Т.Мөнхбаяр: Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилснаар гардаж ажилласан

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр: Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилснаар гардаж ажилласан

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяртай цөөн хором ярилцлаа.

- Төрийн өмчийн Салхитын мөнгөний ордыг үр ашигтай ашиглах менежмент хийснээр байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн анхны төсөл болсон. Уул уурхайн баялгийн үр шимийг ахмад настнуудад, иргэдэд хүртээх бодит боломжийг олгосон танай хамт олонд баяр хүргэе.

-Баярлалаа. Анх 2019 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга намайг дуудаж, “Ийм орд байна. Энэ орд Монголын хууль хүчний байгууллагыг хооронд нь талцуулж, будлиан үүсгэж байна” гэдэг асуудлыг тавьж байсан. Уг ордыг зөв зохион байгуулж, ард түмэнд үр өгөөжтэй болгож болох уу гэж байлаа. Энэ тал дээр бид хоёр санал солилцож байсан. Үүн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч бодлого, шийдвэр гаргаад явбал болох байх гэж би өөрийнхөө санаа бодлыг хэлж хамгийн анх эхэлсэн. Салхитын мөнгөний орд нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрладаг. 2019 оны 12 сард “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Захирлын албан тушаалд томилогдож, ажлаа аваад техник, эдийн засгийн үндэслэл болон бусад зүйлсийг боловсруулсан.

Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилснаар гардаж ажилласан. Энэ хүрээнд нийт 468 гаруй мянган ахмадын асуудлыг шийдсэн байна. Үүнээс 230 гаруй мянган ахмадыг 6 хүртэлх сая төгрөгийн өр зээлийн дарамтаас гаргаж, нурууг нь тэнийлгэжээ. Мөн 238 мянган ахмадад сая төгрөг олгож, нийт 468 гаруй мянган ахмадын асуудал, бэрхшээлийг бодитоор шийдсэн байна.

-Ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байв?

-Энэ хугацаанд маш олон бэрхшээл тулгарч байсан. Нэн тэргүүнд цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа олон удаа зогсож байлаа. Монгол инженерүүд болон хамт олныхоо ур чадвараар энэ болгоныг даван туулж чадсан.

Монгол Улсын төр, засаг маань итгэж, энэ том ажлыг эхлүүлсэнд маш их баяртай байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн хүрээнд уг ажлыг амжуулж хийж байх үед хүндрэлтэй тал ч их байна, давуу тал ч их байна. Манай хамт олон болон “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн хамт олны зүгээс ахмадууддаа байгалийн баялгийг тэгш хүртээх зорилгын хүрээнд маш сайхан, буянтай ажил хийж байгаа болохоор ажлаа нэр төртэйгөөр сайн хийхийг дор бүрнээ хичээсэн дээ.

- Монгол Улсын нийт ахмад буурлуудын тэтгэврийн өрийг тэглэх, ард түмэн баялагтаа эзэн болох, баялгийнхаа үр шимийг хүртэх хөрс суурийг тавихад хувь нэмрээ оруулсныг тань төр засаг өндрөөр үнэлэх гол шалтгаан боллоо гэж харж байна. Ахмадуудын тэтгэврийг тэглэхэд Салхитын мөнгөний ордоос хичнээн төгрөг зарцуулсан бэ? Албаны хүний хувьд нарийн тоон мэдээллээс дурдахгүй юу?

-Ерөнхийдөө хуулийн дагуу хоёр үндсэн үе шаттай ажил явагдсан. Хамгийн нэгдүгээрт бонд босгох замаар тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэсэн. Хоёр дахь үе шат бол нийт тэтгэврийн зээлгүй иргэдэд 1 сая төгрөг олгох асуудал дээр 220 орчим тэрбум төгрөгийг бид дансандаа цуглуулсан. Сая хуулийн хэрэгжилтийн хугацаанд 5 сарын 21-нээс иргэдэд 1 сая төгрөг зээл аваагүй ахмадуудын дансанд орж эхэлсэн. Үүнд нийтдээ 216 тэрбум төгрөг зарцуулсан.

- Монгол Улсын иргэн баялагтаа эзэн, баялгийнхаа үр шимийг хүртдэг байх ёстой. Энэ үзэл санааны хамгийн эхний бодит биелэл, үр дүн нь Салхитын мөнгөний орд гэж харж байна. Тэтгэврийн зээлийн дарамтад орсон, амьжиргаа нь хүндэрсэн ахмадуудыг анхаарч, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх санаачлагыг гаргасан. Үүний дагуу 2019 онд ҮАБЗ зөвлөмж гарч, Салхитын мөнгөний ордыг түшиглэн бодит ажил хэрэг болсон түүхтэй гэдэг

- Энэ бүгдийг харуулж чадсандаа би маш их баяртай байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зөв менежментийн дагуу том биш жижиг ордыг ийм үр өгөөжтэй ажиллуулж болдог гэдгийг харуулсан том үйл ажиллагаа болсон. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн дагуу энэ бүхэн маань бодит ажил болж хүмүүст бодитоор харагдаж, хүрч чадсан ажил боллоо. Дахиад хэлэхэд энэ ордын үр шимийг нийгэмд хүртээж чадаж байгаа юм чинь бусад маш олон төрийн өмчид байдаг том том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар баялгийн сан болон ирээдүйн Монгол Улсын хөгжлийн төлөө, төмөр замын бүтээн байгуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт , боловсролын салбарын бүтээн байгуулалтын төлөө, улс эх орны хөгжлийн төлөө зарж болдог юм байна гэдгийг бодитоор харуулсан үйл явдал болсон.

- Салхитын мөнгөний ордыг үр ашигтай ашиглах менежментийн талаар таны байр суурь, хэтийн зорилтыг сонирхъё? Цаашид энэ орд Монгол Улсын эдийн засаг, ард түмэнд ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

-Салхитын мөнгөний ордын хүрээнд 5 жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийн тэтгэврийн зээлийн өрийг тэглэх том үүрэг хүлээсэн байгаа. Одоо тэр хууль батлагдаад 1 жил гаруйхан хугацаа өнгөрч байна. Маш богино хугацаанд их ажлыг хийж амжууллаа. Цаашид Салхитын мөнгөний орд маань үүн рүүгээ чиглэсэн ажлаа хийгээд, хүлээсэн үүргээ биелүүлээд дуусах байх. Энэ мэтийн маш олон орд бий. Эдгээр ордыг зөв зохион байгуулж чадвал үндэсний баялагтаа эзэн болж, баялгийн сангаа өшөө арвижуулж, эх орныхоо хөгжил, цэцэглэлт бүтээн байгуулалт руу нэмэр болж чадна гэдгийг бодитоор харууллаа.

-Баярлалаа.

Төстэй мэдээ