ИНЕГ-ын санхүүд аудитийн шалгалт хийжээ
10 өдрийн өмнө
Ангилал: Эдийн засаг

Иргэний нисэхийн ерөнхий газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн  аудитын тайланд тус газраас хэд хэдэн зөрчил илэрчээ. 

Тодруулбал,  ИНЕГ-ын  2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар нийт 22.442.4 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 74.7 хувь буюу 16,754.9 сая төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 0.7 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 11.3 хувь буюу 2,554.2 сая төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага өгч, 14.0 хувь буюу 3,132.6 сая төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх зөвлөмжийг хүргүүлж дараах зөрчил илэрчээ. 

Тухайлбал,

1.Жилийн эцсийн тооллогоор харьяа газруудад бараа материал 2.2 сая төгрөг, үндсэн хөрөнгө 22.0 сая төгрөг нийт 24.2 сая төгрөгийн хөрөнгө дутагдсан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д "өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах;" мөн хуулийн 67 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна" гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2.Гадаадын дампуурсан авиа компаниас авах, 1998-2017 онд үүссэн хугацаа хэтэрсэн тооцоо нийлсэн актгүй 2,300.3 сая төгрөгийн авлага санхүүгийн тайланд бүртгэлтэй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д "эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах;" мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”. заасныг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй байна.

3.Сургуулиас хасагдаж гэрээ цуцлагдсан 3 оюутантай холбоотой 115.7 сая авлагыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д "эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах;" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

4.Үүрэг трейд ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр "Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх" 4,399.9 сая төгрөгийн гэрээг байгуулсан ба гэрээт ажлыг 2018 оны 12 дугаар сарын 20-нд багтаан дуусгахаар тусгасан байна. Тайлант онд гэрээний дүнгийн 84.0 хувь буюу 3,693.9 сая төгрөгийн санхүүжилтийг /1,320.0 сая төгрөгийг банкны баталгаагаар/ өгч авлагаар бүртгэжээ. Барилгын ажлын 3 удаагийн гүйцэтгэлийн баримтаар 2018 оны эцэст 59.6 хувь буюу 2,621.9 сая төгрөг байгаа ба гэрээнд заасан хугацаанд ажлаа дуусаагүй байна.

5.Хурдны зам ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлын гэрээний үргэлжлэл, нэмэлт өөрчлөлтөөр 2018 оны 10 дугаар сарын 30-нд ашиглалтад оруулахаар 1,893.7 сая төгрөгийн гэрээ байгуулж нийт 52.0 хувь буюу 1,000.0 сая төгрөгийн санхүүжилт өгч авлагаар бүртгэсэн ба ажлын гүйцэтгэлийн баримтаар 2018 оны эцэст 69.0 хувь буюу 1,306.1 сая төгрөг гарч гэрээнд заасан хугацаанд ажил дуусаагүй байна.

6.Төвлөрүүлэн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа байгууллагуудын 20 санхүүгийн тайлан нэгтгэгдсэн ба үүнээс 13 санхүүгийн тайланд зөрчилгүй, 1 санхүүгийн тайланд итгэл үзүүлж, 6 санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулсан. Аудитаар нийт 14,543.5 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс 13,562.0 сая төгрөгийн алдааг залруулж 0.7 сая төгрөгийн акт тогтоож, 114.0 сая төгрөгийн албан шаардлага, 866.7 сая төгрөгийн зөвлөмж өгсөн байна.

Мөн тус газрын дараагийн тайлангийн аудитаар хойшлогдсон татварын хөрөнгө өр, төлбөр, авлага өглөгийг барагдуулалт, дуусаагүй барилга дансыг дараагийн аудитаар авч үзэхээр болсон байна.

Эдийн засаг
10 өдрийн өмнө
Үзсэн: 910
Нийтлэлч:
Ж. Ууган
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ