МАН-ын маапаан одоо ЭХЭЛНЭ
Batkhuyag Battumur Battumur sent Today at 10:49 AM

МАН 12 жилийн хугацаанд буюу 2009 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал нь хүлээж ирсэн нь ТАСАЛБАР болж, 100 жилийн ойтойгоо золголоо. Гэвч тэдний “томчууд” баярлах болоогүй ээ.

Бялуугаа хуваах том ДАЖИН нь эхлээгүй байна. Тэд одоо бултаараа хөдөлгөөнд орно. Мэдээж У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөхтэй зэрэгцэн Тамгын газраа байгуулна. Тэнд хэн хэн ШИНГЭХ вэ.

Одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Шадар сайд асан Я.Содбаатар, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр нарын нэр яригдаж байгаа. Ихэд ойрын хүмүүс нь гэхдээ олон нийт хэнийг хүсч байна вэ гэдгээс нь шалтгаалж сонголт хийгдэх бололтой. Учир нь У.Хүрэлсүхийн хоёр шадарлагч хоёулаа ЖДҮ-тэй нэр холбогдож явсан бөгөөд түүнийг Ерөнхий сайд байхад тэрхүү муу нэрээ хусахын тулд Шадар сайд болон Л.Оюун-Эрдэнэд зөвлөж коронавирусын үед “чөмгөө дундартал” зүтгэсэн. Тиймээс мань хоёрт боломж бий гэж намынхан нь ярьж байгаа аж. Тэр ч утгаараа Я.Содбаатар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болбол Ж.Энхбаярыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад томилох тухай яриа гарчээ.

Мэдээж У.Хүрэлсүхийн хувьд МАН-ын даргаас гадна Ерөнхий сайд байсан учраас гар нийлж хамтарч явсан зөвлөхүүд болон бусад ойрын хүрээнийхнээ багтаа багтаахаар ярьсан байна. Тодруулбал, А.Үйлстөгөлдөр, Я.Төмөрбаатар, Л.Алтангэрэл, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан нарын нэр яваа аж.

Түүнчлэн У.Хүрэлсүх МАН-ын даргын ажлаа бас өгнө. Төрийн эрхэнд бүхэлд нь заларсан МАН-ыг хэн УДИРДАХ вэ гэдэг асуудал ч сөхөгдөнө. МАН-д залуусын үе эхэлсэн гэдэг нь өнгөрсөн УИХ-ын сонгуулийн нэр дэвшилтээс харагдсан. Одоо бүр ч залуужиж, генсек Д.Амарбаясгалангийн тактик ямар амжилт авч ирснийг дор бүрнээ ярьж байгаа. Гэхдээ 100 жилийн түүхтэй намын даргад Д.Амарбаясгалан балчирдана гэх нэг нь ч байгаа гэнэ. Мань хүний хувьд намын даргын суудлыг авбал, хуулийн дагуу ажиллах талаар ам алдсан ч сураг дуулдах болов.

Тодруулбал, УИХ-ын сонгуульд олонх болсон намын дарга Ерөнхий сайд байх хуулийн заалт бий. Гэхдээ улстөрийн намууд үүнийг аль хэдийн үгүй болсон мэт аяглаж ирсэн. Тэр ч утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргад жулдана, харин ч энэ суудалдаа үлдэх үү гэдэг асуудал зэрэг яригдах болж. Л.Оюун-Эрдэнийн хувьд ч бараг л өөр юм руу зүтгэж байхаар “муу юм холуур” гэсэн шиг аниргүй байхыг эрмэлзэх болжээ. Ингэхээс аргагүй, одоогийн Засгийн газрыг хөдөлгөөнд оруулах эсэх нь цаг хугацааны л асуудал байсан.

Юутай ч МАН-ын хувьд дотроо хэчнээн “алалцаж” байсан ч шаардлагатай үед эвлэлдэж чаддаг гэдгээ сая Ерөнхийлөгчийн сонгуулиар харуулсан. Яг тэр утгаараа одоо дотоод зодооноо эхлүүлэхээр өөр хоорондоо, өрөө өрөө хэсэн яриа, тохироогоо хийж явна.

Төстэй мэдээ