Танилц: Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчид
6 өдрийн өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

-ХХБ болон түүний хамаарал бүхий компаниудад нийт зээлийн 50 гаруй хувийг нь өгчээ-

Хөгжлийн банкны хамгийн том  зээлдэгчидтэй танилц: Төрийн өмчит ТОСК, “Эрдэнэс Монгол” тэргүүтэй төрийн өмчит компаниудас гадна Монголын хамгийн том арилжааны банк болох ХХБ, түүний эзэн Д.Эрдэнэбилэгтэй  хамаарал бүхий гэгддэг “Хөтөл” ХХК , мөн Эрдэнэтийн 49 хувийг худалдан авагч “Кью Эс Си” зэрэг компаниуд Хөгжлийн банкнаас хамгийн их буюу 100 тэрбумаас дээш төгрөгийн зээл авчээ.

Хамгийн  хачирхалтай нь улс орны хөгжилд шаардлагатай том төслүүдэд зээл олгох учиртай Хөгжлийн банкны зээлэнд манай хамгийн том арилжааны банкны нэг ХХБ хамрагджээ. Өөрөөр хэлбэл ХХБ 168,5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлжээ. Үүгээр ч зогсохгүй хамаарал бүхий  компаниудаараа дамжуулан нийтдээ 500 орчим тэрбум төгрөгийн зээлсэн нь Хөгжлийн банкны 2012-2014 онд олгосон 863 тэрбум төгрөгийн талыг нь ХХБ-ныханд өгсөн нь шалгалтаар илрээд байна. Цаг хугацааны хувьд энэхүү зээл нь Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалттай таарсан нь хариултгүй асуулт, баримтгүй гэх хууль бус үйлдлүүдэд нь хариулт өгөх бололтой. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, нар Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан гэж үзэж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Үүний хариулт нь ийнхүү Хөгжлийн банкны том зээлдэгчдийг ил болгосноор гарч ирээд байна

Хамгийн том 9  зээлдэгчийг танилцуулбал:

  1. Төрийн орон сууцны корпораци /ТОСК/- 257.5 тэрбум төгрөг
  2. Худалдаа хөгжлийн банк – 168.5 тэрбум төгрөг
  3. МАК цемент ХХК – 166.3 тэрбум төгрөг
  4. “Эрдэнэс Монгол” ХХК -166.1 тэрбум төгрөг
  5. “Кью Эс Си” ХХК – 161.3 тэрбум төгрөг
  6. “Хөтөл” ХХК – 161.2 тэрбум төгрөг
  7. “Цэцэнс Майнанг энержи” ХХК – 140.9 тэрбум төгрөг
  8. “ДЦС-4” ТӨХК -105.1 тэрбум төгрөг
  9. “Бэрэн” ХХК – 101.8 тэрбум төгрөгийн зээлийг тус тус авчээ.

Энэхүү том зээлэгчид бүгд шахуу улс нөлөө бүхий эзэдтэй байгааг анзаарахгүй өнгөрөх аргагүй юм. Тухайлбал:  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын МАК цемент ХХК, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуугийн “Цэцэнс майнинг энержи”, “Бэрэн “ХХК том зээлдэгчид багтжээ. Тэгэхээр Хөгжлийн банкны зээлийг улстөр-бизнесийн бүлэглэлийнхэн авдаг гэдэг нь тодорхой харагдаж байна.

Түүнчлэн дээрх том зээлдэгчдээс дөрвийнх нь  зээлийн эргэн төлөлт хүндрэлтэй гэж үзэж байгаа юм байна.
Тухайлбал, Төрийн орон сууцны корпораци /ТОСК/,  “Кью Эс Си” ХХК, “Хөтөл”, ХХК, “Эрэл”  зэрэг дөрвөн ААН-ийн зээлийн эргэн төлөлт удааширч, хүндэрчээ.

-ТОСК-ийн хувьд. Засгийн газрын тогтоолоор 2015 оноос өмнө Хөгжлийн банкнаас их хэмжээний эх үүсвэр авч, орон сууцны хорооллууд барьж ашиглалтад оруулсан. Гэвчч зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй явж ирсэн байна. Тиймээс эргэн төлөлтийг хэрхэн барагдуулах талаар Засгийн газартай зөвшилцөж, шийдвэрт хүрэх юм байна.

-“Хөтөл” ХХК-ийн хувьд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Гэвч улсын комисс зарим хэсгийг хүлээн аваагүй учраас бүрэн чадлаараа ажиллаж чадахгүй байгаа гэсэн шалтгаанаар зээлийн төлөлт удааширчээ. Энэ улиралд багтаж, улсын комисс бүрэн хүлээн авч, үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч эхэлбэл зээлийн эргэн төлөлт хэвийн хийгдэх хүлээлттэй байгаа юм байна.

-“Эрэл” ХХК-д олгосон зээлийн эх үүсвэрээр Байшин үйлдвэрлэх комбинат /БҮК/ барьсан ч өнөөдрийн байдлаар үйлдвэр бүрэн хүчин чадлаараа, эдийн засгийн үр өгөөжтэй ажиллаж чадахгүй байгаа учраас зээлийн эргэн төлөлт удааширчээ.

– “Кью Эс Си” компанийн хувьд “Эрдэнэт”-ийн 49 хувийн хууль бус худалдан авалтад оролцсон шалтгаанаар Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй, зогсонги байдалтай байгаа юм байна. Тус компанитай холбоотой асуудлыг Засгийн газартай зөвшилцөж, тогтоолыг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүсвэл хуулийн дагуу зээлийг эргэн төлүүлэх юм байна.

Хөгжлийн банк 2012-2014 онд нийтдээ 863 тэрбум төгрөгийн зээл олгосноос одоогийн байдлаар 123 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж, 731.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.

Эх сурвалж: TVmongolia

 

 

Эрэн сурвалжлах
6 өдрийн өмнө
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ