Жудаггүй бөхчүүдийг журамлах хэрэгтэй
1 сарын өмнө
Ангилал: Урлаг & спорт

Монголчууд бид бөхдөө хайртай ард түмэн. Гэтэл ард түмнээ хууран байж улсын цолонд хүрсэн бөхчүүд сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрчихөж чадахгүй эмчилгээ хийлгэж байсан учир надад буруу байхгүй хэмээн мэлзэж, оногдуулсан шийтгэлийг үл тоох тохиолдол сүүлийн жилүүдэд улам л даамжирсаар байна. Монгол бөхийн өнөөх сайхан ёс жаяг, жудаг хаачсан юм бүү мэд. Өнөө цагийн бөхчүүдээс бүр үнэртэхээ ч байж.

Тиймдээ улс төртэй жишиж зүйрлэж эхлэх боллоо. Учир нь улс төрийн худал хуурмаг, аль ашигтай талд нь хоншоороо чихдэг гаж үзэгдэл үндэсний бөхөд маань хүртэл нүүрлэчихэж. 

Орчин үеийн бөхчүүд угаасаа хуучны бөхчүүдийн бие хаа, жудаг ёс, боловсон харилцааны хаана нь ч хүрэхгүй. Хийлчихсэн бөмбөг шиг хөөчихсөн, гэнэт тариагаар адгуус шиг хүчтэй болж,  бие бялдраа сэргээшээр “галзууруулсан” бөхчүүд наадмын маргааш хий нь гарсан шаар шиг л болчихдог. Төрмөл биш таримал, тарианы бөхчүүд сүүлдээ булхайгаа нууж дийлэхээ больж, ил цангаандаа гараад байна. Захаасаа сэргээш хэрэглэсэн нь хагас хугас илэрч хэд гурван сар, жилээр эрхээ хасуулаад дахиад хэнэг ч үгүй барилдах болж. Заримд нь эрхээ хасуулсан үгүй нь ч хамаагүй болж таарч байх шиг байна.

Тодруулбал, “Увс нуур” бөхийн галыг үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд  “Монгол бөхийн баяр” бөхийн барилдаан өнгөрсөн долоо хоногт болсон.  Тус барилдаанд хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн юм. Энэ үеэр үзүүр, түрүүнээс ч илүү үзэгчдийн анхаарлыг татсан нэгэн бол Улсын харцага Б.Бат-Өлзий юм. Учир нь тэрбээр 2018 онд сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, хоёр жил барилдах эрхээ хасуулсан ч "Увс нуур" бөхийн галын барилдаанд тав давсан явдал юм.

Түүний барилдах эрхийг сэргээсэн учраас  "Увс нуур" бөхийн галын ойдоо ирж зодоглосон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж эхэлсэн болов ч Үндэсний бөхийн холбооноос өчигдөр уг мэдээллийг няцааж " Улсын гарьд Ө.Бат-Оршихын барилдах эрхийг сэргээгээгүй" гэдгээ мэдэгдлээ. 

Өөрөө унасан хүн уйлдаггүй гэдэг. Тиймээс жудаггүй бөхчүүд гоншгонох шаардлагагүй. Нэгэнтээ шударгаар өрсөлдөж чадахгүй, тариа хийж, шийтгэл хүлээж чаддаггүй жудаггүй бөхчүүдийг журманд нь оруулах үүднээс шийтгэлийг нь өшөөч нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгж гэмээн өвөг дээдсээс уламжлаган ирсэн Үндсэний бөхөө үеийн үед цэврээр нь авч үлдэх биз ээ.

Урлаг & спорт
1 сарын өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ