Г.Ганбаяр: Шантрах үед Монголынхоо нэрийг дэлхийд гаргана гэсэн зорилго маань хүч нэмдэг

Унгарын хөл бөмбөгийн Дээд лигт амжилттай оролцож, багаараа мөнгөн медаль хүртэж Монголын хөл бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас  болж буй 21 настай залуу тамирчин Г.Ганбаярын ярилцлагыг хүргэж байна.

-Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ганболдын Ганбаяр гэдэг. Одоогоор ИЗОУИС-д маркетингийн менежер мэргэжлээр онлайнаар сурч байна.

-Хөл бөмбөгийн тамирчны гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?

-Анх 2007 онд 7 настайгаасаа хөлбөмбөмөг тоглож эхэлсэн. Сэлэнгэ аймгийн хөл бөмбөгийн дасгалжуулагч н.Ганхуяг багшийн удирдлаганд анх бэлтгэл хийж эхэлсэн. Мөн 7 настайдаа анхны тэмцээндээ орж мөнгөн медаль авч байсан. Хамгийн бага нь хэрнээ 11 настай ах нартайгаа тоглодог байсан. Багаасаа л дандаа том хүүхдүүдтэй тоглосоор байгаад туршлага суусан гэх юм уу. Тэгээд анх мөнгөн медаль авчхаад алтан медаль авах байсан гээд шарандаа их уйлж байснаа санадаг. Анхны медаль авах тэмцээн их сонирхолтой байсан.

 

 

-Энэ спортод хөл тавихад юу нөлөөлсөн бэ?

-Гэр бүлийнхэн маань маш их нөлөөлсөн. Тэр дундаа манай ах хөл бөмбөг тоглодог байсан болохоор хамгийн их нөлөөлсөн. Ахыгаа дагаж их тоглодог байсан. Мөн манай гэр бүлийнхэн бүгдээрээ спортын хүмүүс. Намайг бүх талаас нь дэмждэг. Зааварлаж, чиглүүлж өгнө. Гэр бүлийнхэнтэйгээ маш дотно нээлттэй байдаг учраас намайг бүх талаар дэмждэг. Аав теннисээр хичээллэдэг байсан. Намайг хождог гэхээр үнэхээр сайн тоглодог. /инээв/. Ээж барилддаг байсан юм билээ.

-Унгарын лигт тоглож мөнгөн медаль аваад зогсож байсан сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Унгарын лиг бол мэдээж маш том лиг. Европын том лигт медаль аваад явж байна гэж би огт төсөөлөөгүй. Тэр агшинд үгээр хэлэхийн аргагүй сонин мэдрэмж төрдөг юм билээ. Яг тэр үед өөртөө итгэж өгөхгүй байсан. Тэр дундаа Унгарын лигээс медаль авна гэдэг бол тийм ч амар даваа биш учраас ерөөсөө төсөөлөөгүй. Тэгээд гэрийнхэндээ хэлэхэд маш их баярлаж байсан. Медаль авна гэдгийг маань мэдэж байсан гэсэн. Надад маш их итгэж байсан юм билээ.

Бас хамгийн сүүлчийн тоглолтод тэнцэх юм уу хожиход медаль авах нь тодорхой байсан. Сүүлийн тоглолтдоо хожигдох юм бол хүрэл медаль руу буух эвгүй нөхцөл байдалтай байсан.

-Монгол хүү энэ том тэмцээнд оролцож медаль авахад Европууд хэрхэн хүлээж авсан бэ?

-Ганцхан Ази тоглогч  нь байсан болхоор маш хурдан танигдсан. Намайг анх Хятад гээд л байдаг байсан. Харин одоо бол өөр.  Монгол уу гэж асуудаг болсон. Европууд яг яаж хүлээж авч байгааг сайн мэдэхгүй л байна.

-Бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?

-10 сар үргэлжилсэн тэмцээн болохоор тойргоор тоглоод 7 хоног болгон тоглолт хийдэг. 7 хоногийн 6 өдөр нь бэлтгэл хийдэг байсан. Ер нь өдөр болгон л бэлтгэлтэй байна гэсэн үг. Тэмцээн эхлэхээс өмнө бэлтгэлийн баазад 14 хоног бэлтгэл хийсэн. Турк, Испани улсад очиж бэлтгэлүүдээ хийдэг.

-Өрсөлдөгч багууд хэр хүчтэй байсан бэ?

-Тоглолтуудын оноо нь сүүлийн мөчид тодорсон. 1-р байр нь Унгарын аваргуудын лигийн маш том баг байсан. Маш хүчтэй баг учраас түрүүлэх нь ойлгомжтой болчихсон байсан. Байр эзэлсэн бусад багуудын хувьд бүгд оноо нь их ойрхон явж байсан. Маш их өрсөлдөөнтэй болсон.

-Зорилгодоо хүрэхэд хэр ойртсон гэж харж байна вэ?

-Миний ойрын зорилго анх мэргэжлийн тамирчны гэрээ хийх байсан. Тэр маань биелээд гэрээгээ ч хийсэн. Дараа нь ойрын хэдэн жилдээ дээд лигтээ тоглоно гэдэг зорилго тавьсан байсан. Тэгээд биелсэн. Ер нь тавьсан зорилгоо жил жилээр биелүүлээд явж байгаа. Энэ бол дөнгөж эхлэл нь л гэж ойлгож байгаа. Энэнээс илүү ихийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.  

-Хөл бөмбөгийн ногоон талбайгаас буцах, няцах үе байсан уу. Яаж өөрийгөө хурцалдаг вэ?

-Гэрээсээ гараад 2 жил хагас болж байна. Хол байхад эвгүй болох үе байдаг л юм. Яг ингээд тоглоод явж байх үед одоо ингээд больё гэх үе мэдээж байсан. Зүгээр л Монголдоо очоод тайван амьдарлаар амьдаръя гэж бодогдох үе ч зөндөө байсан. Хүний нутагт гэрээсээ хол, бэлтгэл сургуулилт нь хүнд юм шиг санагдаад ирэх үед би Монголынхоо нэрийг гаргаж явах хүн шүү. Миний дараа гарч ирэх дүү нар олон байгаа учраас тэдний итгэлийг алдаж болохгүй. Тэдэнд ч бас хүсэл тэмүүлэл, ирээдүйн амжилтад нь нөлөөлөхийн тулд зорилгоосоо ухарч болохгүй гэж өөртөө хэлдэг.  Дүү нартаа Монгол хүн Европт гараад амжилт гаргаж болдог шүү гэдэг итгэл өгмөөр байна. Ардаас яг бодол зулгаагаад байдаг учраас ерөөсөө буцаж чадахгүй, чигээрээ л зүтгэсэн. Ганцхан өөрийгөө бодоод байж болохгүй шүү дээ.

-Хэр зарчимч вэ?

-Би ийм тийм байх ёстой гээд байдаг нэг их  зарчимч хүн биш ээ. Харин тамирчин  болсны дараа хорих зүйл их байдаг учраас бага зэрэг баригдмал болдог гэх юм уу. Жишээлбэл, тэмцээний бэлтгэлээс гадна найзуудтайгаа тоглож байгаад бэртчихвэл мөнгөн торгуультай байдаг. Архи, тамхи хэрэглэж, их унтаж болохгүй, ойролцоогоор 8 цаг орчим унтаж амардаг гэх зэрэг зүйл байна.  

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Тэмцээнгүй, бэлтгэлгүй байх үед чинь хаанаас олж болох вэ?

-Чөлөөт цаг гарах л юм бол өөрийгөө уйдаахгүй байх зүйлсийг хийдэг. Теннис, бильяард, сагс тоглодог. Ихэвчлэн чөлөөт цагаа найзуудтайгаа сагс тоглож өнгөрөөдөгг болохоор намайг шууд л сагсны талбайгаас олох байхдаа. /инээв/ Чөлөөт цагаараа дандаа сагс тоглодог. Хөл бөмбөг гэхээсээ илүү сагс тоглож өнгөрүүлдэг гэхэд болно.

-Алдсан эрч хүсээ юугаар нөхдөг вэ?

-Эрч хүчээ найзуудаасаа л нөхдөг дөө. Найзуудтайгаа уулзаад ярилцаад суухаар сэргээд цаанаасаа л гоё болдог.

-Тусгаарлалтаас гараад хамгийн түрүүнд хэн дээр очих вэ?

-Намайг хамгийн их хүлээсэн хүн ээж маань. Ээжтэйгээ 2 жил хагас уулзаагүй болохоор ээж дээрээ л хурдан очмоор байна.

Анх тэнцчихээд Монголоос Унгар руу явах болоход онгоцны тасалбар дуусчихсан. Би бараг явахааргүй болчихлоо гэж бодож байсан. Тэгсэн ээж яаж гэдгийг нь мэдэхгүй надад тасалбар аваад ирсэн. Тэр үед ээждээ маш их баярлаж,  гайхах баярлах давхцаж байсан.

-Ирээдүйн мөрөөдөл чинь юу вэ?

Хөл бөмбөг гэсэн жижиг юм мөрөөдөхгүй ээ. Миний хувьд гэр бүл хамгийн нандин, хамгийн үнэтэй зүйл. Тийм учраас гэр бүлтэйгээ эрүүл саруул тайван амьдрах л миний мөрөөдөл. Амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийг өөрөө зохиож  гэр бүлтэй болоод, сайн аав болж сайхан өнгөрүүлнэ л гэж мөрөөддөг дөө. /инээв/

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсье.

-Баярлалаа

Төстэй мэдээ