Дахин төлөвлөлт гэх ДЭЭРЭМ

Дахин төлөвлөлт гэх нэрийн дор иргэдээр даажигнаж, тэднийг өрөнд оруулж нэг үгээр хэлбэл бараг ДЭЭРЭМ хийж байна.

Ингэж хэлэхийн учир нь Үйлдвэрийн район гэгдэж байсан Хан-Уулд дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт оршдог “Нэхмэлийн шар” байруудыг буулгаж оронд нь 16 давхар орон сууц сүндэрлүүлэхээр болоод байгаа. “Сүүлчийн Могикан” гэдэг шиг  хэдхэн хоногийн өмнө хамгийн сүүлийн айлууд нүүж уг барилгыг буулгаж эхэлсэн байдаг. Гэтэл хэдэн үеэрээ дамжин амьдарч байсан байраа  байраар сольж байгаа хэрнэ айлууд 12-З6 сая төгрөгийн өрөнд оржээ.  Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон хэд хэдэн иргэн манай сайтад хандсан юм. 

Бидэнд ирсэн мэдээллээр 4 байрны нийт 100 гаруй айлын байрын газрыг барилгын компани авч суурин дээр нь барилга барихаар айлуудтай гэрээ хийсэн байдаг. Ингэхдээ байрны М2-ын үнийг 2.200.000 төгрөгөөр тооцсон аж. Тэгвэл 4 орон сууцны суурин дээр 16 давхар 3 орон сууц барих бөгөөд зөвхөн нэгд нь л “Нэхмэлийн шар”-д амьдарч байсан 100 гаруй өрх айл багтаж цаана 230 гаруй байр үлдэх бөгөөд тэрхүү байруудаа М2-ыг нь 3 сая төгрөгөөр үнэлжээ. Эндээс өнөгц харахад л маш их ашгийг тус компани олчхож байгаа юм.  

Үүнийг өгүүлж буйн учир нь дахин төлөвлөлтөд ТӨР ЗАСГААС АНХААРАЛ ТАВИХГҮЙ БОЛ барилгын компаниуд ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ нэрээр иргэдийн орон сууцыг газартай нь авч байгаа хэрнэ энэ мэтээр ДЭЭРЭМ хийж хүнд хэцүү цаг үед сөхөрөх дөхөж  байгаа ядарсан ард иргэдийг өрөнд оруулж байна.  

“Нэхмэлийн шар” байруудад амьдарч байсан иргэдээс тэр мөнгийг төлөөд орох чадалтай айлууд тун цөөн бөгөөд 80 хувь нь дунджаас доогуур амьдралтай өрхүүд байдаг.

Ерөнхий сайд саяхан СХД-т ажиллаж байхдаа  “Дэд бүтцийг нь төрөөс хариуцана. Барилгыг нь хувийн компаниудаар бариулна” гэж хэлнэ билээ. Гэхдээ төрийн ажлыг хийж байгаа хувийн компаниудад барилгын М2-ын үнийг тогтоож өгөхгүй бол “АРМАТУР ТӨМРИЙН ҮНЭ ӨССӨН” гэх шалтгаанаар тэнгэрт тулсан үнэ хэлж цар тахлын үед тартагтаа тулахдаа дөхөөд байгаа ядарсан иргэдээ улам туйлдуулж байгаад АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ.

Тэгээд ч Дахин төлөвлөлт” бол ТӨРИЙН АЖИЛ. Тиймээс төр үүнд оролцож үнийн хувьд зохицуулалт хийж өгөхгүй бол хувийн компаниуд энэ мэтээр ДААМ ГАРСААР байх нь.

Төстэй мэдээ