Үер, усанд автсан дуудлага нэмэгдэж байна

Онцгой байдлын ерөнхий газарт сүүлийн өдрүүдэд үер, усны аюулд өртсөн дуудлага ихээр иржээ. Тухайлбал өнгөрсөн хоногт:  

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг Найрамдал 7 дугаар хэсгийн задгайд “Хараа” гол үерлэж нэг айл усанд автсан тухай дуудлага ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид иргэн А-ын хашаа усанд автсан байсан төдийгүй   2 том хүн, 4 хүүхдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна. 

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар багийн Гүнтолгой гэдэг газар нэг айл, 500 бог, 30 бод мал “Ерөө” голын үерийн усанд боогдсон тухай дуудлага ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн алба хаагчид, Ерөө сумын байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан ажилтнууд “Ерөө” голоор гаргах арга хэмжээ аван ажиллаж байна.

Тухайн өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн “Үнэглэг хэсэг” гэдэг газар 4 айл, 374 бог мал “Хараа” голын үерийн усанд боогдсон тухай дуудлагын дагуу сумын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Т, Г, Т нарын гэр бүлийн 8 том хүн, 6 хүүхэд, 374 бог мал, 3 гэрийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар багийн “Дэнжийн Гацал” гэдэг газар нэг айл “Ерөө” голын үерт автсан тухай дуудлагын дагуу ажилласан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн алба хаагчид иргэн Э, О нарыг 1 цаг 18 минут ажиллан аюулгүй газар гаргажээ.

Тиймээс ОБЕГ-аас бороо, ус ихтэй үед иргэдийн үер, усны аюулаас анхаарал болгоожмтой байхыг АНХААРУУЛСААР байна. 

Төстэй мэдээ