З.Дашдаваа: Олны анхаарлыг татсан томоохон хэргүүдийг шүүхэд шилжүүлнэ
6 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

УИХ-ын чуулганаар АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Уг тогтоолын төслийг гишүүдийн 69.6 хувиар дэмжсэн юм.

Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын АТГ-ын ажилтан, албан хаагчдын ачаалал хэт их байгаагаас үр дүн муутай байдаг талаар дүгнэлт гарсан байдаг аж. Иймд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хяналт шалгалт, хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг алба хаагч, ажилтнуудынхаа ачааллыг зохистой түвшинд хүргэх шаардлага бий гэдгийг АТГ-ын дарга хэлж байсан.

Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ бүтэц өөрчлөх нэрийн дор гардаг нийтлэг асуудал бий.  Ялангуяа  төрийн  захиргааны төв байгууллагуудтай холбоотой асуудлууд Засгийн газар дээр бий. Мөн Засгийн газарт танилцуулагдахгүйгээр бүтэц, зохион байгуулалт нь өөрчлөгддөг газрууд бий. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд гэх мэт энэ газруудын  бүтцийг өөрчилж, 2-3 хүнд зориулж албан тушаал нэмэхийн тулд 2000 гаруй хүнтэй газрыг өөрчилдөг асуудал бий. Үүнийг бид зарчмын талаас нь өөрчлөх шаардлага бий. Монгол Улс хөгжихгүй  байгаагийн үндсэн суурь  шалтгаан нь бүтцийг өөрчлөх нэрийн  дор хүнээ өөрчилдөг. Ингээд хүнтэйгээ хамт төрийн бодлогын залгамж чанар алдагддаг.  АТГ үндсэн гурван чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн чухал  нь соён гэгээрүүлэх асуудал. Дараа нь иргэдийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах, хэргийг олж ирүүлэх гэсэн  үйл ажиллагаагаар  ажилладаг. Өнгөрсөн хугацаанд АТГ-ыг олон нийт  мөрдөн байцаадаг газар гэдгээр илүүтэй харж ирсэн. Тиймээс АТГ-ын статусыг эргэн харж, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд нь түлхүү ажиллуулмаар байгаа юм. Өнөөдөр манайд мөрдөн байцаалтын статустай төрийн 2-3 байгууллага бий. Энэ нь нэг талаасаа давхардал хийдэл үүсч байгаа юм биш үү. Нэг байгууллагын дор нэгдсэн мөрдөн байцаалт явуулах чиглэлд статусын өөрчлөх шаардлага байгаа эсэхэд Хуульзүйн байнгын хороо ямар бодолтой байна вэ. Нэг чиглэлийн хэд хэдэн байгууллага байснаар давхардал, хийдлээс гадна бие биеийнхээ ажлыг үгүйсгэдэг, чихдэг, өөр өөр шийдвэрүүд гарах зэрэг түгээмэл асуудал өнгөрсөн хугацаанд гарч байсан. Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах нь Монгол төрийн бодлогын хамгийн том суурь асуудал байх ёстой. Тиймээс миний бие Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах тухай хуулийн төслийг санаачлан ажиллаж байгаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: УИХ-ын Даргын захирамжаар хууль, шүүхийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдсөн, хохирсон асуудлыг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Миний бие ажлын хэсгийг ахалж байгаа. Хоёр удаа хуралдаж, бүх хүчний байгууллагын удирдлагууд ажлын хэсгийн хуралдаанд оролцсон. Цаашид тусгай субъектийн хэрэг шалгах байгууллага  байгуулах шаардлагатай эсэхээр хүчний байгууллагын удирдлагууд саналаа өгнө.  Мөрдөх байгууллагын чиг үүрэг манай улсад ямар байгааг  гаднын улс орнуудтай харьцуулах талаар  Г.Тэмүүлэн гишүүн асууж байна. 2016 онд АТГ-ын чиг үүргийг органик хууль батлах замаар байгуулсан. Үндсэн хуульд АТГ-ын чиг үүрэг, статусыг тодорхойлсон үг, өгүүлбэр орсон нэг ч заалт  байхгүй. Цаашид үндэсний мөрдөх алба байгуулах чиглэлд эрхзүйн хөгжлөө явуулах шаардлагатай гэж хувь хүнийхээ хувьд би үздэг. Ижил чиг үүрэгтэй олон байгууллага байх хэрээр эрдэлтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төрийн албанд нийт ажиллагсдын цалинг ялгамжгүй байх тал дээр нэгдсэн бодлого гаргахгүй бол харилцан адилгүй байна. Цаана нь хувийн хэвшлийнхэн бий. Оюутолгой, Хөгжлийн банктай холбоотой дуулиантай том хэргүүдийг шалгах явц ямар байна вэ?

АТГ-ын дарга З.Дашдаваа: Том том хэргүүд дээр АТГ-ын ажилчид цаг, наргүйгээр ажиллаж байгаа. Эхнээс нь хэргүүдийг өгч байгаа. Энэ сард багтаан Оюутолгойн хэрэг  болон бусад томоохон хэргүүдийг шүүх рүү шилжүүлнэ.

 УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: АТГ-ыг олон жилийн өмнө байгуулсан. Тэр цагаас хойш хэл ам дагуулж ирсэн. АТГ-ыг байгуулснаар авлига буураагүй гэж олон нийт дүгнэдэг. АТГ-ыг авлигатай тэмцдэг болгохын тулд өнөөдрийн тогтоолын төслийг оруулж ирж байгаа гэж ойлгосон. АТГ  том том хэргүүдийн араас явахгүйгээр жараахайны араас хөөцөлдөж хүчээ тарамдаж байгаа тал бий. Орон нутагт бүтэцгүйгээс аймгийн сургууль, цэцэрлэгийн багш нарыг дуудаж байцаадаг, нөгөө хүмүүс нь хэдэн зуун км-ыг туулж хотод ирж байцаалт өгч байгаа нь маш хүндрэлтэй. Бараг сарынхаа цалинг замын зардлаа өгч байгаа. Энэ мэтчилэн АТГ албан тушаалтныг зэрэг дэвээр нь эсвэл мөнгөний хэмжээгээр нь шалгадаг болгохгүй бол энэ байдлаараа сургууль, цэцэрлэгийн багш нартай хөөцөлдөх нь АТГ-ын ажил биш. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй.

АТГ-ын дарга З.Дашдаваа: АТГ  Хуульзүйн байнгын хороотой хамтарч ажиллах саналаа хүргүүлсэн. Аливаа хэргийг их, бага гэж хэлэх нь буруу. Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулах үүрэгтэй. Бид сургууль, цэцэрлэгийн багш нартай холбоотой  асуудалд салбарт яамтай нь хамтарч ажиллаж байна. Иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг нэгтгээд Нийслэлийн боловсролын газар болон салбарын сайдад нь  хүргүүлдэг.

Нийгэм
6 өдрийн өмнө
Нийтлэлч:
Э Энх-Амгалан
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ