Ерөнхий сайд аа, төрийн өмчит компанийн байранд хүн амины хэрэг гарах дөхөжээ
1 сарын өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

-Тэдний дарамт шахалтаас болж дахин нэг хүний амь эрсдэх дөхлөө-

Өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13дугаар байранд онц ноцтой хүн амины хэрэг гарч нэгэн айлын амьдрал орвонгоороо эргэсэн. Хүн амины хэрэг гарах болсон шалтгаан нь гэвэл албан тушаалтанууд нь ажлынхаа байранд архидан согтуурсаны улмаас маргалдснаас болж нэгнийхээ аминд хүрч байв. Тэгвэл яг үүнтэй төстэй хэрэг өнгөрсөн лхагва гарагт “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн байранд гарч асуудал дагуулж эхэлжээ. Тодруулбал, тус компанийн хэлтсийн дарга нар ЗТЯ-ныхан шиг ажлын байрандаа архидан согтуурч улмаар хоорондоо маргалдан нэгийгээ хүндээр бэртээж өдгөө хохирогчийн биеийн байдал хүнд төдийгүй түүний нүүрний яс нь цөмөрч яаралтай хагалгаанд орсон ч нүд нь хараагүй болж биеийн байдал нь сайжрахгүй хүндхэн нөхцөлд байгаа тухайг баттай эх сурвалж мэдээлж байна. Хэрэг болсон өдөр уг хэргийг дарга нар нь нэлээд нууцлаж мэдээллийг гадагш нь гаргахгүй байх үүргийг өгсөн хэрэг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгагдсанаас болж ийнхүү ил болж эхэлжээ.

Асуудал үүсээд эхэлмэгц тус газрын дарга нар нэр нүүрээ хамгаалахын тулд зодоонд оролцсон хоёр хэлтсийн даргыг ажлаас нь чөлөөлж тэднээр туг тахиж болсон үйл явдлыг намжаахаар зэхэж буй аж. Хэдийгээр дээрх хоёр хэлтсийн даргыг ажлаас нь чөлөөлсөн ч гэлээ тус компанийн дарга Ч.Золбаяр, орлогч дарга Б.Мөнхбат нар хариуцлагаас мултарч болохгүй. Учир нь тэдний зодоон, нүдээн нь албан тушаалаа өгөхийг шаардснаас үүдэлтэй гэдэг. Хэрэг болдог өдөр Ч.Золбаяр, Б.Мөнхбат нар дөрвөн хэлтсийн даргаа дуудаж ажлаа өгөхийг шаардсан аж. Хэрвээ энэ үнэн бол хохирогч залууг ийм байдалд хүргэсэн гэх асуудалд Ч.Золбаяр, Б.Мөнхбат нар ч бас буруудах ёстой.

Иймэрхүү дарга нарынх нь эрээ цээргүй дарамт шахалтаас болж ЗТЯ-нд хүн амины хэрэг гарч нэгэн айлын амьдрал орвонгоороо эргэж одоог хүртэл хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа. Уг нь дээрх яаманд гарсан хүн амины хэргээс үүдэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сахилга хариуцлагыг чангаруулж, ажлын байрандаа архидан согтуурсан дарга, цэрэг хэнбугайг ч албан тушаалаас нь чөлөөлж хатуу шийтгэл ногдуулна” хэмээх үгийг хэлээд сүрийг үзүүлж байсан ч энэ нь бодит амьдрал дээр хэрэгжсэнгүй. Харин ч ялгуусан баатарын дүр эсгэсэн эрх баригч намын дарга, даамалуудын гар хөл болсон хурган дарга нар ажилчдаа хална, сэлгэнэ гэх үгээр дарамталснаас болж ийнхүү нэг хүн үхэл амьдралтай нүүр тулан хорвоог тольдох мэлмийгээ алдчихлаа. Яг үнэндээ тус газар 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш бүрэн утгаараа МАН-ын мэдэлд шилжиж удирдлагаас нь эхлээд үйлчлэгч, харуул, жолооч гээд бүхий л орон тоо нь МАН-ын генсек Д.Амарбаясгаланийн мэдэлд бүрэн шилжсэн гэдэг. Тухайлбал, Д.Амарбаясгалан өөрийнх нь жолоочоор ажиллаж байсан Сүхбат гэх залууг сонгуулийн дараа тус компанийн Захиргаа, аж ахуйн албаны даргаар томилсон бол хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч эмэгтэйг Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар томилсон гэх хэл ярианд орж байв. Үндсэндээ 60 тэрбум, 60 тэрбум, 60 тэрбум хэмээн утгаар нь хашгирч байсан төрөөс төрсөн тэрбумтан, ЖДҮ-чидийн тэргүүн эгнээг манлайлсан Д.Амарбаясгалан төрийн албыг утгаар нь самарсаны тод жишээ нь түүний эргэн тойрон дахь хүмүүсийн ажил албан тушаалын томилгоонууд бэлээхэн гэрчилнэ.

Яг үнэндээ 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 22,235 мэргэшсэн төрийн албан хаагч ажлаасаа халагдаж солигдсон албан ёсны тоо байдаг. Тухайлбал, 2016 онд л гэхэд аймаг бүрээс 350-700 гаруй албан хаагч, Нийслэлийн хэмжээнд төрийн захиргааны төв байгууллага болон яамдаас 10 мянга гаруй албан хаагч хууль бус халаа сэлгээнээс болж ажлаа хүлээлгэн өгсөн. Эдгээр хүмүүсийн орон тоонд даргын цүнх барьж явсан жолооч гэх мэтийн хүмүүс Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хууль бусад хууль тогтоомжийн дагуу тавигдах шаардлага шалгуурыг ханган мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай 25-55 насны төрийн албан хаагчидын ажлын байрыг намын нэрээр булаан авсан гэсэн үг.
Ямартай ч төрийн тусгай хамгаалалттай байранд гарсан хүн амины хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй байхад дахин нэг залуу хүндээр бэртэж үхэл амьдралтай нүүр тулан тэмцэж буй нь харамсалтай.

Тиймээс Ерөнхий сайд аа, У.Хүрэлсүх ээ, намын нэр барьж төрийн албан хаагчдыг айлгаж буй энэ мэт төрийн өмчит компанийн хурган дарга нарын эрх мэдлийг хязгаарлахгүй бол олон мянган гэм зэмгүй залуус бэртэж гэмтэн хорвоогоос нэг нэгээрээ хальсаар байх нь байна шүү.

Эрэн сурвалжлах
1 сарын өмнө
Нийтлэлч:
Б.Отгонзаяа
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ