Б.Хурц ба шүүх хурал
10 өдрийн өмнө
Ангилал: Эрэн сурвалжлах

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.08.15/ дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна.

Ил хэргийн эргэн тойронд өнгөрсөн гурав хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргье.

Шүүхийн бүрэлдэхүүнийг хамгаалалтанд авчээ

Шүүх бүрэлдэхүүнийг өчигдөр оройноос цагдаагийнхан хамгаалалтад авсан байна. Учир нь шүүх бүрэлдэхүүн маргааш шийдвэрээ гаргах төлөвтэй байгаа юм. Уг хурлын Ерөнхий шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал нар ажиллаж байгаа юм. 

Шүүх танхимын гадна иргэний хөдөлгөөнийхөн болон шүүгдэгчдийн ар гэрийнхэн тайван цуглаан зохион байгуулж, ажиглалт хийж буй. Шүүх хурал завсарлахын өмнө тэдний хооронд багахан маргаан үүссэн байна. Тухайлбал, шүүгдэгчдийн ар гэрийнхэн шүүх танхимын гадна өндөр дуугаар хашгирч байр сууриа илэрхийлсэнд иргэний хөдөлгөөнийхөн дургүйцэж, тухайн иргэн рүү гурил цацсан аж. Энэ мэтээр тэдний хооронд үйл ойлголцол үүссэн байна.

Шүүх бүрэлдэхүүний ерөнхий шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал, улсын яллагчаар Б.Мөнх-Од, Б.Энэрэл нар ажиллаж байна. Хэргийн хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон С.Зориг агсны эхнэр Б.Булган нар оролцож байгаа юм. 

Ц.Элбэгдоржийгшалгах ёстой гэв

Хэргийн хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон С.Зориг агсны эхнэр Б.Булган нар оролцож байгаа. Шүүгдэгчдийн ар гэрийнхэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг улсын нууцаас бүрэн гаргах, захиалагчийг зарлахыг шаардаж буй юм. Энэ хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгах ёстой гэж шүүгдэгчдийн ар гэрийнхэн үзсэн юм.

Г.Батбаяр: Б.Амгаланбаатарын мэдүүлгийг нотлуулахын тулд Б.Содномдаржаатай нүүрэлдүүлсэн

Б.Хурц нарын өмгөөлөгчөөр оролцож буй Г.Батбаяр “Энэ хэрэг хуулиа баримтлаад явбал манай үйлчлүүлэгч ямар ч ялгүй гарах ёстой. Ер нь бол Эрүүгийн хуулийг ижил төстэй хэрэглэхийг хориглодог. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулаагүй. Гэтэл миний үйлчлүүлэгчдийг яллаад байгаа зүйл анги нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг хэрэглэдэг мөрдөн шалгах ажиллагааны өмнө хэрвээ мэдүүлэг өгөхийг албадан хэрэг бүртгэгч хүнийг зодсон бол ялладаг юм. Гэтэл ялтан Б.Амгаланбаатар, н.Итгэлтөгс нар хүн зодчихсон шүү дээ.

Тэгэхээр энэ үйлдэл нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр явна. Хэрвээ хүний биед гэмтэл учруулахгүйгээр зодсон бол сахилгыг арга хэмжээг авдаг. Тагнуулын байгууллагын тагнан турших арга хэмжээ буюу гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ явагдсан. Нууц камер байршуулсан гээд л. Тэрнээс биш тагнан турших үйл ажиллагаа явагдаж байхад нэгийгээ алгадлаа гэхээр тагнуулын ажилтан гүйж ороод “Одоо болиорой” гээд салгах боломжгүй. “Шууд зод, балба” гэсэн үүрэг даалгавар өгөөгүй. Энэ нь ямар нэгэн байдлаар нотлогдохгүй. 

Манай үйлчлүүлэгчдийг “Шууд зод, нүд” гэсэн даалгавар өгсөн гэж буруутгаад байгаа. Ялтан Б.Амгаланбаатарын хүний амь хөнөөсөн гээд байгаа яриаг нь үнэн эсэхийг нь шалгах зорилгоор л Б.Содномдаржаатай нүүрэлдүүлсэн. Тэгээд сүүлд Б.Содномдаржааг мэдүүлгээ нотлуулах гээд нэг алгадсан нь эрүүдэн шүүлт биш шүү дээ. МҮОНРТ-ээр гаргасан тэр видео бичлэг л байгаа болохоос 360 хоног эрүүдэн шүүсэн зүйл байхгүй. Тэр камерыг гэмт этгээдийг гэмт хэрэг хийснийг нь нотлохын тулд халхавчийн байгууллага болгож ашигласан. Халхавчийн байгууллага гэдэг нь хорих газар болон мөрдөн байцаагч нарыг ашиглаж болдог хуулийн заалттай” гэсэн тайлбарыг өглөө.

Түр хорооны гишүүдийг шүүх хуралдаан оруулах эрх зүйн үндэс байхгүй гэж үзэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас ирүүлсэн нэр бүхий 9 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн хаалттай шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогч гэж хэн бэ гэдгийг тодорхой хуульчилж заасан байгаа. Мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 3-т /Хаалттай явуулах шүүх хуралдаанд оролцуулах, байлцуулах хүнийг шүүх шийдвэрлэнэ/ гэж хуульчилсан, тухайн хэрэгт гэрч, хохирогч нараас хэнийг оролцуулахыг шийдвэрлэх асуудал биш хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдоогүй, оролцоогүй этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн

1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

2. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасныг зөрчих үндэслэл болно.

Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэж заасан.

Шүүх бүрэлдэхүүн шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах зарчим алдагдана гэж үзэж байгаа учраас УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 7 гишүүний шүүх хуралдаанд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтийг хүлээж аваагүй болно. УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтуудад С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт Түр хороо байгуулагдаад ажиллаж байгаа талаараа хүсэлтдээ дурдсан байна. Түр хороо нь УИХ-ын тухай хуульд зааснаар Байнгын хорооны эрх эдэлдэг, Байнгын хороонд хаалттай шүүх хуралдаанд оролцох эрх байхгүй, мөн УИХ-ын гишүүний эрхэд хаалттай шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох эрх байхгүй гэв.

 

Эрэн сурвалжлах
10 өдрийн өмнө
Үзсэн: 8,323
Нийтлэлч:
Б.Учрал
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (3)
Холбоотой мэдээ