Байшин бариад хөнгөлөлттэй зээлд хамрагдаарай

2013 оноос хойш ердөө 179 иргэн л амины орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байдаг. Гол нь тухайн амины орон сууцны чанар ямар байх талаарх  стандарт гэж байгаагүй. Тиймээс банкуудын зүгээс энэ төрлийн зээлийг төдийлэн олгодоггүй, олгохоос татгалздаг болохоор өнөөг хүртэл маш цөөн иргэн хамрагдсан хэрэг.

Иргэд хэдий амины орон сууцанд амьдрах хүсэлтэй ч энэ төрлийн зээл олгодоггүй учраас ипотекийн зээлд хамрагдаж, барилгын компаниудын өндөр ханш, банкны зээлийн хүүнд дарлуулан амьдарч байна.

Харин үүнийг зохицуулахаар “Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлэхээр болсон. Үүнийг нь Сайдын зөвлөл ч дэмжсэн. Энэхүү журам нь хэрэгжиж эхэлснээр амины орон сууцыг ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах боломж нэмэгдэх юм.

Ингэснээр иргэд амины орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцанд амьдарснаас дутахааргүй, амьдрах орчин нөхцөл нь ч өөрчлөгдөх  боломж бүрдэх нь гэж харж байна.

Харин тус журамыг иргэд, аж ахуй нэгж байгууллагын хүсэлтийн дагуу ипотекийн зээлд хамруулах зураг төсөлтэй амины орон сууцны барилга угсралтын ажилд үе шатны хяналтыг хэрэгжүүлэх, тэдэнтэй захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх гэрээ байгуулах, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах аж.

Тус журмыг иргэдэд чиглүүлсэн бодлого төлөвлөлтөөр хэрэгжүүлээд эхэлбэл олон айл өрх орон сууц гэхээсээ илүүтэйгээр амины орон сууц сонгох нь мэдээж.

Төстэй мэдээ