Шатахууны үнэ буурах боломжтой юу
14 өдрийн өмнө
Ангилал: Эдийн засаг

Шууд идэж ууж, өмсөж зүүдэггүй ч хоногийн хоол, түлэх түлээ түлш, өмсөх зүүхээс минь шуудхан хумсалдаг зүйл бол шатахууны үнийн нэмэгдэл. Олдсон хэдэн төгрөг тань шатахууны нэмэгдлээс болсон нэртэйгээр үнэ нь өссөн өдөр тутмын бараа таваарт л дуусна. Ингээд л урьдын адил өлмөн зөлмөн амьдрал үргэлжилж, өөд нар харах өдөр тохиолгүй уджээ. 

2017 онд АИ92 автобензин 1630, дизель түлш 1720, авто газ 1050 төгрөг байсан ч өнөөдөр АИ92 бинзений үнэ л гэхэд 1995 төгрөгт хүрчээ. Тодруулбал, 365 төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Он гарсаар шатахууны үнэ зургаан удаа өсөж, буурсны эцэст тогтсон үнэ нь энэ юм.

Ерөнхийдөө шатахууны үнээ нэмэх болохоороо бага багаар богино хугацаанд өндөр нэмчихдэг хэрнээ, эргүүлээд урт хугацааны хүлээлтийн дараа цөөхөн хэдэн төгрөгөөр буулгадаг импорлогчдын нэг тийм "овилгогүй" занг долоон буудлын Долгор эмээ ч анддаггүй. Энэ нь бараг бичигдээгүй дүрэм мэт үйлчилж ирсэн.

Монголд шатахууны үнэ өсөх нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш, ОХУ-ын хилийн үнэ, ам.долларын ханш, дотоодын Онцгой албан татвараас хамаардаг. Тавдугаар сараас дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш бууж байгаатай холбоотойгоор долоодугаар сарын 9-нээс дотоодод иргэдийн өргөн хэрэглээний Аи 92, 95 автобензиний үнэ 50 төгрөгөөр бууруулсан байдаг. Ингэхдээ наймдугаар сараас дэлхийн зах зээл дэх нефтийн ханш өсөхтэй холбоотойгоор дотоодод жижиглэнгийн шатахууны үнэ өснө хэмээн Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлсэн. 

Тэгвэл тэдний хийсэн дүгнэлт эсрэгээрээ эргэж шатахууны үнэ өсөхгүй, буурах магадлал үүсээд байна. Учир нь БНХАУ болон АНУ-ын худалдааны дайнаас болж өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт багасч улмаар нефтийн үнэ унаж эхэллээ. 

Өнөөдрийн байдлаар олон улсын бирж дээр аравдугаар сард нийлүүлэх нөхцөлтэй “Брэнт” төрлийн газрын тосны ханш 58.60-59.00 ам.долларын орчимд хэлбэлзэж байна. 

Ямартай ч энэ нь манай улсын хувьд таатай нөхцөл байдал үүсгэж байгаа юм. Судлаачдын үзэж байгаагаар нефтийн үнэ хоёр сар хугацаанд унах магадлалтай гэнэ. Тиймээс шатахууны үнэ цаашдаа дахин буурах ч боломжтой юм.

 

Эдийн засаг
14 өдрийн өмнө
Үзсэн: 6,439
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ