Түүхэн номын нээлт боллоо
24 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

Монгол Улсын их сургуулийн номын санд өнөөдөр нэгэн хүндтэй, түүхэн номын нээлт боллоо.  Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн  хуульч сэтгүүлч Ш.Адьшаагийн эмхэтгэсэн “ Галдан бошигт” номын нээлтэд академич Д.Цэрэнсодном, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн  профессор, зурхайч судлаач Л.Тэрбиш, Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт хөгжийн зохиолч Б.Мөнхболд, Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлал төвийн тэргүүн Д.Батболд, Ламын гэгээний наймдугаар дүр Лувсанданзанжамцан,  Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дамба, судлаач, доктор Д.Баяндалай, Монгол Улсын гавьяат багш Л.Норолхоосүрэн, Х.Пүрэвдагва нарын олны танил, нэр хүндтэй хүмүүс оролцсон юм.

“Унги тохам нэгт, хуульч, сэтгүүлч урианхан Ш.Адьшаа гэдэг залуутай танилцан нөхөрлөөд нэлээд хэдэн жилийн насыг өнгөрөөв. Түүнийг нутагт орондоо 2009 онд баруун Монголын хийд, орон Ганданпунцагчойлон хийдийг бүтээх ажилд нь бараа болж явсан хүний хувьд  тунчиг ажилсаг, өмнөх түүхдээ хайртай, нэгэн болохыг мэдэж урам төрсөн билээ... эдүгээ тэрбээр Галдан бошигт  номыг бичээд... эхний навтаргаа өгч, миний биеийг уншин үзэгний үзүүр хүргэхийн зэрэгцээ санал онолоо оруулаат хэмээснийг талархан хүлээн авч, нягтлан үзвэй... миний мэт болбоос ертөнцийг огоорон алдан, номын зүг зүтгээд ч нэгэн их хэргийг эс бүтээн суухуйд Ш.Адьшаа залуу хоёр хэргийг зэрэг бүтээсээр буйг сайшаан дурдуустай...хэмээн эхлүүлсэн өмнөтгөл үгийг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн профессор, зурхайч судлаач Л.Тэрбиш бичсэн байлаа.

Тэрбээр "Галдан бошигт" хаан бол Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан түүхэн хүн билээ. Энэ хүний үйл хэргийг энэ цаг үед үргэлжлүүлэх Монголын улс төр, эдийн засаг, гадаад харилцаанд чухам ямар үүрэг гүйцэтгэж байсныг бодьтой үнэн зөв түүхэн эх сурвалжууд дээр тулгуурлаж бичлээ. Мөн түүний талаарх түүхийг үнэн зөвөөр нь хойч үедээ танилцуулж байгаадаа баяртай байна. 

Миний бие 2006 онд тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж "Галдан бошигт" хэмээх уран сайхны номыг нийтэлж, хэвлүүлж олны хүртээл болгосон. Энэ номоо дахин шинэчилж их хааны сүүдэр гийсний 375 жилийн ойд зориулан шинээр хэвлүүлэн гаргалаа. Энэхүү номонд "Галдан бошигт" хаан Монголын оюун санааны хөгжлийн төлөө, тухайн үеийн Монгол Улсын газар шороо тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүргийг гаргахыг зорьсон. Галдан бошигт хаан бол тухайн цаг үед Монгол Улсыг нэгтгэж, гадаад харилцааг хөгжүүлсэн түүхэн үүрэгтэй хаан байсан. Мөн эдийн засаг, газар тариаланг хөгжүүлэх, төмрийн үйлдвэр байгуулах зэрэг эдийн засгийн реформыг хийсэн гэх мэт түүний бүхийл гавъяаг энэхүү номондоо шингээхийг хүссэн юм" гэлээ. 

Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн  профессор, зурхайч судлаач Л.Тэрбиш: "Галдан бошигт" хааны овоо, бумбыг сахиж байсан хамгийн сүүлийн хүн нь би

Галдан бол шашин төрийг хослуулсан их том бодь гал бөгөөд ном, ертөнц хоёрыг нийлүүлсэн их хүмүүн юм. Хэрэг явдалын хувьд бол шар шувтлуулж нутагтаа ирж байсан.

Тэрээр манай улсыг хүнд хэцүү байдалтай байх үед Монгол Улсын тусгаар тогтнол, гал голомтыг бадраахын төлөө зүтгэж явсан нэгэн. Өөрөөр хэлбэл 1688 онд монголчууд тарж бутарч байсан. Энэ үед "Хүрэн бэлчирийн чуулган"-ыг манжууд монголчуудыг хагалан, бутаргах зорилготойгоор зохион байгуулж байсан юм.

Тиймээс баруун Монголын хөгшчүүл энэ чуулганд битгий оч гэж захьдаг байсан. Учир нь хүрэн гэдэг бол цус урсахын тэмдэг. Харин бэлчир гэдэг бол салж тусгаарлахыг бэлэг тэмдэг гэж тайлбарладаг байсан. 

Би их хаантаны овоо, бумбыг хамгийн сүүлд сахиж байсан цорын ганц эр хүн нь би юм. Хаантаны хамгийн сүүлчийн үг бол "Өндөр богд Занабазар манжид дагаар орсноос олон монголчууд цусаа гоожууллаа. Миний энэ цусаар бэхлэгдсэн зэвсгийг Цамбагарав нэртэй сутай хайрханд залаад, үүнээс хойш битгий эвдэр" хэмээн захьсан юм. Тиймээс тусгаар Монгол Улс улам эвтэй, найрамдалтай байх ёстой гэв.

Мөн Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн, тус сургуулийн Түүхийн танхим, Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гаас хамтран Галдан бошигт хааны мэндэлсэний 375 жилийн ойд зориулж, “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын их сургуулийн Номын санд зохион байгуулсан юм.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Монголын улстөр, цэрэг, шашин, тусгаар тогтнолын түүхэнд томоохон ул мөр үлдээсэн суут хүмүүн Ойрадын Галдан бошигт хааны түүхийг судлах, шинэ сэргэг мэдээ, мэдээллийг нээн илрүүлэх, тухайн цаг үед түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бодитоор үнэлэх, хүлээн зөвшөөрөх, үнэн, худлыг дэнслэх, Галдан бошигт хааны үйлс, зүтгэлийг хойч үедээ өвлүүлэх чиглэлээр эрдэмтэд илтгэл тавилаа. Үүнд, “Галдан бошигтын амьдрал, үйл ажиллагаа” сэдвээр Монгол Улсын Боловсролын их сургуулийн Түүхийн тэнхимийн дэд профессор, доктор На.Сүхбаатар, “Ховд голын хөвөөн дэх төмөр боловсруулалтын ул мөр” сэдвээр Шинжлэх ухааны академийн Түүх архелогийн хүрээлэнгийн Архелогийн мэдээллийн сангийн сан, авран хамгаалах салбарын эрхлэгч, доктор Ч.Амартүвшин, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Японы Нийгита их сургуулийн докторант Л.Ишцэрэн, “Галдан бошигтын үеийн Халхын сартуул хошуу” сэдвээр Ховд их сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор Г.Пүрэвдорж, “Галдан хааны үйл хэрэгтэй холбоотой түүхэн ямар баримт Алтан зуугийн номонд байна вэ” сэдвээр Улаанбаатар эрдэм оюу дээд сургууль, Улаанбаатар эрдэм их сургуулийн багш, олон улсын Монгол судлалын холбооны салбарын эрхлэгч, Өөлд судлал нийгэмлэгийн захирал С.Баттулга, “Галдан бошигт хааны эрдэм номын ухаарлыг шинжлэхүй” сэдвээр Хөгжлийн шүтэлцээ ТББ-ын судлаач, доктор, дэд профессор Х.Дондог нар илтгэл тавилаа.

Нийгэм
24 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ