Сунгалттай паспортоос болж иргэд хохирсоор байх уу
5 сарын өмнө
Ангилал: Нийгэм

Одоогоос есөн жилийн өмнө санагдана. Польшоос галт тэргээр Беларусийн Брестийн гаалиар орох үед гаалийн ажилтан миний гадаад паспортыг авч явснаа хэсэг хугацааны дараа өрөөндөө дууддаг юм байна. Өрөөнд нь ортол нэг нөүтбүүк урдаа тавьчхаад, миний гадаад паспортын сунгалтыг дахин дахин оруулж үзсэнээ толгой сэгсэрч байх юм. Тэгснээ надаас “Та энэ сунгалтаа хаана хийлгэсэн бэ. Мэдээлэл нь орж ирэхгүй байна” гэх нь тэр. Хариуд нь би “Жил гаруйн өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газартаа сунгуулсан. Тамга нь хүртэл байгаа шүү дээ” гэтэл “Уншигдахгүй байна. Энэ асуудлаа шийдэгдтэл манайд үлдэнэ дээ. Эсвэл...” гэж байлаа. “Эсвэл” гэдгийнх нь утгыг би маш сайн мэдэж байсан болохоор шууд л “Хэд хэрэгтэй юм” гээд түүнтэй тохиролцсон юм. Ингээд би Беларусийн гаалийн ажилтан 25 долларын хахууль өгч, аян замаа үргэлжлүүлсэн билээ.

Энэ бол нэлээд олон жилийн өмнөх явдал. Тэр үед ч гадаадын гаалийн ажилтнууд сунгалттай паспортоор далим хийж над шиг олон хүнээс мөнгө сааж байсан биз. Гэтэл энэ асуудлаа шийдэлгүй өдий хүрснээс болж өнөөдөр олон ч хүн гадаадын хил дээр гацаж, зардал мөнгө, ажил төрөл, цаг заваа үрж байна.  

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмжид паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай заасан байдаг бөгөөд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх авах арга хэмжээний тухай 2016 онд баталсан S/RES/2309 (2016) тоот тогтоолд уг стандартыг хэрэгжүүлэх тухай заасан байдаг. Эдгээр баримт бичгийн дагуу Монгол Улс 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоож, 5 жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспорт шинээр олгож эхэлсэн билээ.

Харин дээрх хугацаанаас өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспорттай иргэдийн паспортын хувьд сунгалтын хугацаа нь дуусах хүртлээ хүчинтэй хэвээр бөгөөд гадаадад зорчих боломжтой гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлжээ.

Гэтэл саяхан сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан, Израиль, Өмнөд Африк зэрэг улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаах, “Air India” авиа компанийн Хонконг-Энэтхэгийн чиглэлд нисэх Монголын иргэдийг онгоцонд суулгаагүй тохиолдлууд гарсан.

Энэ мэт чирэгдлээс болж сунгалттай гадаад паспорттой хүмүүс хүссэн орон руугаа аялж болох эсэхийг мэдэхгүй ацан шалаанд орчихоод байна. Өнөөдрийн байдлаар гадаад паспортын сунгалтын хугацаа нь дуусах болоогүй 381 мянган иргэн байна. Тэд одоо Гадаад харилцааны яамны Консулын газраас аль улс руу сунгалттай паспортоор явж болох эсэхийг чих тавин чагнах, эсвэл шинээр паспорт авахаар урт дарааллын ард цаг зав, мөнгөө барахаас өөр аргагүй болоод байгаа юм.

Тэгээд ч өнгөрсөн жил өдөрт дунджаар 800 хүн шинээр гадаад паспорт авч байсан бол энэ жил хүчинтэй хугацааг сунгахаа больсонтой холбоотойгоор өдөрт 1200 болж өсчээ.

Үүнээс гадна 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс өмнөхөн хуучин паспортдоо 5 жилээр сунгалт хийлгэсэн хүмүүс яах вэ. 28800 төгрөг төлж байж сунгуулсан тэд дахиад шинэ паспорт авах ёстой юу гэсэн асуудал тулгараад байна. Хэрвээ тэдэнд жилийн дараа гэхэд сунгалттай паспортоор гадаадын зарим улс руу зорчих боломжгүй болно гэж эрт мэдэгдсэн бол ингэж мөнгө, зав заваа барах хэрэг гарахгүй байсан.

Төрийн байгууллагын энэ мэт уялдаа холбоогүй, цалгар назгай, ойлгомжгүй ийм асуудлуудаас болж иргэд л хохирч үлдэж байна.

 

Нийгэм
5 сарын өмнө
Нийтлэлч:
Д.Мөнх
Хуваалцах:
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сэтгэгдлүүд харах (0)
Холбоотой мэдээ