Л.Ганболд: Нурангиас олон сарын дараа ч хүүхдүүд амьдаараа олдож байсан

Одоогоос 33 жилийн өмнө 1988 оны 12-р сард Армени улсад 10 баллын хүчтэй газар хөдлөлт болж 30 секунтын дотор Спитак хот болон ойролцоох 58 тосгон, суурин газрууд балгас болж, 25 мянган хүн амиа алдаж байсан гашуун түүх бий. Монголоос тус улсад тусламж дэмжлэг үзүүлэхээр барилгачин, инженер болон цэргийн алба хаагчдаас бүрдсэн 64 хүний бүрэлдэхүүнтэй  баг 2 жилийн хугацаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн билээ. Тэдний  нэг ахмад дайчин Лувсанжамбаагийн Ганболдтой ярилцлаа.

-Анх Армени улсыг зорьж байсан түүхээсээ хуваалцаач?

-Бид 1989 оны наймдугаар сард анх Армени улсыг 64 хүний бүрэлдэхүүнтэй Хөдөлмөрийн баатар н.Цээхээ гэдэг хүний удирдлага дор барилгачид, цэргийн ангийнхан нийлээд эхний ээлж нь болоод зорьж байлаа. Голдуу цэргийнхэн байсан. Очоод байрлах газаргүй учраас Монголоосоо 21 гэр авч очоод, барьж, цэргийн казарм шиг байрлаж байлаа.

-Мэдээж газар хөдлөлт болсон улсад очиход хүндхэн дүр зураг угтсан байх?

-Бид газар хөдлөлт болсноос жилийн дараа очсон учраас нөхцөл байдал нь харьцангуй гайгүй байсан байх. Сүйрсэн хотын оршин суугчид бүгдээрээ энд тэнд түр оромжид хорогдож байсан. Түр оромж нь хүрэлцээ муутай бүгдээрээ шавааралдчихсан. Зарим нь гадаа байрлаад яг л дүрвэгчид шиг байдалтай байсан. Чийглэг газар учраас өвөлдөө их л жиндүүхэн, өвлийн хүйтэнд тэндхийн хүмүүс хатуу, хүтүүг үзэж, их эвгүй дүр зураг биднийг угтсан даа. Хоёр ч том хот нь сүйрсэн учраас нийтдээ 25 мянган хүн нурангид дарагдаж амь үрэгдсэн байсан. 1988 онд газар хөдлөхөд өглөө ажлын цаг таарч байсан учраас сургууль, цэцэрлэг дээр байсан багш нар, хүүхдүүд бүгд дарагдсан. 

Балгас болсон сургууль, цэцэрлэгийн гадна хүүхдүүдийн цүнхнүүдийг нь овоолчихсон. Эцэг, эхчүүд нь тэндээс нь хэрэглэж байсан эд зүйлсийг нь түүгээд, амьд олдож магадгүй гээд гадаа самбар дээр хүүхдүүдийн нэр, зургийг нь хадчихсан. Энд тэндгүй самбар хадсан байсан. Тэрийгээ байн байн эргэж тойроод зарим нь сахиад сууж байдаг байлаа.  Дайны үеийн хот шиг их хэцүүхэн байсан.

Балгасан дундаас аврагчид, эрэлч нохдоор эрэн хайх үйл ажиллагааг тасралтгүй хийдэг байсан. Зөндөө хүүхэд сарын дараа ч амьд олдож байсан. Нурангинаас нийтдээ 2000 гаруй хүнийг амьд олсон.

Сүүлд Армени найз маань газар хөдлөлт болсны дараа краз машинаар замаа зассаар байгаад гэртээ яваад очтол гэр нь байхгүй, тэр чигтээ хавтгай болсон байсан. Гэр бүлийнхэнээ ч олоогүй, өнгөрсөн гэж надад ярьж байсан. Тун хэцүү. 

-Монгол Улсаас бүтээн байгуулалтын ажилд туслахаар очсон гэдэг байх аа?

-Олон хүүхэд амьд үлдсэн байсан. Тийм болохоор бидэнд "сургууль, цэцэрлэг барь" гэсэн чиглэл ирсэн. Тэгээд сургууль, цэцэрлэгийн барилгыг зэрэг эхэлж, яаравчлан ажилдаа орсон. Шинэ хотыг барихаар бүх зүйлийг нь л шинээр эхлүүлсэн. Хоёр жил орчмын хугацаанд зуны 42 хэмийн халуун, өвөлдөө 10 хэмийн хүйтэнд 240 хүүхдийн цэцэрлэг, 440 хүүхдийн сургуулийг ажралгүй барьж, арменчуудад хүлээлгэн өгч байлаа.

-Их хүнд нөхцөлд ажиллаж байсан гэсэн. Тоног төхөөрөмж, бараа материалын дутагдал их байсан уу?

-Тоног төхөөрөм, материалын дутагдал маш их. Монголоос Армений газар нутаг хол шүү дээ. Гэсэн ч бараа материалаа монголоос вагоноор зөөнө. Тэгэхэд чинь л сар гаруй хугацааны дараа ирэх жишээтэй. Заримыг нь ч байгаа газраасаа авна. Гэхдээ л олон барилга зэрэг эхэлсэн учраас хүрэлцээгүй, өөрсдөө л болгож байсан. Барилгын тоног төхөөрөмжүүд нь үйлдвэрүүдтэйгээ хамт сүйдчихсэн. Тиймээс тоног төхөөрөмжүүдээ хүртэл бид өөрсдийн гараар хийж, барилгын ажлаа үргэлжлүүлдэг байсан. Тухайн үед Монгол инженерүүд, барилгачид ур чадвараа тэнд үнэхээр гайхуулж байсан шүү. Маш сайн барилгачин, инженерүүд ажилласан. Арменичууд ч бидэнд ихэд хүндэтгэлтэй ханддаг байсан. 

Монголд хийж байгаагүй шинэ технологиор манай барилгачин, инженерүүд тэнд ажилласан шүү дээ. Байгалийн чулууг өөгүй тэгшхэн зүсэж, зайгүй өрж хийж байгаа юм. Нэг талаар байгаа нөхцөлдөө тааруулаад л хийж байсан хэрэг. Арменичууд ч их баяртай, монголчуудаар бахархана. Бидний байсан нутгийн хүмүүс маш сайхан хүлээн авч, дайлж цайлсан, эелдэг хүмүүс байсан.

-Хоёр жил орчмын хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн холбогдож байв?

-Тэнд байх хугацаанд захиа л бичнэ. Бичсэн захиа нь сар гаруйн дараа л ирнэ. Монгол Армений хооронд зөөж явсаар тэгж уддаг байсан. Тухайн үед захиа бичихээс өөр ойлголт байхгүй. Утсаар ярих ямар ч боломж, бололцоогүй байлаа. Би чинь гурван хүүхдийн аав болчихсон, тэднийгээ, гэр бүлээ орхиод л Арменид очиж байлаа ш дээ. /инээв/

Нэг Армени залуутай танилцсан маань Холбооны инженер байж таарсан. Намайг дагуулж Нирван гэж хот руу аваачиж, гэрлүүгээ ганц удаа залгаж ярих боломж гараад тэр үедээ гэрийнхэнтэйгээ утсаар ярьж, нар маань ганц гарч билээ. /инээв/

-Арменид та нараас өөр монголчууд байсан уу?

-Нийслэл Нирван гэж хотод хөгжмийн сургуульд нь манай монгол оюутнууд сурдаг байсан. Нөгөө хэдийгээ урьж цагаан сар, шинэ жилээ тэдэнтэй нийлж тэмдэглэдэг байлаа. Их л дурсамжтай.

-Монголоос өөр хичнээн орноос гадаад иргэд очиж ажиллаж байсан бэ. Ажиллах нөхцөл хүнд байсан учраас монголчуудаас бусад нь бүгд нутаг буцаж байсан гэсэн үнэн үү?

-Монголоос өөр олон орны хүмүүс ажиллахаар ирж байсан. Дэлхийгээрээ л хөдөлж, Армени улсад тусламж явуулж, дэмжиж байсан. Тэр дундаас толгойлж туслалцаа үзүүлсэн нь Монгол, АНУ, Франц, Нидерланд зэрэг хэд хэдэн орон байсан.

Зарим улсаас ирсэн гадаад иргэд нь буцаж байсан байгаа. Харин Норвеги, Германаас ирсэн эрэлч нохойнууд нь үлдэж дарагдсан хүмүүсийг олоход маш их тусалсан.   

-Та бүхэн 1988 онд яваад хоёр жил болсон гэхээр нийгэм өөрчлөгдчихсөн байжээ дээ. Хэрхэн өөрчлөгдсөн байсан бэ?

-Яг үнэнийг хэлэхэд Монголд ирэхэд яг эзэнгүй айл шиг болсон байсан. Биднийг хариуцаж явуулсан дарга нар, сайд нарын зөвлөл бүгд л байхгүй болсон байсан. Бид ч тэндээс эх орондоо ирэх гэж зардал мөнгөгүй, өөрсдөө аргалаад л ирж билээ. Авч явсан гэрүүдээ буцаагаад авчрах байсан ч Монголд цаг үе хүнд байсан учраас бүгдийг нь үлдээсэн. Арменид очсон албан үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэн дээ л бахархаж сууна.

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа

Төстэй мэдээ