга, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-С.Зоригийг хөнөөсөн гүйцэтгэгчдийг илрүүллээ гэж ид шуугиж байсан 2015 онд та “Мэргэжлийн мөрдөн байцаагч, прокурор байсны хувьд надад  эргэлзээ байна. Энэ асуудалд би  шүүмжлэлтэй хандаж байгаа” гэж байсан. Сая эрүү шүүлтийн бичлэг ил боллоо. Хүний эрхийн хуульчийн хувьд юу гэж дүгнэж байна? 

-Монголын нийгэм маш том хямралд орж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа бүрэн дампуурсан. Ийм л нөхцөл байдал бий болж байгаа. Энэ зөвхөн өнөөдөр бий болчихоогүй. Ийм байдалд хүргэсэн Ерөнхийлөгч, улс төрийн олигарх бүлэглэл, гар хөл нь болж хэрэгжүүлсэн хүмүүс буруутай. Бид асуудлыг удаа дараа, ялангуяа 2012 оноос хойш байнга ярьж анхааруулж ирсэн. Монголын нийгэм буруу тийшээ явчихлаа, улс төр бизнесийн олигархи бүлэглэл засгийн эрхийг үндсэндээ хянаж, хууль хяналтын байгууллагад өөрсдийн төлөөллийг оруулж, дур зоргоор авирладаг боллоо.

Тухайлбал, Н.Энхбаярт Эрүүгийн хуульд байхгүй хэрэг тулгаж, хүч хэрэглэн баривчилж, эрүүдэн шүүсэн, хуурай өлсгөлөнд оруулж тамлаж, үүнийгээ бичлэгээр хийсэн. Энэ үйлдлээ  авлигатай тэмцэж байгаа мэтээр нийгэмд, дэлхий дахинд  харуулахыг оролдсон. С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ялласан зохиомол хэрэг ч тийм байгаа. Өөрөөр хэлбэл, С.Зоригийн хэргийг шалгах нэрээр эрүүдэн шүүсэн нь бодитой зүйл.  Н.Энхбаяр гэдэг хүн дээр эрүүдэн шүүлт анх эхэлж, цааш үргэлжилсэн. Эрх баригчдад таалагдаагүй, тэднийг шүүмжилсэн, сөрж зогссон улс төрийн хүчний төлөөллүүдийг эрүүдэн шүүсэн асуудал тултал явсан. Шалгах юм бол 1937, 1938 оны хэлмэгдүүлэлт шиг, түүнээс ч ноцтой зүйлүүд хэдэн арав, зуугаараа гарч ирнэ. Би хуулийн байгууллагад 1992 оноос ажиллахаа больсон ч, өнөөгийн прокурорын байгууллага цагдаа  арга барилаар ажилладаг боллоо, хараат бус шүүх байхаа байлаа, улс төр бизнесийн бүлэглэлийн нөлөөгөөр шүүн таслаж байна гэсэн шүүмжлэлийг дотроос нь байнга сонсч байсан. Их төлөв “Бидний дээр нэг дарга авчраад тавьчихсан, яах ч арга алга” гэж өөрсдийн арчаагүйг хэлдэг байсан. Хамгийн гол нь энэ үйл явц нь өөрөө Үндсэн хуулийн мухардал, хоосон тунхаглал болсныг харуулж байна.

-Үүн дээр дөрөөлөн хууль завхруулж тоглолт хийсэн хүмүүсийг Н.Алтанхуяг “Хонгилын эзэд” гэж томъёолсон. Гэхдээ Монгол Улс  хуультай шүү дээ. Хууль яагаад хэрэгжсэнгүй вэ?

-Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрх, эрх чөлөө Монголд байхгүй болоод удаж байна.Ганц жишээ хэлэхэд, “Эмнести интернэшнл” гэж Нобелийн шагналт олон улсын хүний эрхийн байгууллагын Монгол дахь салбар  гэхэд л тухайн үеийн Ерөнхийлөгчийн хяналтад шууд  шилжиж, гэр бүлийнх нь хүн ҮАБЗ-д ажилд орсноор, хараат бус байж чадахаа байсан. Монголд улс төрийн хэлмэгдэл, эрүүдэн шүүх ажиллагаа хэрэгжээд байдаг, мөн энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цухалзаад байхад  тэд огт анхаарал хандуулаагүй. Ийм байхад өнөөдөр мянга мэдэгдэл гаргаж давхиад яах юм бэ. ХЭҮК байна, анх хүний эрхийн талаар  хууль оруулахдаа доголдолтой хийсэн. Мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд оролцдоггүй, хүний эрхийн эсрэг үйлдлийг таслан зогсоохгүй болгосон.  Ингээд хэдэн монголчуудаа аваачиж подвальд тусад нь өрөөнд хийн эрүүдэн шүүдэг  болгосон. Төв аймгийн Цагдан хорих төв энэ талаараа алдартай. Онцгойлж үзсэн, занасан  хүмүүсээ аваачиж тэнд залхаадаг, хамгийн хүнд нөхцөлд хорьдог. Н.Энхбаярыг тэнд хорьж байсан. Б.Содномдаржаа нарыг ч тэнд хорьж дарамталсан. Тэнд ямар ч хяналт байхгүй. АМГТГ-ын дарга асан Д.Амарсайхан амь насаа алдсан, энэ асар том гэмт хэрэг. Гэтэл  хэн ч хариуцлага хүлээгээгүй. Үхсэн хойно нь шүүхээр оруулж ялласан. Сая Бямбаа гэж нэр хүндтэй хуульч шоронд амиа алдлаа. Тэр хүнийг 24 цаг байцааж байгаа нэртэй гаднаа суулгаж, бүтэн өдөржин хоол унд өгөлгүй байлгасан. Дараа нь дахин 48 цаг хорьж мөрдөхдөө прокурор  шүүхийн тогтоол гаргаагүй. 24 цагийн дотор шүүх хянаж, хорих эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл 48 цаг болсон. Тэгээд гаргах гэж байсан чинь цагийн өмнө амиа хорлосон байна гэж байгаа юм. Монголд хүний эрх цаасан дээр л байна. Хуулийг өөрсдийн дур зоргоор зохиодог, тайлбарладаг явдал прокурор, АТГ-т газар авсан. Улстөрч эзэд нь, олигархи бүлэглэл нь захиалга өгсөн л бол түүнийг нь хэрэгжүүлдэг, бууны нохой болсон гүйцэтгэгчид дүүрсэн. Одоо шинэ эзэн хайгаад гүйж яваа. Тэд эрүүгийн гэмт хэрэгтнүүд гэдгээ өөрсдөө сайн мэдэж байгаа. Ямар дарамт шахалт үзүүлж, яаж ч эрүүдэн шүүж байсан дараа нь хариуцлага хүлээдэггүй эзэд нь хамгаалдаг.   “Гар гараа угаана” гэдэг шиг бие биеэ хамгаалаад. “Хонгил” гэж Н.Алтанхуягийн хэлсэн үнэн. Тэр өөрөө“Хонгил”-д хэлмэгдсэн хүн.  Улс төрийн хэлмэгдэгсэд өнөөдөр бүгд цагаатгагдах ёстой. Ганц С.Зоригийн аллагын хэрэг гэж шүүрч авч яриад байх нь өрөөсгөл юм. Хүн нь байвал хуулийн зүйл анги олоод наадаг мэргэжилтэн  АТГ, Прокурорт хэд хэд бий.

-Гэхдээ өнөөгийн нөхцөлд  энэ байдлыг нэг л  хялбар шийдчих гээд байна уу даа. Тухайлбал, хууль,хяналтын байгууллагын  удирдлагыг солиод болчих бололтой?

-Энэ хоёр гурван хүнийг солиод өөрчлөгдөхгүй бүхэл бүтэн системийн хямрал шүү дээ. Тогтолцооны маш том алдаа. Ц.Элбэгдоржоос өмнөх Ерөнхийлөгч нар шүүх, хуулийн байгууллагын дотоод руу ордоггүй, даргыг нь томилчихоод сууж байсан. Сүүлийн үед  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  “Хонгил” бий болгож, өөрийн шүүгч, прокурортой, тэдэндээ  одон медаль өгдөг, тэднийгээ албан тушаал дэвшүүлдэг болсон  нь сүлжээгээр гараад ирчихсэн, Л.Гансүх нарын зүгээс маргахын аргагүй тайлбар тавьсан байна лээ. Өнөөдөр нэг хүний бий болгосон гэх юм уу, нийт МАНАН бүлэглэлийн бий болгосон зүйлийг гурван хүн хоорондоо яриад, хэдэн даргыг  халж солиод засчихна гэж би бодохгүй байна. Дахиад хэлэхэд, үүнийг өөрчлөхийн тулд Үндсэн хуулиа иж бүрэн шинэчлэх  ёстой. Хүний эрх, эрх чөлөөг бодитой болгож байж бид өөрчлөгдөнө. Ийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээрээ хэлэлцүүлэх шаардлагатай. Ингэхгүй бол худалдагдсан, дийлэнх олонх нь 60 тэрбумаар мөнгө тарааж гарч ирсэн УИХ энэ асуудлыг шийдэх чадваргүй. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох дээд байгууллага маань ийм ёс зүйгүй, ихэнх нь  ард түмний саналыг луйвардаж, худалдаж авсан гэмт хэрэгтнүүд сууж байна. Энэ дотроос таван гишүүн  нам харгалзалгүй хамтран санаачилж, иргэний нийгэм дэмжиж, эх оронч иргэд нэгдэн тэмцэлд гарч  нэгдэж, тэмцвэл юунд хүрч болохыг харуулсан. Энэ тэмцлийг туйлд нь хүргэх ёстой.

-УИХ-ын түвшинд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх тухай ярьж байгаа. Үүнийг та юу гэж харж байна?

-МАНАН бүлэглэлийн төрд бугшсан хүмүүс өөрсдийн амьдрах хугацааг уртасгахын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэртэй хэдэн зүйл яриад бүтэхгүй. Харин ч шинэ МАНАН үүсэх магадлалтай. Гэмт хэрэг үйлдсэн олигархи бүлэглэл  цааш амьдраад явах бололцоотой. Сая л гэхэд БЗД-ийн нөхөн сонгууль мөнгөний луйвар боллоо. Хоногийн хоолоо арай гэж олж байгаа иргэд хэн мөнгө өгнө түүнийг сонгоно гэж ярьж байна шүү дээ. Зарим иргэн намайг танай намыг дэмждэг гээд дансанд мөнгө оруулахаас татгалзаад байна, та нар миний нэрийг хасч өгөөч гээд гуйгаад ирж байсан. БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч нь ингэж хавтгайруулж мөнгө тараачихаад газар дээрээ баримттайгаар  баригдан цагдаад хүргэгдчихээд маргааш нь хэвлэлийн хурал хийчихсэн, Сонгуулийн хорооны даргатайгаа хамт сууж байна шүү дээ. Ингэхээр 2020 оны сонгууль юу болох вэ. Шударга тогтолцоо бий болохгүй гэсэн үг. Шударга ёсны төлөө тэмцэж байгаа бол МАН-ын дарга У.Хүрэлсүх БЗД-ийн дахин сонгуулийг нэн яаралтай хүчингүй болгож мөнгөнөөс ангид сонгуулийг зохион байгуулах ёстой. Өмнө нь сонгогдсон хүмүүсийг мөнгө тараасан гэж эргүүлэн татуулчихаад дахиад авлигажсан, гэмт хэрэгжсэн мөнгөний сонгууль явуулж хэрхэвч болохгүй.

-Сэжиг таамаг бол хэзээд байдаг. Харин тэрийг шалгахад юуг баримтлах ёстой байдаг вэ?

-Мэдээж сэжиг байж болно. Шалгахдаа хараат бус хуулиа хэрэгжүүлж шалгах ёстой болохоос урьдчилсан төсөөлөл хийчихээд хэн нэгнийг эрүүгийн гэмт хэрэгтэн болгоход ашигладаг байж таарахгүй. С.Зоригийг хөнөөсөн хэргийг  мөрдсөн,эрүүдэн шүүсэн  талыг авч үзэхэд нэгдүгээрт, албан тушаал, алдар гавьяа хөөцөлдсөн зүйлүүд харагдаж байгаа. Цааш лавшруулж үзвэл улс төр, бизнесийн бүлэглэл энэ хэргийг илрүүлсэн болж эзэн, яллагдагч, шүүгдэгчийг зохиомлоор бий болгож, хэргийг нийгмийг төөрөлдүүлэх, мартуулах, магадгүй энэ хэрэгт идэвхтэй оролцсон, С.Зоригийг алах ажлыг захиалсан бүлэглэлийн гэмт үйлдлийг нууж дарах ийм л зорилготой байж. Олон хүн ингэж харж байгаа байх. Энэ хэн нэг хүний  биш, бүлэглэлийн асуудал.

-Хэн удирдаж зохион байгуулсан юм бол?

-Мэдээж  тухайн үед хамгийн их эрх мэдэлтэй,төрийн удирдлагыг атгаж байсан хүмүүс. Ард нь улс төр, бизнесийн МАНАН бүлэглэл, мафи байгаа гэсэн үг. Харин тэдний доор гар хөл болдог хүмүүс  хэрэгжүүлсэн  байж таарна. Ц.Амгаланбаатарын тухайд эрүүгийн цагдаад ажилладаг хариуцлагатай хүмүүс “Энэ нөхөр байнга худал мэдээлэл өгдөг шүү. Өмнө нь хүн амины гэмт хэрэгт таслагдсан. Цаазын ял аваад хуулийн өөрчлөлтөөр 25 жил болсон, цааш нэмэгдүүлэхгүй. Байнга худал хэрэг хүлээж, зохиож ярьдаг” гэж 2013 онд  хэлж  байсан. Ийм хүний гаргаж тавьж буй асуудалд маш болгоомжтой хандах ёстой шүү дээ. Мэдээж шалгаж болно, шалгахыг би огт үгүйсгэхгүй. 1987 онд гарсан Дугархорлоогийн хэрэг гэгч дээр Мягмар гэж хүн маш олон хүнийг хэрэгт татаж, гэрчилсэн. Олон хүн цаазын ял авсан. АИХ-ын тэргүүлэгчид дээр яригдахад хүртэл цаазлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Дараа нь хэрэг задарсан. Ингээд асуудал олон нийтийн анхааралд орж, шог зохиолч Ж.Барамсай анх дэлгэж тавьсан. Яг тэр хэргийн  хувилбар сая давтагдлаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг зааж өгч байгаа Ц.Амгаланбаатар өөрөө нэр төр хөөцөлдсөн  захиалгат мөрдөгчдийн гар хөл болж, гүтгэж, тэр байтугай эрүүдэн шүүх, тамлах ажиллагаанд идэвхтэй оролцсон. Тэр хүн хэзээ ч, хаашаа ч буцаж булзаж болно, тэрийгээ мэдэж байгаа.

АТГ, цагдаа, прокурорынхны доторх авлигачид хэн нэгийг барьж авч дарамтлан, алдааг нь ашиглаж, өөрийн улс төрийн болоод бусдыг хэлмэгдүүлэх зорилгод үйлчлүүлдэг гэж хэвлэлээр гардаг. Үүнийг  бодитой байгаа зүйл гэж та үзэж байна уу?

.-Байгаа гэдэг нь сая нотлогдчихлоо шүү дээ.  АТГ-ын мөрдөх арга ийм болсныг, “Шударга бусын хонгил”-оор орсон бүхэн ярьдаг. Харин үүнийгээ зогсоогоогүй цагт хэн нэгэн бусдыг худал гэрчилж, хэнийг ч хэлмэгдүүлж болно. Өнгөрсөн хугацаанд бизнесийн салбарынхан ч  шалгагдсан, олон хоног сараар хоригдсон зэрэг нь дандаа ийм асуудалд дөрөөлсөн үйлдлүүд. Тамлах, зовоохыг тэвчээгүй нь хилс хэрэг хүлээдэг. Ийм явдал эртнээс байсан. 2017 онд юу болов, ТЕГ-ын гүйцэтгэх ажилтан, гадаадын иргэдийг татан оролцуулж бусдын нэр төрийг унагах зорилгоор төрийн тусгай хамгаалалтад байгаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн гэрт нэвтрүүлсэн. Шалгуулъя гэхээр  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гээд хэрэгсэхгүй болгож байгаа юм. Энэ бол  дээрээс зохион байгуулсан улс төрийн балмад үйл явдал, төрийн эсрэг  гэмт хэрэг. Түүнийг явуулсан ТЕГ, зөвшөөрөл өгсөн прокурор, дээр нь байгаа МАН-ын удирдлага эрт орой шалгагдаж л таарна. Баян-Өлгийд сонгуулийн цахим сүлжээг хааж байгаад 14 мянган хүний саналыг луйвардсан. Үүний цаана төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэмт үйлдэл байгаа. Ийм тогтолцоо, эрх мэдлийг МАНАН өнөөдөр өөртөө авч үлдэх гэсэн оролдлого юм. Иймд МАНАН-г үүсгэхгүйн тулд энэ бүхнийг задлах ёстой. Хамгийн гол нь аливаа гэмт хэргийг тал бүрээс нь шалгах ёстой. Ингэхдээ хүний эрх, эрх чөлөө, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаг, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг хатуу мөрдөж ажиллах ёстой. Харамсалтай нь ингэж ажиллаагүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүслээ. Үүнийг өөрчлөх ёстой. Магадгүй өөрийнх нь намд, өөрт нь ашиггүй байж болох ч Монгол эх орныхоо төлөө үүнийг хийхээс өөр гарц байхгүй. Үүнийг хэдэн хүний хүрээнд, бүлэглэлийн хүрээнд засч залруулна гэвэл МАНАН-г арилгаж чадахгүй, харин ч шинийг үүсгэнэ.

-Фашист аргаар эрүүдэн шүүдэг, 1937 оны коммунист яргалал Монголд байна гэлээ.  Цааш үргэлжлүүлэхгүйгээр  таслан зогсоохын тулд яах ёстой вэ?

– Энэ бүхэн тогтолцооны алдаа, Үндсэн хуулийн мухардал.Үүнээс гарахын тулд бид хоосон тунхаглал, цаас болгосон Үндсэн хуулиа иж бүрэн шинэчлэх  ёстой. Ард түмний саналыг худалдаж аваад төрд гарсан МАНАН бүлэглэлийг задлах ёстой.  Олигархиудын  тоглоомын сонгууль, мөнгөний сонгуулийг бүрмөсөн хаах, зогсоох хэрэгтэй.  Сонгуулиа шударга хийдэг болох хэрэгтэй.

-Гэхдээ одоо нийгэм тэр аяараа эрүүдэн шүүлсэн бичлэг рүү анхаарч бусад асуудлыг тоохгүй болчихоод байна шүү дээ?

-Тэр сэтгэлзүйг нь одоо шударга ёсыг тогтоох, Монгол орныхоо баялагт эзэн болох, алт зэс, нүүрс, нефтийн баялагтаа эзэн байх,  нэгдсэн бодлого руу эргүүлэх учиртай. Энд эв эе  хэрэгтэй. Түүнээс хэн нэгэн баалж доромжлоод өөрөө ард нь үлдэнэ гэвэл өмнөх МАНАН-гийнхаа  замаар л явна. Бид ганц л эх оронтой. Сөрөг хүчин, өөрт таалагдахгүй байна гээд яах юм бэ, бүгд тойрч суугаад улс орноо аврах гарц болсон шинэ Үндсэн хуультай болох шаардлага урган гарч байна. Энэ л хамгийн чухал. Намаар талцах биш эх орноо бодсон шударга сонгуулийг  явуулъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ярилцлагын булан
17 өдрийн өмнө
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ