Бодлогын хүүг хүчээр буулгаж болохгүй гэв
1 сарын өмнө
Ангилал: Эдийн засаг

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа. 

Тус зөвлөл улирал тутамд хуралддаг юм. Хурлаас бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Уг шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж буйг онцоллоо.

Энэ талаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, гадаад дотоод орчны тодорхой бус байдал, эрсдлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг энэ удаад хэвээр байлгахаар шийдвэрлэлээ.

Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжлийг харгалзан үзэхэд инфляц зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Жилийн инфляц 2019 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 7.9 хувьтай гарлаа. 

Өнгөрсөн сараас дэлхийн худалдааны сөргөлдөөн гүнзгийрч, АНУ, БНХАУ импортын зарим барааны тарифыг харилцан нэмэгдүүлсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлт, түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож, гадаад орчны тодорхой бус бус байдлыг нэмэгдүүллээ. Цаашид худалдааны нөхцөл муудаж болзошгүй байгаа нь уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж дуусах, гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлт эхлэх хугацаатай давхцаж байна. Иймд макро эдийн засгийн бодлогын дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглүүлэх, улс орон, аймаг, орон нутаг, байгууллага, өрх гэр, хувь хүн хуримтлал, санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлага эн тэргүүнд тавигдаж байна." гэв.

Ямартай ч зээлийн хүүг хүчээр буулгаж болохгүй тул бодлогын хүү тогтвортой байгаа энэ үед зах зээлийнхээ зарчмаар буух ёстой  гэдгийг тэд онцолж байлаа.

Эдийн засаг
1 сарын өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ