Допингийн төвөөс түрүүлээд Х.Баянмөнх аваргын холбоо яагаад "мэдсэн" бэ?
9 өдрийн өмнө
Ангилал: Нийгэм

Энэ жилийн наадам сайхан болсон. Үндэсний бөхийн Аварга цолтон төрж хотлоороо л магнай тэнийцгээсэн. Баяр наадмын бөхийн барилдаан жудагтай ч, эртэй ч байв.

Наадмын сонин сайхан, яриа хөөрөө намжиж амжаагүй байтал шинэ аваргатай холбоотой таагүй мэдээлэл гэнэт түглээ.

Энэ мэдээллийг “сэвж” байгаа байдлаас харахад тунчиг нарийн зохион байгуулалттай нь харагдаж байгаа юм.

Эхлээд цахим сүлжээнд цөөн тооны хүн бичсээр, олны анхааралд оруулаад ирж байна. Э.Оюунболд аваргын нэгэн үеийн бөхчүүд ч цахим сүлжээнд өөрсдийн дүрс бичлэгийг тавьж байгаад допингийг зүхэцгээв.

 

Араас нь залгаад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн олон нийтэд мэдэгдэл хийж, “Гацуурт”-ын Л.Чинбатын тэргүүлдэг Х.Баянмөнх аваргын гэгддэг холбооноос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд шаардлага хүргүүлж харагдав.

Өөрөөр хэлбэл, цахим сүлжээнд Э.Оюунболд аварга допингийн асуудалд орчих шиг боллоо гэж хардахаар мэдээлэл цацчихаад залгаж, Баяр наадам зохион байгуулах комиссын Үндэсний бөхийн комиссын дарга, ХЗДЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хэвлэлийн бага хурал зарлаж, шөвгийн 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн гэх шинжилгээний хариу ирсэн гэж мэдэгдэв.

Дараа нь Х.Баянмөнх аваргын холбоо гэгддэг, “Гацуурт”-ын Л.Чинбатын тэргүүнээр нь ажилладаг “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-аас уржигдар Баяр наадам зохионбайгуулах комисст шаардлага хүргүүлжээ. Шаардлагадаа Э.Оюунболдод хариуцлагатооцож, түүнд унасан бөх бүрт давааны цол, чимгийг олгож, барилдах эрхийг нь хоёр жилээр хас гэсэн байна.

Ийм явдлууд ар араасаа хөвөрч энэ жилийн наадмыг түрүү бөхийн цолыг юу юугүй хураах дээрээ тулав.

Ер нь тэгээд энэ жилийн наадмын шөвгийн 16 бөхөөс Э.Оюунболд аварга допинг хэрэглэсэн дүн гарлаа гэж хэн ч хэлээгүй.

Албан ёсны МҮБХ биш, Х.Баянмөнх аваргын МҮБХ ТББ л ийм мэдээлэл түгээсэн билээ.

Гэтэл Допингийн шинжилгээний багийн ахлагч П.Бат-Очир, тус багийн хяналтын ажилтан Ц.Төмөрхуяг нарын Баяр наадам зохион байгуулах комиссын дарга Ө.Энхтүвшинд гомдол гаргажээ.

Тэдний гомдлоос бүх зүйл тодорхой болж ирэв. Гомдолд нь “2019 оны долдугаар сарын 16-нд Улсын баяр наадмаар барилдаж шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээнийдээжийг авч БНСУ-д явуулсан. Допингийн шинжилгээний багийн ахлагч П.Бат-Очир, Ц.Төмөрхуяг, Насанбат, Энхсанаа нарын бүрэлдэхүүнтэйгээр дээжээ явуулахын өмнө шалгаж, лац ломбо, бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтыг баталгаажуулан шалгасан болно. Шинжилгээний хариуг тухайн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ байлцаж, кодыг тулгаж, баталгаажуулан баримтжуулж, холбоглох салбар хороонд хүргүүлэхээр тохиролцсон. Гэвч шинжилгээний хариу ирснийг манай багт мэдэгдэлгүйгээр салбар хорооны нарийн бичгийн дарга болон бусад хүмүүс шинжилгээний хариуны талаар олон нийтэд мэдээлэл тараасан нь дүрэм зөрчсөн үйлдэл боллоо.

Мөн допингийн шинжилгээ хариуцсан багийн бүрэлдэхүүний тушаал шийдвэргүйгээр Цэнд-Аюуш гэдэг хүн ажилласан зөрчил илэрсэн. Б сорьцын шинжилгээний хариу ирээгүй байхад А сорьцын шинжилгээний хариуны талаар будилаантуулах санаатай байж болзошгүй хэмээн үзэж дээрх үйлдлүүдийг буруутгаж гомдол гаргаж байна” гэсэн байна.

Ийм л юм болчихож, хөөрхий. Допингийн шинжилгээний хариу шинжилгээний багтаа хүрэлгүй яаж байгаад ч юм ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Х.Баянмөнх аваргын Бөхийн холбоонд оччихсон байна.

Тэд шинжилгээний хариуг баталгаажуулах процессыг ч хүлээж тэвчилгүй олон нийтэд янз бүрийн мэдээлэл цацсан болж таарав.

Хамгийн гол нь энэ бүх зохион байгуулалттай, тавилттай жүжигт бөхчүүдийг оролцуулсан нь их л муухай харагдаж байна даа.

Хуультай юм хуулиараа яваг л дээ. Шинжилгээний хариуг эцэслэхэд жил сараар хүлээгээд байх юм алга. Хэдхэн хоног тэсч чадалгүй тачаадан гүйж яваа дээрх нэр бүхий бөхийн аварга, бөхийн зүтгэлтнүүдийг хараад хэлэх үг олдохгүй л болж байна. Сайхан залуу, сайхан барилдаад түрүүллээ гэж итгэж суугаа монголчуудаа батлагдаагүй мэдээллээр бараантуулж суух хэрэгтэй л байсан юм байлгүй дээ.

Эцэст нь хэлэхэд, энэ ганцхан Э.Оюунболдын асуудал биш. Ирэх наадмуудын түрүүг ингээд авчихдаг муухай жишгийг тогтоож мэдэх л юм шүү.

 

 

Нийгэм
9 өдрийн өмнө
Үзсэн: 41,799
Нийтлэлч:
Б.Отгонзаяа
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (1)
Холбоотой мэдээ