“Капитал”-ын дампуурлын сүүдэр Худалдаа хөгжлийн банкийг дайрах уу?
2 сарын өмнө
Ангилал: Эдийн засаг

Банк дампууруулах замаар хөрөнгө завшдаг хар технологи хэдийнэ бий болсныг Капитал банкны дампуурал батлан харууллаа. Энэ тухай эдийн засагч, шинжээчид ч онцолсоор байна. Сэргээн босголтын банкаар эхэлж Хоточ, Зоос, Анод, Хадгаламж гээд үргэлжилсэн банкны дампуурлаас хэн хожиж, хэн хохирсныг энд тоочиход илүүц биз ээ.

Өчигдөрхөн Капитал банк 250 ажилтандаа тойрох хуудас “гардуулсан” мэдээлэл түгэв. Бас том жижиг хадгаламж эзэмшигчид хохирлоо хэрхэн нэхэмжлэх талаар хариулт эрсэн асуултууд ч энд тэндээс гарч эхэлсэн. Харин хамгийн том асуултын тэмдэгтэй байгаа нь төрийн мэдлийн 300 гаруй тэрбум төгрөгийг яаж барагдуулах, түүнийг зээлсэн нөхдийг хэрхэх тухай юм. Цаашлаад Капитал банкны дампуурал юунаас үүдэв, энэ нь цор ганц тус банкны асуудал байсан уу, Монголын банк санхүүгийн салбарын асуудал болсон уу гэдэг өргөн цар хүрээтэй асуулт бий болоод байна.

Мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар аль ч банкинд 5 хувиас хэтрэх ёсгүй чанаргүй зээл Капитал банкинд гэхэд нийт зээлийнх нь 80 хувьд хүрсэн байсан нь тус банкны дампуурлыг илтгэсэн захын жишээ гэлцэж байна. Цаашлаад яривал банкинд тавигдах шаардлага хангахгүй үйл ажиллагааг олон жилийн хугацаанд явуулж ирсэн, бие дааж үйл ажиллагаа явуулах чадамжгүй хэрнээ төрийн мөнгийг их хэмжээгээр байршуулж эхэлснийг ч шүүмжлэх хүмүүс байна.

Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д банк дараах шаардлагыг хангаж ажиллана гэжээ. Үүнд:

16.1.1.заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаа“Капитал”-ын дампуурлын сүүдэр Худалдаа хөгжлийн банкийг дайрах уу? тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх;
 
16.1.2.өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй
алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх... гэсэн байгаа юм.

Гэвч Капитал банк өөрийн бие даан үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамж муутай байтал 2007 оноос эхлэн төрийн мөнгийг байршуулж эхэлсэн нь анхаарал татна. Нэг үгээр банкны дампуурлын зохион байгуулалтын хэлбэр ингэж эхэлдэг гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. Харин үүнийг хянах үүрэгтэй байгууллага болох Монголбанк өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй нь хачирхалтай.

ОУВС Монгол Улсыг өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртөө хамруулахын өмнө аудитын шалгалт хийж, банк санхүүгийн салбарын тогтолцоо чинь гажуудалтай байна, банкууд дампуурах эрсдэлтэй байгааг сануулан арга хэмжээ авч засах үүргийг Монголбанкинд өгсөн байдаг. Учир нь дээр өгүүлснээр чанаргүй зээлийн хэмжээ нэг банкинд 5 хувиас хэтрэхгүй байх зарчим байдаг ч манай улсын хувьд энэ хувь хэтэрхий өндөр байсаар байгааг эдийн засагчид онцлох болсон. Тодруулбал, чанаргүй зээлийн хэмжээ нийт банкуудын дундаж хувь 8-9 хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд эргэлдэв. Дээрээс нь хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ бас 8-9 хувьтай байна. Нийтдээ нийт зээлийн 20 хувийг чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл эзэлж байгаа нь Монгол Улсын банк санхүүгийн систем хямралд орсныг илэрхийлэх жишээ юм.

Өөрөөр хэлбэл, Капитал банкны араас дампуурлаа зарлах банк байгаа гэсэн үг. Үүнийг ОУВС-гийн хэмжээнд анхааруулж байсныг дахин сануулъя. Тэгвэл дампуурах эрсдэлтэй нүүр тулаад байгаа дараагийн банк аль нь вэ?

Сүүлийн өдрүүдэд телевизийн суваг бүрээр банк санхүүгийн салбарт шинэчлэл эхлүүлж байсан гэх утга бүхий сурталчилгааг бялууртал цацаж байгаа нэгэн банк бий. Тэр бол Худалдаа хөгжлийн банк. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал, Капитал банкны дампууралтай зэрэгцэн ийм их сурталчилгааг цаг наргүй цацах болсон нь тус банк асуудалд орсны дохио. Үүнийг улс төр хийгээд эдийн засгийн хүрээнд аль эртнээс ярьж эхэлжээ.

Худалдаа хөгжлийн банк дампуурах эрсдэлтэй банкуудыг тэргүүлэх болсон нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хууль бус асуудалтай шууд холбоотой гэлцэж байна. Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авах үйл ажиллагааг Засгийн газрын хүрээнд, бүр цаашлаад хил дамнан үргэлжлүүлсэн нь гол шалтгаанаар нэрлэгдэж байгаа сурагтай. Дампуурлын шалтгаан зөвхөн үүгээр дуусахгүй.

ОУВС-аас 2017 онд манай улсын банкуудад 784 сая ам.долларын өөрийн хөрөнгийн зузаатгал хэрэгтэй байна гэж зөвлөсөн байдаг. Тэгвэл хөрөнгийн зузаатгал шаардлагатай хамгийн гол банк нь Худалдаа хөгжлийн банк байсан аж. Бүр нарийн яривал дээрх 784 сая ам.долларын хагас буюу 300 гаруй сая ам.долларын хөрөнгийн зузаатгал зөвхөн ганц банк болох Худалдаа хөгжлийн банкинд шаардагдаж байжээ.

Өнөөдрийг хүртэл ОУВС-гаас зөвлөсөн зөвлөмжид ахиц гараагүйг нэг банкны дампуурал харуулав. Тиймээс банк санхүүгийн салбарын хямрал үргэлжилсээр байх прогноз ч биеллээ олох шинжтэй болжээ.

Эдийн засаг
2 сарын өмнө
Нийтлэлч:
Б.Отгонзаяа
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ