Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын хөшөөг сүндэрлүүлэхээр болов
3 сарын өмнө
Ангилал: Энтертайнмент

Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ний 09, 10 дугаар тогтоолоор тус ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Тэртээ 1950 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Төрийн дуулалтай болохоор хөгжмийн зохиолчдын дунд уралдаан зарласан түүхтэй. Энэхүү уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс Л.Мөрдоржийн ирүүлсэн бүтээлийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн ирүүлсэн бүтээлийн төгсгөлийг нийлүүлж Монгол Улсын Төрийн дууллын ая бүтсэн түүхтэй. Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнд тус аялгуунд тохирсон үг бичих даалгавар оногдож 1950 оныг хүртэл Төрийн дуулалгүй явсан Монгол Улс тухайн оныхоо дөрөвдүгээр сарын 26-нд албан ёсны Төрийн дууллыг эгшиглүүлэх болсон. 
Төрийн дууллын авто болсон суут хөгжмийн зохиолчдынхоо хийж бүтээсэн их үйлсээр бахархах, хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Төв аймгийн ЗДТГ, Монгол туургатан театр хамтран өнөөдөр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байна.

-Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын бүтээл Монгол Улсын Төрийн дууллын гэрэлт хөшөөний шав тавих ёслолын арга хэмжээ

-Монгол Улсын Консерватор, Монгол туургатан театрын уран бүтээлчдийн хамтарсан хүндэтгэлийн концерт

-Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын Алдарын танхимын нээлтийн арга хэмжээ

-Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, их зохиолч Д.Нацагдорж нарын уран бүтээл “Учиртай гурван толгой” дуурь

 

Энтертайнмент
3 сарын өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ