Англи хэл яагаад сурах ёстой вэ
12 өдрийн өмнө
Ангилал: Энтертайнмент

1. Өөрийнхөө төлөө

Улс орон хөгжин дэвшихийн зэрэгцээ хүмүүсийн боловсролын төвшин улам өндөр болсоор байгаа өнөө үед англи хэлгүй байна гэдэг нь бусдаас хэдэн алхам хойно алхаж байгаатай адил болоод байна. Хүн бүр англи хэлийг гүнзгий төвшинд эзэмших шаардлагагүй. Гэхдээ ойр зуурын өөрийн хэрэглээнд мөн бусадтай харьцах хэмжээний төвшинтэй заавал байх ёстой. Яагаад вэ гэж үү? Энгийн жишээ татъя л даа...

Таны өдөр тутамд хэрэглэдэг интернет орчинд бараг бүх мэдээллүүд англи хэл дээр байдаг. Гэртээ зориулаад дэлгүүрээс ямар нэгэн цахилгаан бараа авсан ч заавар нь англи хэл дээр байдаг. Мөн та эмийн сангаас өөртөө эм худалдаж авсан ч тайлбар нь англи хэл дээр байх тохиолдол олон. Тэгвэл та ядаж өөртөө хэрэгтэй мэдээллээ Google-с хайгаад уншчихдаг, гэртээ авсан цахилгаан барааныхаа тохиргоог өөрөө хийчихдэг, хүүхдэдээ авсан эм-нийхээ хэрэглээг нь уншаад ойлгочихдог бол таны амьдрал тун хялбар болохгүй гэж үү? Эцэг, эх нь аль нэгэн хэлний мэдлэгтэй бол хүүхдүүд нь тухай хэлийг сурах хүсэлтэй болдог гэдэг та мэдэх үү?

2. Эх орныхоо төлөө

Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын хүн амын бараг 90% нь англи хэлээр төвөггүй ярьдаг. Энгийн таксины жолооч, цэвэрлэгч, угтагч гээд бүгд ойр зуурын зүйлийг ойлгодог ярьдаг байх жишээний. Тиймээс энэхүү орнуудад жуулчид ихээр аялах дуртай байдаг. Тэгвэл энэ нь бидний эх оронд яагаад хэрэгтэй вэ гэж? Зун болгон манай оронд маш олон тооны жуулчид ирдэг. Гэтэл жуулчдад тулгардаг хамгийн хүнд асуудал бол хэл нэвтрэлцэхгүй байх.

Манай улс шиг байгалийн үзэсгэлэнт газар ихтэй жуулчид ихээр татдаг улсын хүмүүс англиар ярьдаг болчихвол жуулчдын тоо хэдээр нэмэгдэх бол? Тэгвэл жуулчид ихээр ирэх нь тухайн улсад ямар ашигтай вэ? Жуулчид ихээр ирнэ гэдэг манай орны эдийн засагт шууд нөлөөлдөг. Онгоцны буудал дээр буухаас л эхлүүлээд такси барих, буудалд буух, хоол идэх, дэлгүүр хэсэх, хөдөө нутгаар аялах гээд энэ бүх зардал, мөнгө монгол улсад орж ирж байна гэсэн үг юм. Тэгэхээр зун бүр ирдэг энэхүү жуулчдад бид өндөр сэтгэгдэл төрүүлснээр эх орныхоо эдийн засагт багахан хэмжээнд ч гэсэн тус нэмэр болж байна гэж ойлгож болох нь.

Эцэст нь хэлэхэд технологи хөгжсөн өнөө үед англи хэл сурах тун хялбар болсон шүү дээ. Та утсан дээрээ англи хэлний Application татаж аваад өдөрт 30-хан минутыг зарцуулаад л сурч болно. Эсвэл сургалтын төвд суусан ч болно. Хамгийн гол нь та хэл сурахыг туйл ийн зорилгоо болгож өдөрт тодорхой хугацааг хэл сурахад зориулахад л хангалттай. Англи хэлтэй байна гэдэг нь тухайн хүн маш их мэдлэгтэй мөн боловсролтой нь нэг илэрхийлэл юм шүү.

Бид өмссөн зүйснээрээ бус мэдлэгээрээ гайхуулах цаг үе ирээд байна. Танд амжилт хүсье.

Энтертайнмент
12 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ