Х.Баттулга: Бэртний түүхт Монголынхоо бахархлыг бадрааж, үндэснийхээ соёлыг мандуулдаг.
9 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын  813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадам эхэллээ.  Төрийн их хонжингийн тэргүүлсэн есөн цагаан морьтон төрийн есөн хөлт тугийг төв цэнгэлдэх хүрээлэнд байрлууллаа.

Үндэсний их баяр наадмыг Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, үг хэллээ.  Түүний үгийг бүрэн  эхээр  нь  хүргэж  байна.

"Монгол туургатнууд аа, Та бүхэнд монгол түмний их цэнгэл үндэсний баяр наадмын дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье. Өнөө жил  Монгол тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаал тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна. Түүхийн эдгээр тод тооллыг хэрэглэж хэвшсэн нь явдал нь бид энэ түүхээрээ бахархаж, тусгаар Монгол Улсынхаа уг үндсийг мандуулан сэргээхийнхээ зэрэгцээ сургамж захиасыг авахын тулд юм гэдгийг сануулъя.

Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх үүрэг хариуцлага, ухаарал, төлөвшил сууж байдаг юм. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж, энх амгалан тогтоож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хамгийн том бахархал юм. Наадам бол монголчууд бидний өвөг дээдэс, түүхт эх нутагтаа үзүүлж  буй өргөн хүндлэл, дээдсийн сүр сүлд, ивээл хүчийг хурайлсан бэлгэдлийн цогцолбор, зан үйл хийгээд өнө эртнээс уламжлан  авч яваа их соёл, хүн бүрийн сэтгэлд хөөр баясал илэрдэг бахархал, ёслол, баяр билээ. Төрт ёсны их баяр наадмаараа түүхт соёлынхоо их улбааг дэвжээж, хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, улам хүчийг үзэн барилдаж, эрдэмт уяачид маань ажнай монгол морьдоо уралдуулж, мэргэн харваачид маань эрхийн эрч, хараан цэцийг сорин түмэн олноо баясган цэнгүүлсээр байх учиртай.

Эрийн гурван наадам гэх нэршлээсээ эхлээд хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын мэргэн харваа бол монгол эр хүний эрдэм чадал, үнэлэмж шалгуурыг тодорхойлж ирсэн эртний түүхт уламжлал ёс. Монголчууд эр хүний энэ гурван эрдэмт тулгуурлан эх түүхээ бүтээж, өв соёлоо цогцлоон, гүрэн улсаа байгуулж явсан. Монгол төрийн их наадам нь та бидний бие сэтгэлээрээ монгол хүн гэдгээ ойлгож, ижилсүүлдэг баяр мөн. Түүнчлэн Монгол хэмээн давтагдашгүй өвөрмөц соёлтой, ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг үйл явдал юм. Энэ баяраараа бид эртний түүхт Монголынхоо бахархлыг бадрааж, үндэснийхээ соёлыг мандуулдаг. Тийм ч учраас гайхамшигт монгол наадмыг ЮНЕСКО-д бүртгэж, дэлхийн соёлын өв хэмээн тодорхойлсон юм.

 Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн хүндэт зочид, жуулчид, анд нөхдөдөө тусгайлан талархал илэрхийлье. Монгол оронд зочилж, монгол наадмыг таалан болгооно уу.

Эрхэм соёлт наадамчид аа, дэлхий даяар тархан суурьшсан хүн бүр монгол наадмаа сэтгэл тэнүүн,бахархал дүүрэн, өлзий тэгш тэмдэглэхийг ерөөе. Сайхан наадаарай.

 Наадмын дараагаас Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай үе тохионо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохын эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал, хариуцлагатай оролцох нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя.

Их Эзэн, эцэг дээдэс Чингис хаан минь ээ.

Хүлэг морьд чинь хурдан байна

Хүчид бөхчүүд чинь мэхтэй байна

Эрмэг харваачид чинь мэргэн байна.

Эх нутаг, элгэн садан монголчуудаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй.

Мөнх тэнгэрийн таалал ивээл дор Монгол наадам эхэллээ" гэв. 

Энэ жилийн баяр наадмын нээлтийн ёслолыг “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн цагийн ерөөл" нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан зохион байгуулжээ.

Наадмын Ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл ажиллаж байгаа юм.

Нийгэм
9 өдрийн өмнө
Нийтлэлч:
Б.Отгонзаяа
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ