Х.Баттулгын боломж НӨХӨН СОНГУУЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль болж, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан. Ингэснээр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч болж буй. Харин тун удахгүй халаагаа өгөх тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга хаачих бол гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.

Тэгвэл мань хүн ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ болсон ч улстөрөөс ХОЛДОХГҮЙ нь ээ. Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр сууринаас сүүлийн ярилцлагаа өгөхдөө “би улстөрийн нүхээ ухчихсан” гэдгээ сэм мэдэгдсэн. Тодруулбал, "Өөрийн эрхээсээ татгалзсанаар Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн", "Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй болсондоо харамсахгүй байна", "У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцроход харамссан", "У.Хүрэлсүхэд нэг давуу тал бий. Ямар нэгэн байдлаар уул уурхайн бүлэглэл рүү  гар дүрээгүй" хэмээн ярьсан.

Ухаж ойлговол МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуульд өрсөлдөх бүх боломжийг хаасан ч тэр ГОМДОХГҮЙ байгаа гэнэ. У.Хүрэлсүхэд ТАЛТАЙ үг хэлсэн нь Х.Баттулгаар “овоглогдож” явдаг МоАХ-ны дэмжлэг У.Хүрэлсүхэд очсон гэсэн үг.

Ингэснээр төрийн бүх эрх мэдлийг гартаа авсан МАН ирэх 10 дугаар сард болох УИХ-ын 28 дугаар тойрог буюу СХД-т одоогийн хотын дарга Д.Сумъябазарын оронд нөхөн сонгуульд “зөөлөн хоол шидэж өгч” Х.Баттулгатай өрсөлдүүлэх аж.

Түүгээр ч зогсохгүй тэд ингэж л биесээ дэмжин, хэн хэнтэйгээ муудалцаагүй гэдгээ олон нийтэд харуулахыг хүсч байгаа биз ээ.

Төстэй мэдээ