Японд хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхийг хоригложээ
1 сарын өмнө
Ангилал: Дэлхий

ТОКИО. /TASS/. Эцэг эх, асран хамгаалагч, бусад хүнд хүүхдийн эсрэг бие махбодын шийтгэл ашиглахыг хориглосон хуулийн төслийг Японы парламент лхагва гарагт баталлаа. 

Токиогоос холгүй оршдог Тиба хотод 10 настай охин эцгийнхээ харгислалд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг энэ оны эхээр гарсны дараа хүүхдийг гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэх тухай хуульд дээрх нэмэлт өөрчлөлтийг оруулах санаачилгыг гаргасан байна. Хүүхдээ зодож, тамласан эцэг өөрийн үйлдлээ “хүмүүжүүлэх зорилготой” хэмээн зөвтгөжээ.

Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ хуульд хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхийг бүрэн хориглосон ч хууль зөрчигчид ногдуулах шийтгэлийг тодорхой тусгаагүй байна. Орон нутгийн эрх баригчид хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүчирхийллийн аргыг хэрэглэж байгаа эцэг эхчүүдийн дунд урьдчилан сэргийлэх арга хэмжээг бие даан авах аж. Шинэ хуулийн дагуу нийгмийн ажилтнууд хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт "оролцох" илүү өргөн эрхтэй болох юм байна.

Японд өнгөрсөн онд хүүхдүүд биеийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн 80 мянга гаруй тохиолдолд бүртгэгджээ. Энэ нь ийм статистик мэдээлэл гаргаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. 

Эх сурвалж:Montsame

Дэлхий
1 сарын өмнө
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ