Т.Аюурсайхан: Нэг эргэлтээрээ гурван сая еврогийн үнэтэй хар тамхи зөөдөг болж
6 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар өчигдөр “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” мэдээлэл сонсов. 

Энэ талаар тус байнгын хорооны дарга Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодрууллаа.  

-Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэхгүй юу? 

-Дипломат албаны ажилтнууд өмнө нь тамхины наймааны хэрэгт орооцолддог зөрчлүүд гардаг байсан. Нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн үнэтэй тамхи зөөдөг байсан. Гэтэл одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь гурван сая евро гэсэн мэдээлэл байна. Тийм учраас энэ асуудалд төрөөс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бол гадаад орчинд Монгол Улсын нэр хүндийн асуудал болсон ноцтой нөхцөл байдалтай байна. Энэ нь нэг удаагийн үйлдэл биш байна. Тийм учраас ГХ-ны сайдын мэдээллийг сонслоо. ГХ-ны сайдын мэдээллийг сонсоход ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга оролцлоо. Хаалттай хэлэлцсэн нь цагдаа, тагнуулын байгууллагын хийж байгаа арга хэмжээ нууцын түвшинд байгаа. Мөн сайдын мэдээлэл нууцын журмаар хийсэн учир холбогдох хуулийн дагуу хийлээ. Хуралдаанаар бид томилгооны асуудлыг ярилаа. Томилгоо оновчгүй учир асуудалд орж байна, хариуцах эзэн хэн байна гэдгийг хэлэлцлээ. Энэ чиглэлээр байнгын хороо тогтоолын төсөл баталж, дэмжлээ. Томилгоо хийхтэй холбоотой хариуцлагыг чангатгах, хар тамхитай холбоотой бие даасан байгууллага байгуулах, ДТГ-ын тэргүүнүүд, ГХЯ-ны паспортыг хянах, автомашинуудад дипломат дугаар олгохыг хянах зэргийг тогтоолд тусгасан. ДТГ-ын тэргүүнүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шалгалт хийхээр тусгалаа.  

-Хууль бус наймаа хийдэг дипломат ажилтнууд дахин томилогдсон гэх шүүмжлэл байна. Энэ талаар? 

-Өмнө нь хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон хүмүүсийн мэдээлэл сүүлийн 10 гаруй жилд ирсэн. Гэтэл энэ хүмүүсээс давтан ДТГ-т томилогддог мэдээлэл авсан.  

-Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын талаар тодорхой мэдээлэл бий юу? 

-Хоёр хүн саатуулагдаад хилийн чанадад шалгагдаж байгаа. Түүнээс өөр хүн шалгагдаж байгаа, энэ хоёр хүн сүлжээний оролцогчид уу гэдгийг бид хуулийн байгууллагаас лавласан. Хуулийн байгууллага ажлаа хийж байгаа.  

-Яагаад энэ асуудлыг таслан зогсоогоогүй вэ? 

-Энэ гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ танилцуулсан. Төрийн нууцад хамаарах учир хаалттай мэдээлсэн. 

 

Улс төр
6 өдрийн өмнө
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ