Б.Чойжилсүрэн: Бүх зүйл хуулийн дагуу явагдах байх гэж найдаж байна
10 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Тост, Тосон бумбыг улсын тусгай хамгаалалтад авч лицензийг цуцалсантай холбогдуулж дараах тайлбарыг сэтгүүлчдэд өгчээ. 

-Тост,Тосон бумбыг улсын тусгай хамгаалалтад авч лицензийг нь цуцалчихлаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-2016 онд би энэ уурхайг зарсан. Хэдэн залуучуудад шилжүүлж өгсөн. Зарагдахаасаа өмнө бараг 100 хувь миний мэдэлд байсан. Шилжүүлж авсан залуучуудтай нь одоог хүртэл  уулзаагүй байна. Ойрын үед тэр  залуучуудтай  уулзья гэж бодож байна. Хүнд асуудалд орсон сурагтай байна лээ. Би тухайн үед  зарахад 58 орчим тэрбумын зардал гарсан байсан. Надаас аваад нэмээд хөрөнгө оруулалт хийсэн гэсэн. Нийт 130 орчим тэрбумын зардал гарсан. Би уурхайг зарсан мөнгөө гүйцэд аваагүй л байна. 

-Тост, Тосон бумбыг хууль зөрчиж улсын мэдэлд авчихлаа гэж та харж байна уу? 

-Хууль гэж байдаг. Бүх зүйл хуулийн дагуу явна байх гэж найдаж байна. Миний хувьд уг уурхайг зарсан гэдгээ хэлсэн. Надтай холбогдсоноороо эдгээр залуучууд улс төрийн тоглоом болж хэлмэгдэж байх шиг байна. Миний оронд гадаадын өөр компани юм уу, эсвэл хэн нэгэн улс өрч байсан бол оролдохгүй байсан байх. Асуудал нь надад байгаа юм. Надтай холбож л асуудал болгож байна. Улс төржүүлж байна. 

-Энэ уурхайн асуудал таны бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх үү? 

-Зуны сардаа миний үүсгэн байгуулсан "Хурд" компани 3000 орчим ажлын байрыг бий болгодог. Сарынх нь цалингийн зардал 6 тэрбум болдог. Зуны 3 сарын нийт цалингийн зардал 18 тэрбум болдог. Үүн дээр урсгал зардал бусад зардлууд гардаг. Бизнес эрхлэгч нар тогтмол урсгал зардлаа нөхөх хуримтлал үүсгэхийн төлөө л зорьдог. Ийм бизнесийн тойрогт орчихдог. Би ч гэсэн хохирогчдын нэг. Тост, Тосон бумбын уурхайнаас өмнө 9 уурхай байгаа. дараа нь нэмж 5 уурхайн зөвшөөрөл өгсөн байна лээ. Өмнөх 9, дараагийн 5 уурхай нь зүгээр. Зөвхөн миний нэр холбогсон уг уурхай л их асуудал болоод байгаад гайхаж байна. 

Улс төр
10 өдрийн өмнө
Үзсэн: 2,263
Нийтлэлч:
Б.Отгонзаяа
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (2)
Холбоотой мэдээ