Ерөнхийлөгч Захиргааны Ерөнхий хуулийг таалахгүй
6 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан нь нийгэмд дуулиан дагуулсан  билээ. Тус  өөрчлөлтөөр Засгийн  газрын гаргасан шийдвэрийг Захиргааны  хэргийн шүүхээр хянахгүй байх зохицуулалт юм. Тиймээс уг хуулийг олон нийт эсэргүүцэж Ерөнхийлөгийг хориг тавьж магадгүй гэсэн хүлээлтийг бий болголлоо. 

Уг нь Засгийн газраас өнгөрсөн оны сүүлээр тус хуульд өөрчлөлт оруулж холбогдох газруудаас нь санал авсан ч энэ нь үр өгөөжтэй төгс төгөлдөр болж чадаагүй аж. Тухайлбал, Засгийн газраас боловсруулж оруулж ирсэн уг төсөлд бүх л Засгийн газрын шийдвэр, тогтоол зэргийг захиргааны хэргийн шүүхээр хянаж, хүчингүй болгохгүй байсан. 

Засгийн газрын шийдвэр, тогтоол, тушаал гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага бүхэлдээ хамаарна. Нэг үгээр хэлбэл баг, хороо, сум дүүрэг, аймаг, нийслэл гэх мэт Засгийн газрын бүхий л нэгжийн гаргах шийдвэр, тушаал, тогтоол нь уг хуульд хамаарах болчихоод байсан юм.

Үүнийг нь  Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс уг хуульд орох өөрчлөлтийг эсэргүүцсэн саналаа 2019 оны 01 сард өгч байсан билээ. Энэхүү саналаа баталгаажуулан 2019 оны 04 сарын 29 өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилж байсан юм. 

Хуулийн төсөлд санал хүргүүлэх тухай албан бичигт:

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.15 дахь хэсэгт заасны дагуу санал хүргүүлж байна.

  1. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь уг хуулийн үзэл баримтлал, суурь зохицуулалттай илт зөрчилдөж байна. Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт буй хуулийн зорилго гэсэн хэсэг болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт буй захиргааны байгууллагын тодорхойлолт, мөн зүйлийн 5.3 дахь хэсгийн зохицуулалтын агуулгад Монгол Улсын Засгийн газар шууд хамаарна. Учир нь, Монгол Улсын Засгийн газарт хувь иргэн, хуулийн этгээд рүү чиглүүлэн тухайлан захирамжилсан шийдвэр гаргах эрх Үндсэн хууль болон материаллаг хуулиудаар өргөн олгогджээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газрыг захиргааны байгууллага мөн гэж үзэх үзэл, хандлага Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаанд нэгэнт бүрэлдэн тогтож хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэж болно. Үүний хүрээнд авч үзвэл хууль санаачлагчийн боловсруулсан хуулийн төсөл нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх зүйл, заалтуудад нийцэхгүй төдийгүй хуулийн зүйл, заалтуудын дотоод логик уялдаа холбоог алдагдуулахаар байна.
  1. Хуулийн төслийн үзэл баримтлалд хууль санаачлагч Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны 3 дугаар сарын 31-ний 02 дугаар дүгнэлтийг гол үндэслэлээ болгожээ. Цэцийн эл дүгнэлт нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад хамаарч байгаа бол хууль санаачлагчийн өргөн барьсан төсөл нь 2016 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулахад чиглэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоол гараагүй байхад үйлчлэл нь дуусгавар болж хүчингүй болсон өөр хуулийн холбогдох зүйл, заалтын талаар гарсан Цэцийн дүгнэлтийг шинээр батлагдсан хуулийн зүйл, заалтад холбогдуулан шууд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэх нь хууль зүйн хувьд зохимжгүй төдийгүй үндэслэлгүй байна.

Цэцийн дээрх дүгнэлт гарснаас хойш уг дүгнэлтэд дурдагдаж буй Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбогдсон маргаан нь тус бүр Цэцэд бус харин иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж ирсэн байх бөгөөд ийнхүү шийдвэрлэгдсэн хэргийн тоо жилээс жилд өссөн байгаа нь 2005 онд гарсан Цэцийн дээрх дүгнэлт бодит байдалд хэрэгжих боломжгүй байсныг нотлон харуулж байна. Тухайлбал  Засгийн газрын тогтоолтой холбогдуулан зөвхөн 2011-2013 оны хооронд нийт 17 хэрэг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгджээ.

Мөн хууль тогтоогч Цэцийн энэхүү 02 дугаар дүгнэлт гарснаас хойш тодруулбал 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь хэсэг буюу Цэцэд тогтоосон хэргийн харьяаллыг бүхэлд нь өөрчилж Сонгуулийн ерөнхий хороонд харьяалуулахаар хууль гаргаж  байсан бол 2015 онд Сонгуулийн тухай хуулиар хэргийн харьяаллыг дахин өөрчилж Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбогдсон маргааныг Захиргааны хэргийн шүүхэд харьяалуулахаар хуульчилсан нь өдгөө ч хүчин төгөлдөр хэвээр байна.

Энэ талаар тухайлан Үндсэн хууль зөрчсөн гэх буюу эсхүл Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах талын санал, санаачилга гарч байгаагүй байна. Засгийн газрын шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж зөрчигдсөн гэж үзэж буй иргэн, хуулийн этгээд шүүхэд хандан нэхэмжлэл гаргах, шүүхээр шийдвэрлүүлэх үйл явц 1992 оноос хойш тасралтгүй гарсаар ирсэн бөгөөд цаашид ч гарах нь тодорхой юм. Ийм байхад Монгол Улсын Засгийн газрыг захиргааны байгууллага биш гэж үзэх, түүний гаргасан шийдвэрийг зөвхөн Үндсэн хуулийн Цэц хянан шийдвэрлэх ёстой гэж үзэх байр суурь, хандлага нь онолын болоод өнөөгийн хуулийн зохицуулалт, тэрчлэн шүүхийн практикаар бүрэн няцаагдаж байна.

  1. Хууль санаачлагч уг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, түүний тайлбар болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалт тус тус ойлгомжгүй, хоёрдмол утга бий болсон гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэл муутай тайлбар болжээ.

Хуулийн дээрх заалтууд нь Монгол Улсын тухайд шинэлэг зохицуулалт бөгөөд эрх зүйт төрийн шаардлагад бүрнээ нийцэх юм. Шүүх эрх мэдлийн зүгээс хуулийн уг заалтуудыг шүүхийн практикт хэрэглэх явцад утга агуулгын ойлгомжгүй байдал бий болсон талаар ямарваа нэгэн шүүмж, санал гараагүй байхад Засгийн газар өөрөө санаачлан өөрийгөө шүүхийн хяналтаас гаргах хуулийн төсөл өргөн барих нь төрийн үйл ажиллагааны залгамж чанар, эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх эрх зүйт төрийн зарчимд огтхон ч нийцэхгүй байна.

  1. Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Жаран долдугаар зүйлтэй тус тус зөрчилдөж байна гэж дурдсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт болжээ.

 

Тухайлбал, дээр дурьдсан Үндсэн хуулийн эхний заалт нь Засгийн газрын эрх зүйн байдлыг тодорхойлсноос өөрөөр шүүхийн хяналттай огт холбогдолгүй бол хоёр дахь заалт нь Засгийн газрын гадагш буюу хувь хүнтэй холбоогүй аливаа шийдвэрийг Засгийн газар өөрөө эсхүл Улсын Их хурал хүчингүй болгохтой холбогдсон заалт юм. Харин гурав, дөрөв дэх заалт нь захиргааны маргаан бус харин Үндсэн хуулийн эрх зүйн маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой заалт тул Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалттай шууд холбогдолгүй юм.

Иймд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгийн шатанд нь зохих ёсоор засаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг хөндөхгүйгээр “Үндсэн хуулийн цэцээр хянагдаж, эцэслэн шийдвэрлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнд хамаарах бусад үйл ажиллагаа” гэсэн 3.1.8 дахь заалт нэмэхийг санал болгож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг тул асуудалд нухацтай хандахыг зөвлөхийн зэрэгцээ саналыг зохих журмын дагуу хэлэлцүүлж, харгалзан шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгын уламжилсан санааг УИХ-ын зүгээс хуульд тусгахгүйгээр баталсан юм.

УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Захиргааны ерөнхий хуульд орсон өөрчлөлт нь хязгаарлагдаж өгсөн байгаа. Тухайлбал Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, гадаад харилцаа гэх мэт гурван л чиглэлд гаргасан засгийн газрын тогтоолд захиргааны хэргийн шүүхээр асуудлыг шийдэхгүй гэж тусгасан. Мөн УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу уг арга хэмжээг авсан нөхцөлд гэж байгаа. Энэ нь асуудлыг хязгаарлаж өгсөн дэвшилтэй хэмээн тайлбарлав.

Хэдийгээр УИХ-ын зүгээс дээрх тайлбарыг өгч байгаа ч Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрын тогтоол, шийдвэр нь хууль зөрчсөн байхад шүүх хязгаарлахгүй байх нь эргээд ардчилсан зарчим алдагдана. Иймд эсэргүүцэх нь зөв хэмээн өмнөх саналдаа тусгаж байсан.

Ямартай ч олон нийтийн санаа бодлыг чилээсэн Захиргааны Ерөнхий тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой. Магадгүй энэ нөхцөл байдал удаан даамжирвал Засгийн газар хүссэнээ хийж иргэдийнхээ өмч хөрөнгийг нэг нэгээр нь дээрэмдэх ажлыг шат дараатайгаар хийх болно хэмээн олрн нийт үзэж буй юм.  Тиймээс л Засгийн газар Ерөнхийлөгчийн дээрх хуульд заасан зарим нэг эсэргүүцэл болон томьёололыг нь оруулаагүй нь уг хуульд хориг тавих томоохон үндэслэл бий болох нөхцөл үүссэн учраас  Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрх мэдлийн хүрээнд хориг тавьж царцаах бодлогыг барих болов уу. 

Улс төр
6 өдрийн өмнө
Нийтлэлч:
Р.Саруул
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ