Ж.Батзандан: Шударга ёсны салхи сэвэлзсэн учир М.Чинбат ирсэн
5 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

Иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын саналын дагуу УИХ-ын нэр бүхий гишүүд анх удаагаа Улсын ерөнхий прокурорын орлогчийн томилгоотой холбогдуулан нээлттэй сонсгол хийлээ. Тус сонсголд Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат, С.Алиманцэцэг нар оролцсон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Монгол Улсын түүхэнд анх удаа томоохон албан тушаалтны томилгоотой холбогдуулан нээлттэй хэлэлцүүлэг, нийтийн сонсгол хийж байна. Прокурорын байгууллага үндсэн гурван чиг үүрэгтэй байгууллага юм.  Тухайлбал, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих, Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт бичих, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялын хэрэгжилтэнд хяналт тавьдаг чиг үүрэгтэй.  Шударга ёсны шуурга орон даяар сэвэлзсэн учраас М.Чинбат прокурор томилогдох гэж байгаа юм шүү. Тиймээс надад асуух хэд хэдэн зүйл байна. Томоохон гэмт хэргүүдийг олон жилийн турш нууж дарсан гомдлууд байгаа. Үүнд иргэд маш их бухимдаж байна. Мөн оффшор болон Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг луйвардаж авсан албан тушаалтнуудын хэрэг, С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэг зэрэг өчнөөн асуудал байна. Та томилогдоод энэ хэргүүдийг шалгах асуудал дээр дэмжлэг үзүүлж шударага ёс тогтоож чадна гэж итгэж байна. Түүнчлэн 60 тэрбумын хэрэг, Монгол банкны эрднэсийн болон төрийн сан хөмрөгөөс алдсан үнэт зүйл, Эрдэнэс тавантолгойн 340 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан хэргүүд олон жил дарагдлаа. Та эдгээрийг шууд очоод шийдэж чадах уу. Танд нийт 30 гаруй хэргийг  хүргүүлж байна. Та өөрийнхөө байр суурийг илэрхийлж өгөөч.

Прокурор М.Чинбат:

-Нийгэмд болж байгаа бүх үйл явдлыг ажиглаж зөв чиг хандлагыг нь олох ёстой гэсэн байр суурьтай байна. Би прокурорын байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагын нэр хүнд хангалтгүй түвшинд хүржээ. Энэ байдалд бид онцгой анхаарах ёстой. Миний бие хэрвээ энэ албан тушаалд томилогдвол нийгмийн бүх асуудал болон прокурорын байгууллага дээр шийдэгдэхгүй байгаа гэмт хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллана. Нийгмийн анхаарлыг татаж хүлээгдэж буй олон гэмт хэрэгт анхаарна. Цаашдаа бид байгаль орчин, ашигт малтмалын асуудал дээр нийтийн эрх ашиг хохирсон нөхцөлд прокурор идэвхтэй байр суурьтай ажиллах ёстой. 

Нийгэм
5 өдрийн өмнө
Нийтлэлч:
Г.Мягмарсүх
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ