Ж.Болормаа: Хаалга болгон өөр, өөр түлхүүрээр онгойдогтой адил "Хайрлах жор-хайрлуулах жор" хүн бүрт өөр өөр байдаг
10 өдрийн өмнө
Ангилал: Улс төр

БМДИ-ийн захирал Ж.Болормаатай хүүхдийн төлөвшил хүмүүжлийн талаар ярилцлаа.

-Эцэг эхчүүдийг харилцааны талаар ярилцлагаа эхлье гэж бодож байна. Хүүхдүүдийн хүсэмжилдэг зүйл чухам юу вэ?

-Хүүхдүүд эцэг эхтэйгээ ярилцаж, “Тэврүүлж, үнсүүлж, тэдэнтэй нээлттэй харилцахыг хүсдэг. Бага насандаа авч байсан мэдрэмжүүдээ үгүйлдэг.  Гэтэл эцэг эхчүүд хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг л хангаад байдаг. Хүүхдүүд материаллаг зүйлээр хангалуун байх тусмаа өөр зүйлээр дутдаг. Тэр бол хайр. Хүүхдүүд эцэг эхтэйгээ тааламжтай харилцах эсэх нь түүний манлайллын сэтгэл зүйд нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ 20 минутын л зав гаргах л хангалттай. Жишээ нь:  Миний хүүхдэд өнөөдөр юу тохиолдсон. Найзуудтайгаа юу хийсэн тухай эсвэл найзуудынх нь талаар сонин сайхан сонсож болно. Юу ярих нь гол биш хүүхэдтэйгээ ярилцаж байгаа гэдэг нь л чухал.

Хүүхдийн төлөвшил эцэг, эхээс ихээхэн шалтгаалдаг. Хүүхдээ гар утсанд донтож байна. Чи байнга утсаа маажиж байх юм, гар утас хэрэглэхээ боль гэж зэмлэчихээд, өөрөө нүдэн дээр нь утсаа оролдож байвал хүүхэддээ ямар ч үлгэр дуурайлал болохгүй байна гэсэн үг. Нөгөө талаар аав ээжийнхээ зөвшөөрөөгүй үйлдлийг нууцаар хийж эхэлдэг. Энэ байдал нь “хүүхдийг ганцаардмал сэтгэл зүйн хувьд тогтворгүй болгодог”. Тэгэхээр “та хүүхдээ ямар байлгамаар байна өөрөө яг л тийм байх ёстой”. Эцэг эхчүүд анги дээр болсон асуудал, хэн нэгэн түүнийг шоглох зэргийг хүндээр хүлээн авч, өмнөөс нь шийдвэрлэх нь тийм ч зохистой биш. Хүүхэд даван гарах ёстой бүхнээ өөрөө туулаад гараг. Үеийнхэндээ шоглуулдаггүй, үеийнхэнтэйгээ маргалдаж үзээгүй өсвөр насны хүүхэд байдаггүй. Харин энэ л үеийг даван туулах нь хүүхдэд сэтгэл зүйн чадвар тэнхээ болж суудаг. Тэгэхээр тухайн “хүүхэд өөрөө сэтгэл зүйн боловсролтой болох ёстой”.  Дээр үед томоотой, үг дуу цөөнтэй хүнийг гүндүүгүй томоотой гэж магтдаг байсан бол энэ цаг үед “эрч хүчтэй өөрийгөө илэрхийлэх чадвартай ямар ч хүнтэй ойлголцдог, дасан зохицох чадвартай хүмүүсийг үнэлдэг болсон”. Хүүхэддээ аль болох элэгсэг дотно сэтгэлээр хандаж, удирдан чиглүүлж аливааг зөвөөр ойлгуулах нь чухал. Цаашид учир утгыг нь ойлгуулснаар хүүхэд алдаагаа засаж залруулах гэж чармайдаг.

-Гэр бүлийн дотоод уур амьсгал маш чухал санагддаг. Хүүхдийн төлөвшил эцэг эхийн харилцаанаас хамаарна гэж ойлгож болох уу?

-Хүн бүрийн араншин төрөлхийн өгөгдөл өөр хоорондоо ялгаатай. Хүүхэд гэр бүлийн орчноос болж томчуудаас илүү стресст ордог. Тэд стрессээ яаж гадагшлуулах, хэрхэн тайвширхаа мэддэггүй. Тиймээс аав ээжийнхээ, бусад хэн нэгний хэлсэн үгийг зүрхэндээ хүлээн авч, сэтгэлээр унаж дотроо маш их шаналдаг.

Жишээ нь: Хамгийн хайртай хүнээсээ “Чам шиг ийм хүүхэдтэй байснаас байхгүй нь дээр” гэдэг үгийг сонссон хүүхэд сэтгэлээр унаж хямардаг. Гэр бүлийнхэн нь дэмжихгүй ойлгохгүйгээс гадна, хүүхэд сургууль дээрээ үе тэнгийнхнээрээ шоолуулж, шоовдорлуулах, багшаараа загнуулах гээд багагүй бэрхшээл учирдаг гэдгийг эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй. Ингэж дотроо удаан шаналж явснаас болж, ганцаардан хичээлийн идэвхи нь буурдаг. Монголчууд хайр нь дотроо хал нь гаднаа гээд хайраа ил гаргадаггүй. Үр хүүхдээ хайрлаж байгаа бол түүнийгээ илэрхийлдэг. Хүүхдээ маш сайн ажигладаг. Цаг гарган сонсдог. Хайрласан сэтгэлээ илэрхийлдэг байх хэрэгтэй.

Хүүхэд уйлах, зөрүүдлэх, үеийн хүүхдээ шоглох, томчуудтай тэрслэх зэргээр стрессээ гадагшлуулдаг. Энэ нь өөрөө ч мэдэлгүй зөнгөөрөө л стрессээ гаргаж байгаа хэлбэр юм. Үүнийг нь томчууд ойлгохгүй загнаж зодох гээд хүчирхийллийн аргаар харилцдаг нь буруу, тэгэхээр эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ сайн ярилцаж тэдний оролцоог дэмжих хэрэгтэй. Жишээ нь: “Сургуулийг нь шилжүүлэх талаар тэдний санаа бодлыг сонсож, нүүхээс аргагүй байгаа бол өөрсдийнх нь саналаар шийдэх, боломжгүй байгааг сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хүүхдээ гомдоосон л бол заавал уучлалт гуйж тайвшруулах хэрэгтэй.                  

Хүүхэд бүхэнд сайн сайхан зан чанар бий. Зарим эцэг эхчүүд хүүхэддээ нэр хоч өгчихөөд байнга сануулж хэлдэг. Жишээ нь: Манай нэг сахилгагүй юм. Тэдний нэг тийм хүүхэд гэхчлэн ярьдаг.  Гэтэл тэр сахилгагүй зантай нь холбоотой давуу тал тэр хүүхдэд нь заавал байдаг. Магадгүй хурдан шаламгай нээлттэй, өөртөө их итгэлтэй хүүхэд их хөдөлгөөнтэй сахилгагүй байдаг.

Магадгүй худалч хүүхэд гэхэд хурдан сэтгэдэг, хэл ярианы ярих чадвар сайтай гээд давуу тал заавал байдаг. Гол нь бид хүүхдийнхээ давуу талыг томруулдаг шилээр товойлгон харж, тэрхүү чадварыг нь түлхүү хөгжүүлж, түүгээр нь дамжуулан сул талыг нь багасгах, арилгах арга хэмжээ авах хэрэгтэй. Хүүхэд орчноо тусгаж, бүх зүйлийг харж, суралцаж, зориудаар сураагүй ч автоматаар тогтоодог. Жишээ нь: Ном унш гэж үглэхийн оронд нөхцлийг нь бүрдүүлж өгөх, та өөрөө хажууд нь ном уншаад байхад л хангалттай.Хүүхэд нэгэнт буруу зүйл хийсэн бол шийтгэнэ гэхээсээ илүү ойлгуулж, зөвөөр тайлбарлах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхэд юм чинь ойлгохгүй гэдэг. Эсвэл зандарч загнаад эхэлдэг. Гэтэл хүүхэд нас насныхаа онцлогт тохирсон бүх асуудлыг ойлгох өөр өөрийн чадвартай байдаг.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ учраа олохдоо хариуцлагатай ажил хэрэгч хандаж, төлөвлөх ёстой. Хүн ажлаа төлөвлөдөг шигээ хүүхэдтэйгээ харилцахдаа цаг хугацаа зарцуулж, төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Жишээ нь: Хүүхэддээ хийх ажлыг нь үгээр тэгж хий! ингэж хий гэж үглэхийн оронд, хийх ёстой ажлуудыг нь хүүхдэд самбар дээр хөөрхөн дүрс зураг нааж, зурган дүрслэлээр харуулах, эсвэл хийсэн ажлыг нь урамшуулж, таван хошуу, нэмэх тэмдэг тавьж, зураг нааж, дүрсжүүлэх хэрэгтэй. Мөн хүүхэдтэйгээ хамт ажил хийж өөртөө туслуулах, өдөр тутамд нь зааж ойлгуулах, үлгэрлэх хэрэгтэй.

-Нийгэм өөрчлөгдөж байгаагийн хирээр хүүхдүүдэд ч өөрчлөлт гарч байгаа талаар хүн бүр ярих болсон. Тэгвэл энэ цаг үеийн хүүхдүүдэд тохирсон сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орох шаардалагатай юу?

-Ер нь бүх шатны сургалтын үйл ажиллагааг хөтөлбөрөөр зохицуулдаг. Мөн боловсролд гарсан томоохон өөрчлөлтийг дагаад сургалтын хөтөлбөрт өөрчлөлт гардаг. Яг энэ цаг үед “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний хэмжээний сургалт орон нутагт  8 дугаар сарын 15-аас эхлэн явагдах гэж байна. Энэ удаад бол сургалтын хөтөлбөрт өөрчлөлт ороогүй. Зөвхөн тохируулга хийгдсэн. Цөм хөтөлбөр 4-5 жил хэрэгжлээ. Яг газар дээрээ багш нар энэ хөтөлбөрөө сайн ойлгоогүй, мөн зарим ангид агуулга хүндэдсэн гэх мэт олон зүйл дээр засаж сайжруулах хэрэгцээ үүссэн. Аливаа хөтөлбөр тодорхой цаг хугацааны дараа үр дүнгээ өгдөг бөгөөд ойр ойрхон өөрчлөгддөггүй. 10-15 жилийн давтамжтай жигд өөрчлөгддөг. Харин сүүлийн 20 жилийн хугацаанд зөвхөн сургалтын агуулгадаа л анхаарлаа хандуулснаар багшийн заах арга зүй, үнэлгээ, менежмент нь орхигдсон. Ер нь сургалтын хөтөлбөрт сурах бичиг, багшийн арга зүй, төлөвлөгөө, үнэлгээ, сургалтын хэрэглэгдэхүүн ордог. Тиймээс БСШУС-ын сайдын санаачилгаар сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг олон удаагийн судалгаа, багш нарын хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлт дээр тулгуурлан сургалтын хөтөлбөрийг сайжруулах, тохиргоог хийсэн. Энэ тохиргоог Боловсролын хүрээлэн хагас жилийн хугацаанд хийсэн бол сургалт зохион байгуулах ажлыг БМДИ зохион байгуулж байна. Одоо үндэсний хэмжээнд энэ тохируулга хийсэн хөтөлбөрөө багш нарт хүргэх цаашлаад хөтөлбөрөө ойлгосон багш нар хүүхдүүддээ ямар арга зүйгээр сургалтаа явуулах вэ? гэсэн ажил үлдэж байна. Энэ нь багшийн өөрийнх нь үйл ажиллагаа, төлөвлөгөөтэй салшгүй холбоотой юм. Багш нар боловсролын өөрчлөлт шинэчлэлээ сайн ойлгодог байх хэрэгтэй. Өмнө нь мэдлэг төвт агуулгад суурилсан байсан бол одоо чадварт суурилсан хүн төвт агуулгад шилжлээ. Тиймээс багш нар хүүхдүүдээ судалж мэдлэгийн төвшинтэй нь уялдуулж сургалтын хөтөлбөрөө боловсруулж хичээлээ явуулдаг, даалгавраа өгдөг байх гээд багш нараас ур чадвар шаардана. 

 

 

Улс төр
10 өдрийн өмнө
Үзсэн: 26,430
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ